1
АНУ, Невада дахь цөмийн туршилтын төв
Дэлхий дээрх цөмийн бөмбөгийн хамгийн том туршилтын төв бол Лас Вегасаас 130 километрийн зайд, Нэгдсэн улсын зүүн өмнөд хэсэгт орших Невада мужид байрлах туршилтын төв юм. Энэхүү төвд 1951-1992 онуудад нийт 928 удаагийн цөмийн туршилт хийгдэж байжээ. Алслагдсан цөлийн дунд орших энэхүү төв дээр туршилт явуулахад Лас Вегас хотын захын зочид буудлуудын цонхоор мөөгөн хэлбэртэй үүл шиг зүйл болон харагддаг аж.
1962 онд хийгдсэн Седан туршилтын уршигаар маш их хэмжээний цацраг идэвхт тоосонцор салхиар тархжээ. Үүнээс болж Нэгдсэн улс тэр чигтээ цацраг идэвхт тоосонцороор бүрхэгдсэн ба Чикаго хотод хүртэл тархсан байна.
Дараах зургаас Невада дах туршилтын төвд зөвхөн Америк биш, Англичууд 24 цөмийн туршилт хийж байсныг харж болно.
2
Номхон далайн Маршалл арал
Невадад хийж болохооргүй том, аюултай туршилтууд Номхон далайн өмнөд хэсэгт байх Нэгдсэн улсын эзэмшлийн Маршаллын арлуудын туршилтын төвд хийгддэг аж. Энэхүү бүст нийтдээ 106 удаагийн цөмийн туршилт явуулсан байна. Энд Хирошимад хаясан цөмийн бөмбөгнөөс 1000 дахин том, 15 мегатоны хүчтэй дэлхий дээрх хамгийн анхны устөрөгчит "Castle Bravo" бөмбөгийн туршилт хийгдэж байжээ. Тэнд хийгддэг туршилтаас цацраг идэвхт бодис ялгаран ойр хавьд нь амьдардаг иргэд, загасчдын эрүүл мэндэд маш муугаар нөлөөлсөн гэсэн мэдээлэл байдаг.
3
Казахстан дахь Семипалатинскийн туршилтын талбай
Зөвлөлтийн хамгийн том туршилтын төв байсан Семипалатинск нь Казахстаны нутаг дэвсгэр дээр байрладаг. Уг газар 1949 онд хамгийн анх цөмийн зэвсгийн туршилт хийснээс хойш 1991 он хүртэл нийтдээ 456 удаа цөмийн туршилт явуулсан байна. 1991 онд Зөвлөлт Холбоот улс бутран Казахстан тусгаар улс болсон байна. Өнөөдрийн байдлаар Семипалантинск нь цөмийн зэвсгийн хор нөлөөг судалдаг төв болсон бөгөөд олон нийтэд үүд хаалгаа нээлттэй болгосон аж.
4
Новая Земля арал дээрх туршилтын төв
ОХУ-ын 2 дахь том туршилтын төв Хойд мөсөн далайн Новая Земля арал дээр байдаг байв. Энд нийтдээ 224 туршилт хийгдсэний дотор Хирошимад хаясан цөмийн бөмбөгөөс 3000 дахин хүчтэй, АНУ-ын түүхэн дэх хамгийн том туршилтаас 3 дахин том, 50 мегатоны хүчтэй "Царь Бомба" гэх нэртэй асар хүчтэй цөмийн бөмбөгийн туршилт болж байсан аж.
5
Францын Полинези
Франц улсыг цөмийн туршилт явуулдаг байсан гэж барагийн хүн мэдэхгүй биз ээ. Франц улс 1960-1996 онуудад 217 туршилт хийсэн бөгөөд ихэнх туршилтаа Өмнөд Номхон далай дахь Полинезийн арлуудад, заримыг нь Хойд Африк дахь Алжирийн нутагт хийж байжээ. Номхон далайд хийсэн туршилтаасаа болж арлын эргэн тойрны ард иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулсан тул туршилтын төвийнхөө ойр орчмын талбайг цэвэрлэж, ариутгах, иргэдийн эмчилгээний зардалд ч нэлээдгүй мөнгө зарцуулахад хүрсэн байна.
6
Лоб нуурын туршилтын бааз
Хятадын засгийн газар 1964-1996 онуудад 45 цөмийн зэвсгийн туршилт хийсэн байна. 2009 онд Лоб нуурын баазын ойролцоо байсан иргэд цацраг идэвхт бодист хордон амь насаараа хохирсон гэсэн судалгаа гарчээ.
7
Австрали дахь Их Британийн уршилтын төв
Их Британи АНУ-тай хамтран Америкийн нутаг дэвсгэр дээр цөмийн туршилт хийснээс гадна 1952-1957 онуудад Австралийн хүн ам цөөн суурьшсан газар туршилт явуулж байжээ. Энэхүү алслагдмал газруудад нутгийн уугуул иргэд амьдардаг байсан бөгөөд тэд хамгийн анх орчин үеийн технологитой танилцсан нь цөмийн зэвсэг байж таарчээ.
8
Энэтхэг, Пакистаны туршилт
Энэтхэг, Пакистан улс 6 удаа цөмийн зэвсэг туршжээ. Тус 2 улс бусад улсууд шиг олон тооны зэвсэг туршаагүй ч цөөн хэдэн зэвсэг нь маш аюултай байх магадлалтай хэмээн судлаачид үздэг байна. Энэтхэг, Пакистаны хилийн маргаан 70 гаруй жил үргэлжилж байгаа бөгөөд 2 улсын аль аль нь цөмийн зэвсэг эзэмшдэг тул хилийн маргаан буруугаар эргэх тохиолдолд тун ч эвгүй нөхцөл үүсэх магадлалтай.
9
Хойд Солонгосын "Пунгери" цөмийн туршилтын төв
Хойд Солонгос бол өнөөдрийн байдлаар хамгийн сүүлд цөмийн бөмбөг туршсан орон болж байгаа. Хойд Солонгосын хамгийн анхны туршилт 2006 онд болж байж. 2006 оноос хойш "Пунгери" туршилтын төвдөө нийт 6 зэвсэг туршсан гэнэ. 2017 онд хийсэн томоохон цөмийн туршилтынхаа дараа Хойд Солонгосын засгийн газар дэлхий нийтийн аюулгүй байдлын үүднээс цөмийн туршилтаа зогсоохоо мэдэгдсэн байна.
Уг газрын зургаас харахад Өмнөд Америк, Антарктикаас бусад бүх тивүүд дээр цөмийн бөмбөгийн туршилт болж байж. Энэхүү дэлбэрэлт, тэсэлгээ, туршилтуудын ихэнхийг цөмийн их гүрэн гэгдэх Орос, Америк улсууд явуулжээ.