Утас, таблет, зөөврийн компьютер зэрэг интернетэд холбогддог, камертай төхөөрөмжүүд нь бидний хувийн мэдээллийг алдах өндөр эрсдэлтэй. Товчхондоо, аль нэг ухаалаг төхөөрөмжний тань камераар таныг хэн нэгэн харж байх боломжтой гэсэн үг. Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгье.
2014 онд Холбооны мөрдөх товчооныхон дэлхийн 12 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, хэрэглэгчдийн вэб камерыг хянадаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Тэд "Blackshades" гэх программаар дамжуулан хохирогчдын хадгалсан зураг, компьютерын гар дээр бичигдэж байгаа нууц дугаар зэргийг нь хуулж авч, түүнчлэн хүссэн үедээ камерыг нь удирдаж байсан байна. Үүнээс гадна Холбооны мөрдөх товчооныхон өөрсдөө ч бусдын компьютерыг дээрх аргаар хакердаж, мөрдлөгө явуулж байсан аж.
Ихэнх веб камерууд алсаас удирдах боломжтой IP хаягтай байдаг бөгөөд тэрхүү хаягийг нь идэвхжүүлснээр та дэлхийн хаанаас ч камераа ашиглах боломжтой юм. Харин камертаа нууц код хийгээгүй бол хакердахад хялбархан болно. Энэхүү хакердах арга нь ямар нэг зар сурталчилгаан дээр дарах үед идэвхиждэг гэнэ.
1990-ээд оны үед АНУ, Европ, Азийн орнуудын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байсан цахим хамгаалалтын ажилтан Микко Хиппонен өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд компьютерийнхаа камерыг байнга хаадаг, янз бүрийн зар сурталчилгаа руу ордоггүй хэмээн ярьж байжээ.
Түүнчлэн "Facebook Inc" компанийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн оффистоо авахуулсан нэгэн зураг дээр нөүтбүүкийнхээ камер дээр наалт нааж халхалсан байсан нь цахим орчинд ярианы сэдэв болж байв.
Камераар дамжуулан зураг авах, цаашлаад түүгээрээ мөнгө олох аргатай хакерууд зөндөө байдаг учир компьютерийнхаа камерыг ямар нэг зүйлээр дарж, хааж байхыг зөвлөж байна.
Магадгүй та "намайг харлаа гээд сүртэй юм юу л байв гэж" хэмээн бодож болох юм. Гэхдээ та АНУ-ын Тагнуулын төв газрын булхайг дэлгэсэн алдарт Эдуард Сноуден "Нуух юм байхгүй гээд хувийн мэдээллээ хайхрахгүй байх нь хэлэх юм байхгүй гээд үг хэлэх эрх чөлөөг хайхрахгүй байгаатай адил юм" гэж хэлснийг санаарай.