Тэмдэглэл хөтөлнө гэдэг нь зүгээр л өөрийн амьдралд тохиолдсон зүйлсээ цаасан дээр буулгахыг хэлдэг. Тэгээд л боллоо. Гэвч энэхүү энгийн, хялбар зуршил нь маш олон алдартай хүмүүсийн амжилтын түлхүүр болсоор ирсэн. Тийм ч учраас Марк Твайн (Mark Twain), Чарльз Дарвин (Charles Darwin), Томас Эдисон (Thomas Edison), Альберт Эйнштен (Albert Einstein), Кэти Ледеки (Katie Ledecky) гээд тамирчин, зохиолч, зохион бүтээгч, эрдэмтэд зэрэг бүх салбарын алдартнууд тэмдэглэл хөтөлдөг байжээ. Тэгвэл тэмдэглэл хөтлөхийн ач тус чухам юу болохыг доорх нийтлэлээс уншаарай.
1
Тэмдэглэл хөтлөх нь танд ямар тустай вэ?
Толгой дотроо эргэлдэж буй бодол, санаануудыг цаасан дээр буулгах нь бараг бүх хүнд ашиг тустай байдаг. Жишээ нь,
Хуучин туршлагуудаасаа шинэ сургамж авах боломжийг олгодог. Виржиниа Вүүлф л гэхэд хуучин тэмдэглэлээ эргэн уншихад тухайн үедээ олж харж чадаагүй зүйлээ хардаг гэж хэлж байжээ. Өөрөөр хэлбэл, хуучин өдрийн тэмдэглэлээ унших нь гайхалтай номыг хоёр дахь удаагаа уншихтай адил юм. Та өгүүлбэрүүдийг унших бүртээ, өнгөрсөн хугацааг өөрөөр харах болно. Харин энэ удаад та амьдралынхаа түүхийг дахин уншиж байна гээд бод доо.
Тэмдэглэл хөтлөх нь таны ой санамжийг хурцлана. Шерл Стрейд (Cheryl Strayed) “Wild” номоо бичихдээ өөрийн тэмдэглэл дээр тулгуурлажээ. Тэрээр “Надад тохиолдсон явдлууд ой санамжинд минь хичнээн бүдгэрч, мартагдсан байлаа ч, тэмдэглэл дээр минь хэн, юу, яаж, хэзээ, яагаад гэсэн бүх асуултад маш тодорхой хариулт бичигдсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй, миний өөр хаанаас ч олж харж чадахгүй 26 насны минь дүр төрхийг илэн далангуй, үнэнээр нь надад харуулж, сануулж чаддаг ганц зүйл гэж тэрээр хэлжээ.
Цаг хугацаа танд хэлэлгүйгээр царай төрхийг тань өөрчилж, үүгээр ч зогсохгүй үзэл бодлыг тань хүртэл нэг л мэдэхэд өөрчилсөн байх нь бий. Тиймээс бидний авсан туршлага, туулсан зам мөр болгоны дараа бодол санаа маань бага багаар өөрчлөгдөж байхад, гагцхүү тэмдэглэл л таны үзэл бодлыг тухайн цаг мөчид тэр чигт нь “хөлдөөн” үлдээх чадвартай.
Өөрийнхөө хуучны зургийг үзэх нь таныг тухайн үед ямар харагдаж байсныг сануулдаг шиг, хуучин тэмдэглэлээ унших нь тухайн цаг мөчид ямар итгэл үнэмшил, үзэл бодолтой байсныг тань сануулж, таныг гайхашруулах болно.
Тэмдэглэл нь хөтлөх нь таныг өдөр бүр хамгийн сайнаараа байхад урамшуулна. Өдрийг хэрхэн өнгөрүүлснээс шалтгаалж орой тэмдэглэл дээрээ юу бичих тань шийдэгдэх тул, та нар жаргахаас өмнө ядаж ганц сайхан зүйл хийхийг хичээнэ. “Би өнөө орой тэмдэглэл дээрээ ямар нэг сайхан зүйл бичмээр байна”. Энэ бодол нь таныг өдөр бүрийг зөв ашиглахад туслах болно.
Тэмдэглэл бол таны ахиц дэвшлийн баталгаа юм. Танд сайхан зүйл тохиолдсон тухай нэг өгүүлбэр бичиж үлдээх нь хожим сэтгэлээр унасан үед танд хүч өгөх болно. Хүмүүс өөрсдөд нь ганц таагүй өдөр тохиоход л өмнө нь хичнээн ахиц дэвшил гаргаснаа мартаж орхидог. Харин танд тэмдэглэл байхад харах өнцгөө эерэг хэвээр байлгахад туслах болно. Тиймээс та өмнөх тэмдэглэлүүдээсээ сар, жилээр хичнээн ахиж, дэвшсэнээ олж хараад баярлах нь гарцаагүй.
2
Тэмдэглэл хөтлөх хялбар арга
Тэмдэглэл хөтлөхийг зуршил болгох нь тийм ч амар биш. Гэхдээ цэг, зураастай тэмдэглэлийн дэвтэр, өдрийн тэмдэглэлийн дэвтэр, зуршил хянагч зэргийг ашиглах нь тэмдэглэл хөтлөхөд хялбар болгоод зогсохгүй үүнийгээ зуршил болгоход тусална. Мөн нэг зүйлийг сайн санаарай.
Тэмдэглэл хөтлөх зөв арга гэж байдаггүй. Энэ нь та хүссэн газраа, хүссэн зүйлээ, хүссэн үедээ бичиж болно гэсэн үг юм. Үүний тулд танд ердөө цаасны хэлтэрхий байхад л хангалттай. Харин тэмдэглэл хөтлөх хялбар арга гэж байдаг. Энэ нь:
Өдөрт ердөө ганцхан өгүүлбэр бич.
Өдөр бүр нэг өгүүлбэр бичих нь тэмдэглэл хөтлөх сонирхолыг өдөөдөг. Мөн их хялбар арга байгаа биз. Үүнтэй адил танд амжилтад хүрэх ч мөн амархан санагдаж эхэлнэ. Хэрэв та тэмдэглэл бичиж дуусгах бүртээ эерэг сэтгэгдэлтэй үлдвэл дахин бичих хүсэл эрмэлзэлтэй болох болно.
Зуршил тогтоогч тэмдэглэл бүр өдөр тутмын тэмдэглэл хөтлөх үйл явцыг хялбар болгоход чиглэгдсэн байдаг. Энэ нь “Нэг өдөрт нэг мөр” гэсэн гарчигтай хэсгээс эхэлдэг бөгөөд хуудасны дээд хэсэгт тэмдэглэл хөтлөхөд зориулсан зай бий. Тэдний хэд хэдэн жишээг харуулъя.
- Өнөөдөр юу болсон бэ? (өдөр тутмын тэмдэглэл)
- Би өнөөдөр юунд талархаж байна вэ? (талархлын тэмдэглэл)
- Миний өнөөдрийн хамгийн чухал ажил юу вэ? (бүтээмжийн тэмдэглэл)
- Өнгөрсөн шөнө би хэр унтсан бэ? (нойрны тэмдэглэл)
- Өнөөдөр надад ямар санагдаж байна? (сэтгэл зүйн тэмдэглэл) гэсэн мөрүүдээс доош 31 мөр байх бөгөөд та бүтэн сарын турш өдөр бүр тэрхүү зайнд тэмдэглэлээ хөтлөх юм
Тэмдэглэл бичих зуршил бий болгохын тулд бүтэн сарын хийх ажлынхаа төлөвлөгөөг өдөр бага багаар бичээрэй. Харин сарын эцэст 31 өдрийн сайхан тэмдэглэлийг та унших болно. Тиймээс өдөрт ганц л мөр бичээд амьдралыг тань өөрчлөх зуршил бий болгоорой.