1
Бөмбөлөгтэй уут (Bubble Wrap)
1950 оны сүүлээр Альфред Филдинг, Марк Шаван нар байшингаа өвөрмөц, тансаг байдлаар чимэглэх хүсэлтэй хүмүүст зориулан полиэтилен материалтай, эзлэхүүн мэдрэгчтэй, хүрэхэд таатай хөшиг болон ханын цаас бүтээх санаа дэвшүүлжээ. Харамсалтай нь полиэтилен хөшиг нь агаар нэвтрүүлж, наалддагаас болж амжилтанд хүрч чадаагүй юм. Гэхдээ тэд ингээд бууж өгөөгүй бөгөөд ханын цаас, хөшигний санаагаа орхиж, 1964 онд "Олон давхарга бүхий доргилтоос хамгаалах бүтээгдэхүүн"-ээ патентжуулсан байна. Ийнхүү тээвэрлэлтийн үед бараа, материалын бүрэн бүтэн байдлыг хадгалах зориулалттай, бидний хагалж, дуугаргах дуртай уутыг зохион бүтээгджээ.
2
Өргөстэй тор
1860-аад оны үед өргөстэй төмөр торны олон янзын хувилбар дэлхий дахинд нэвтэрч эхэлжээ. Иймээс Жозеф Глидден, Жейкоб Хейш, Чарльз Фрэнсис, Уошберн, Исаак Эллвуд зэрэг олон зохион бүтээгчид өргөстэй тор бүтээх хялбар, хямд аргыг олохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан байна. Үүний үр дүнд 1870-аад оны сүүлээр одоогийн өргөстэй төмөр торны загварыг боловсруулж, худалдаанд гарсан бөгөөд анхны хэлбэрээрээ өнөөг хүртэл ашигдагдсаар байгаа юм.
3
Дүүжин сандал
Дүүжин сандал нь харьцангуй сүүл үед Америкт зохион бүтээгдсэн байна. Ерөнхийлөгч Бенжамин Франклин үүнийг өөрөө зохиосон гэх яриа ч байдаг. Үнэн хэрэгтээ, 18-р зууны эхэн үед анхны түшлэгтэй сандлуудыг нурууны өвчтэй болон хэрх өвчнөөр шаналж буй хүмүүст зориулан бүтээжээ. Дүүжин сандал дээр суух үед хүний хүндийн төв тохирч, хамгийн тав тухтай байдлаар суух боломжийг олгодог. Энэхүү тав тухтай байдал олон хүмүүст таалагдаж, түгээмэл хэрэглэх болсон байна.
4
Цаасны хавчаар
Хялбар тахийлгаж болдог төмөр утас түгээмэл болохын хэрээр орчин үеийн цаасны, үсний гээд олон төрлийн хавчаар ар араасаа үүссэн байна. XIX зууны сүүлээр цагираг, далавч хэлбэрийн, гурвалжин, тэгш өнцөгт гэх мэт маш олон төрлийн цаасны хавчааруудын санаа гарч патентлагдсаар байжээ. Тэдгээрээс бидний зуун жилийн турш хэрэглэж ирсэн гонзгой хэлбэрийн цаасны хавчаар бүх өрсөлдөгчөө өөрийн салбараас шахаж чадсан юм.
5
Данх
Анх 1279 онд Хубилай хаан Юань гүрнийг захирч байхад шавраар хийсэн данхыг бүх нийтийн хэрэглээ болгосон гэж археологчид үздэг. Тухайн үедээ үүнийг ус буцалгах, цай чанах, бас түүнээс шууд уух гэх мэт олон янзаар ашигладаг байж. Сонирхолтой нь, анхны данхыг цай уух зориулалтаар нэг л удаа хэрэглэхээр бүтээж байсан гэдэг. Харин орчин үед данхны төрөл бүрийн загвар гарсан ч түүний үндсэн элементүүд болох бариул, таг, цорго зэрэг нь өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр байгаа билээ.
6
Ялааны алуур
Цонхны тавцан дээр урт иштэй, дөрвөлжин тор бүхий ялаа алагчийн хамт үхсэн ялаанууд хэвтэх нь хүн бүрд танил үзэгдэл биз. Тэгвэл 1900 онд Роберт Монтгомери "Ялаа алагч" хэмээх шинэ бүтээлээ патентжуулж, улмаар 1905 онд доктор Сэмюэл Крамбейн үүнийг олон нийтэд таниулжээ. Тэрээр Канзас мужийн оршин суугчдад өвчний тархалтыг зогсоохын тулд ялаа алахыг уриалж, Топика хотын хөл бөмбөгийн багийн уриа болох “Бөмбөгийг цохь” гэх үгийг, “Ялааг цохь” болгон өөрчилж байжээ. Ийнхүү өөр ямар ч ялаа алах зориулалттай бүтээлүүд нь түүний бүтээл шиг алдартай болж чадаагүй юм.
7
Лего
Өөрийн хүссэн бүтээлээ эвлүүлж, оюун ухаанаа хөгжүүлэх боломжийг лего тоглоом бидэнд олгодог. Магадгүй та хүүхэд байхдаа анхны лего тоглоомоор тоглодог байсан бол тус тоглоом одоо ч тэр л хэвээрээ алдартай байгаа гэдгийг сайн мэдэх биз ээ.
1949 онд мужаан Оле Кирк Кристиансен хоорондоо наалддаг шинэ төрлийн эвлүүлдэг тоглоом үйлдвэрлэж эхэлсэн боловч хүмүүс түүнийг хуванцараар хийсэн, үнэтэй, хэврэг, цацраг идэвхит бодис ялгаруулж болзошгүй хэмээн төдийлөн саашаагаагүй аж. Тэр үед аюулгүй, жинхэнэ тоглоомууд зөвхөн мод, металаар хийгддэг гэж үздэг эцэг эхчүүд олон байв.
1958 онд түүний хүү Готфрид үйлдвэрлэлийн явцыг сайжруулж, орчин үеийн Лего тоглоомын загварыг патентжуулжээ. Хамгийн сонирхолтой нь 50 гаруй жилийн өмнө бүтээсэн анхны лего тоглоомуудыг орчин үеийн лего тоглоомуудтай эвлүүлэхэд ямар ч асуудал гардаггүй байна.
8
Хулганы хавх
Хулганы хавх гарахаас өмнө хулгана айл гэрийн хоол хүнс, эрүүл ахуй болон бага насны хүүхдүүдэд аюул занал учруулж байлаа. Харин Уильям Хукерын зохион бүтээсэн хулганы хавх нь дэлхий дахинд алдаршиж, муурнаас ч илүү хэрэгтэй зүйл болсон юм. Үүний дараа 1903 онд Жон Маст нь хулганы хавхны загварыг сайжруулж, илүү найдвартай, аюул багатай болгосон бөгөөд энэхүү загварыг өнөөдар ч хүртэл ашигласаар байна.