Коко нэртэй эмэгчин горилл нь Америк дохионы хэл ашиглан хүмүүстэй маш сайн ойлголцож сурсан бөгөөд өөрийгөө "хатан хаан" мэтээр илэрхийлдэг. Тэрээр "National Geographic" сэтгүүлийн нүүрийг хоёр ч удаа чимж байсан юм. Эхний зураг дээр Коко хүүхэд тэвэрсэн, дараагийн нүүр зураг дээр өөрийгөө толинд харж байгаад зургаа авч байгаа зургууд гарч байжээ.
Тэрээр энэ төрлийн амьтад харилцан ойлголцох өндөр чадвартай байдгийг олон хүмүүст таниулсан. Коко 1000 гаруй дохиогоор 2000 гаруй Англи үгнүүдийг ойлгон, хариулах чадвартай байв. Гэвч зарим шүүмжлэгчид түүний ойлгож байгаа эсэх нь эргэлзээтэй, зүгээр л эзнийхээ үйлдлийг дуурайдаг байж магадгүй гэж үздэг.
2001 онд Коко жүжигчин Робин Уильямстэй уулзаж байсан бөгөөд түүнийг нас барсан тухай хэлэхэд их гуниглаж байсан талаар мэдээ гарч байв. Коко Робин Уильямсыг санаж байсан болов уу? Санаж байгаа эсэхийг нь мэдэхгүй ч тэд уулзахдаа инээлдэж байсан аж.
Энэхүү төрөл зүйлийн гориллууд Африкийн баруун хэсгийн нам дор газруудаар өргөн тархсан байдаг. Харин Коко горилл нь 1971 оны 7 сарын 4-ний өдөр Сан Францискогийн амьтны хүрээлэнд төржээ. Анхандаа түүнд Ханабико буюу “галын наадмын хүүхэд” гэсэн утгатай Япон нэр өгсөн боловч Коко гэж дууддаг болжээ. Түүнийг нэг настай байхад нь Францес Патерсон гэх амьтны сэтгэл судлаач эмэгтэй дохионы хэл зааж эхэлсэн байна.
1976 онд Патерсон хэдэн мянган доллар босгон Коког үрчилж авсанаас гадна тэрээр Калифорны Рэдвүүд хотод зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор "The Gorilla" санг байгуулжээ. Тэр цагаас хойш Коко, Патерсон нар 42 жилийг хамт өнгөрөөсөн юм.
Түүхэн дэх хамгийн урт хугацаанд хүн, бич 2 хамт амьдрахаас гадна сармагчны хэл сурах чадварыг судалсан энэхүү туршилтыг "Коко төсөл" хэмээн нэрлэдэг. Кокогийн сурах, харилцах чадвар дээр үндэслэн бүх гориллд дээрх чадвар бий гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Коко хайр татам сармагчин байсан бид түүнийг бид их л үгүйлнэ дээ хэмээн Горилл сангийнхан харуусаж байсан юм.
127 кг жинтэй горилл маань мууранд дуртай байж. Кокотой ойр ажилладаг байсан судлаачид түүнийг 3 бяцхан муужгай, гуталт муур зэрэг зургуудад дуртай гэсэн байна. Нэг удаа түүнд чихмэл муур өгөхөд тэрээр нэг их тоогоогүй аж. Иймэрхүү үйлдлүүдээрээ тэрээр хүмүүсийн зүрх сэтгэлд хүрдэг байлаа.
"Горилла" санд ажилладаг биологич Рон Кон 1985 онд Лос Анжелес Таймс сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Кокод чихмэл тоглоом өгөхөд дургүй байсан. Дургүй байгаагаа илэрхийлэхийн тулд тоглоомыг үл тоосон. Нэг их удалгүй Кокод төрсөн өдрөөр нь хаягдсан муурын зулзага олж өгөхөд маш их баярлаж байгаа нь нүднээс нь харагдаж байсан" гэжээ.
Коко муурын зулзагыг өөрийнхөө хүүхэд мэт хайрлан асарч, тэвэрч байсан бөгөөд “All ball” гэх нэр өгчээ. Заримдаа Коко буруу зүйл хийх үедээ муурын зулзагыг буруутгадаг байж. Нэгэн удаа Коко ханан дах төмөр угаалтуурыг унагасан бөгөөд “муур ингэсэн” гэж байгаа бололтой муур руу зааж байжээ.
Кокогийн муурын зулзагаа тэврэн авахуулсан зураг нь дэлхий даяар тархаж, олон хүмүүсийн хайрыг татсан юм. Гэвч тун удалгүй муурын зулзага машинд дайруулан үхсэн бөгөөд Паттерсоны хэлснээр "Муурын зулзагыг үхсэн талаар Кокод хэлэхэд тэрээр муур, уйлах, харамсаж байна, Коко хайртай" гэсэн үгнүүдийг дохионы хэлээр илэрхийлсэн гэнэ.
Дундаж горилл 35-40, зарим тохиолдолд 50-аас илүү насалдаг байна. Харин Коко харьцангуй урт насалсан юм. Тэрээр ихэнх цагийг дохионы хэлээ давтаж өнгөрөөх ба бусад үед алим, самар, эрдэнэ шишээр тоглодог байв. Түүнчлэн тэр баяр тэмдэглэх дуртай бөгөөд Улаан өндөгний баяраар шар өнгийн юбка өмсдөг байжээ.
Кокогийн дуртай кино нь "Tea With Mussolini" гэх Дэлхийн 2-р дайны үеэр Италид амь зууж буй өнчин хүүгийн амьдралын тухай өгүүлсэн кино байв. 1993 онд "Jurassic Park" кино нээлтээ хийн Кокод үзүүлэх үед тэрээр өөрийн тоглоомон динозавруудаас айж, өөрөөсөө холдуулж байсан хэмээн Патерсон Атлантик сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Өдгөө 71 нас хүрч яваа Патерсоны хувьд Коко гэр бүлийн гишүүнээс ялгаагүй. Тэр хоёр маш олон жилийг хамт өнгөрөөж, хамтдаа өтөлсөн юм. Патерсон Кокотой хэзээ үхэх тухай хүртэл ярилцаж байсан гэнэ. “Амьтад үхэхээрээ хаашаа явдаг вэ” гэж асуухад Коко “тухтай бүс рүүгээ“ хэмээн хариулаад түүнтэй салах ёс хийн үнссэн хэмээн Патерсон ярьжээ.
"Горилла" Сан Кокогийн дурсгалд зориулан Африк дахь зэрлэг амьтдыг хамгаалах ажлаа үргэлжлүүлэн ажиллахаас гадна дохионы хэлний аппликейшн гаргана хэмээн мэдээлжээ.