Владимир Лениний нэрэмжит Зөвлөлтийн пионерийн холбоо буюу Залуу пионерууд нь хамтын ажиллагаа, шаргуу хичээнгүй байдлыг гол үзэл санаагаа болгосон залуучуудын коммунист байгууллага байв. Дэлхийн 2-р дайны үед тэд байлдааны хүнд сургуулилт хийх, тэр байтугай нацистуудтай тулалдах гээд өөрсөддөө хэт ахадсан ачаа үүрч явсан юм.
Анх 1922 онд байгуулагдсан Скаутын байгууллагыг коммунист засаглалыг дэмжээгүй хэмээн үзэж ЗХУ-ын хэмжээнд хэсэгтээ хориглож байв.
Гэвч ард иргэд тэдний сайн үйлсийг санагалзаж байсан тул уг орон зайг нөхөх үүднээс 1922 онд Пионерууд болгож дахин байгуулсан. ЗХУ-ын засгийн газраас тус Пионерийн байгууллагаар дамжуулж хүүхдүүдэд амьдралын ур чадвар олгохоос гадна коммунист үзэл санааг хүүхэд залууcын дунд бэхжүүлэх зорилготой байсан юм.
10-15 насны хүүхдүүд пионерийн холбоонд нэгдэж спортын арга хэмжээнд оролцох, зусланд явах зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцож байв. Гишүүнчлэл нь сайн дурынх байсан боловч нийгэмд тогтсон жишиг, дарамт шахалтын улмаас энэ насны бараг бүх хүүхэд пионерийн гишүүн болдог байжээ.
Зөвлөлтийн залуу пионеруудын байгууллага нь Куба, Хятад, Мексик, Финланд, Монгол зэрэг тухайн үеийн коммунист орнуудыг хамарсан томоохон олон улсын байгууллагын ердөө нэг хэсэг юм.
Дэлхийн II дайны үед Залуу пионерүүд сурсан мэдсэн бүхнээ фронт руу илгээх тусламжид зориулахаас гадна өөрсдөө ихээхэн хүчирхийлэлд өртсөн байдаг.
Дайны эхэн үед хүүхдүүд сумны хонгио, гранат гэх мэтийг ашиглаж "Зөвлөлт Германы эсрэг" байлдаж тоглох маягаар сургуулилт хийдэг байв.
1942 онд зусланд явж байсан нэгэн хүү зөвлөлтийн сонинд өгсөн ярилцлагандаа “Бид ноходтойгоо хамт гранат шидэх дасгал хийдэг” гэжээ. Мөн өөр нэг охин: “Винтовоор буудахад суралцаж, Гоголын зохиолыг уншиж байгаа” гэсэн байна.
5 сая гаруй залуу пионерүүд орон нутгийн аж ахуйд ажиллан дайнд явсан эрчүүдэд хангамж бэлтгэх ажилд хувь нэмрээ оруулж байв. Пионерүүд мөн дайны үеэр дахин ашиглаж болохуйц цаас, төмрийн хаягдал цуглуулдаг байсан бөгөөд 1942-1944 оны хооронд 134,000 тонн хаягдал төмөр цуглуулсан аж. Үүний хажуугаар тэд дайны үеийн эмх замбараагүй байдлын улмаас нэр нь үл мэдэгдэх, хаягдсан цогцоснуудыг оршуулах ажлыг ч хариуцдаг байж.
Германд эзлэгдсэн бүс нутгуудад бол пионерүүд бүр эсэргүүцлийн хөдөлгөөнд ч оролцоно. Зарим нь тулалдааны үеэр амь үрэгдэх тохиолдол цөөнгүй гарсан ба тэдний дөрөв нь зэвсэгт хүчний хамгийн нэр хүндтэй шагнал болох "ЗХУ-ын баатар" цолоор шагнагджээ.
Ийм нэгэн пионер бол ЗХУ-ын хамгийн залуу баатар Валентин Котик юм. Германчууд Украиныг эзлэх үеэр тухайн үед дөнгөж 14 настай байсан Котик партизаны эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгджээ. Изиаславын тулаанд хоёр удаа шархадсан байснаа үл харгалзан баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн түүнд хожим "ЗХУ-ын баатар" цолыг нөхөн олгосон юм. Зөвлөлтийн олон пионерын зусланд түүний дурсгалыг хүндэтгэж, хөшөөг нь босгосон байдаг.
Өнөө үед, Залуу пионерүүд дэлхий даяар үйл ажиллагаа явуулсан хэвээр боловч ЗХУ-ын үеийнх шиг алдартай байхаа больсон. Тэд одоо коммунист үзэл санааг дэлгэрүүлэх бус жирийн скаут бүлгэмийн байдлаар ажилладаг.
Гэвч Залуу пионерүүд анх байгуулагдахдаа, онцгой нөхцөл байдалд онцгой үүрэг даалгавартай байсан юм. Дараа нь дэлхийн II дайнд ЗХУ оролцож эхэлснээр, энэхүү хүүхдийн байгууллага дайны үеийн харгис хатуу нөхцөл байдалтай нүүр тулахаас өөр аргагүйд хүрч байлаа.
Дайны бодит аюул үргэлж нийгмийн хамгийн эмзэг, сул дорой хэсэгт нөлөөлж байдгийг энэхүү түүх гэрчлэн харуулж байна.