Сахарын уудам цөлд нуугдсан 10 гайхалтай зүйл

Дэлхийн хамгийн том цөл болох Сахарын цөлийн элс нь олон зууны турш хүн, амьтан, бүр бүхэл бүтэн хотуудыг ч залгисаар иржээ. Тэр ч утгаараа энэхүү эцэс төгсгөлгүй үргэлжлэх элсэн дунд төөрсөн хүмүүс амьд гарч ирэх магадлал тун бага аж. Эрт цагт тус элсэн цөлийг туулахаар зориг шулуудсан цэргийн бүхэл бүтэн арми тэр чигтээ алга болсон гэдэг. Харин өнөө үед технологийн тусламжтайгаар Сахарын цөлийн нууц бага багаар тайлагдсаар байна. Үүнээс хамгийн томоохонд тооцогдох 10 нууцыг та бүхэнтэй хуваалцъя.

Сахарын уудам цөлд нуугдсан 10 гайхалтай зүйл

10 Хаягдсан цайзууд

Хиймэл дагуулын тусламжтайгаар судлаачид хамгийн өтгөн ширэнгэн ой, захгүй уудам цөлд нуугдсан бүхнийг харах боломжтой болсон юм. Тиймдээ ч, 2010 онд хиймэл дагуул ашиглан Ливийн Гарамантес хүмүүсийн барьж байсан 100 гаруй цайзын үлдэгдлийг илрүүлжээ. Тус газарт газрын тосны үйлдвэрлэл явуулахын тулд өрөмдлөг хийх газар хайж сансраас зургийг нь олонтоо авч, судалсан байдаг аж. Тиймээс археологичид хиймэл дагуулын зургыг ашиглан цайзын нууцыг судлах боломжтой болжээ.

Ингээд хожим судлаачид газар дээр нь очиж экспедиц хийж тус цайзуудыг Гарамантес хүмүүсийнх гэдгийг тогтоож чадсан байна. Гэвч дарангуйлагч Каддафийг түлхэн унагасан Ливийн хувьсгалаас болж тус судалгаа хангалттай хугацаанд үргэлжилж чадаагүй юм.

Гарамантесын иргэншил цэцэглэн хөгжиж байсан (МЭӨ II зууны үеэс МЭ VII зуун) тэр цаг үед ч, тухайн бүс нутаг хэдийнэ хуурай байжээ. Тэд ийм бүс нутагт газар тариалан эрхлэхийн тулд эрт үед баригдсан усан сангаас ус татаж, усаар хангах зориулалттай газар доорхи суваг барьсан байна. Хожим  усны эх үүсвэр ашиглах боломжгүй болоход тэнд хүн амьдрах боломжгүй болж, Сахарын элс бүх цайз, тосгоныг бүрхжээ.

Хаягдсан цайзууд

9 Солир болон галт уулын тогоо

Дэлхий ертөнцийг цаг үргэлж сансрын чулуу, солир бөмбөгдөж байдаг. Тэдгээрийн ихэнх нь дэлхийд хор хүргэлгүйгээр агаар мандалд шатдаг бөгөөд тэнгэрт туяа татуулахаас өөр нөлөө үзүүлдэггүй. Харин цөөн хэсэг нь газарт унаж, томоохон сүйрэл авчрах нь бий. Гэвч тэдгээр нь ихэвчлэн өчнөөн мянган жилийн өмнө болсон байдаг тул тогоо үүсгэж, түүн дээр ургамал ногоо урган бүрхэж, ул мөрийг далдалсан байдаг. Харин Сахарын цөлд солироос үлдсэн ул мөр тодоос тод бий.  Жишээ нь Египетийн баруун өмнөд хэсэгт байх 45 метрийн өргөнтэй (148 фут) Камилийн солирын тогооноос одоогоос 5000 жилийн өмнө төмөр солир унаж, хүчтэй цохилт өгсөн нь илт харагддаг.

Гэвч солирын үлдээсэн цорын ганц ул мөр нь тогоо биш юм. Учир нь Камилын солирын тогооны эргэн тойрноос хагарч, тарсан солирын хэлтэрхий өөрөө олдсон байна.

Мөн дэлхий дээрх бүх солирын 5-ны нэг нь Сахар орчмоос илэрсэн байдаг. Учир нь элстэй газарт солирын хэлтэрхий шигшигдэн дээш ил гардаг байна. Мөн Антрактидын мөсөн дээр ч солирын хэлтэрхий ихээр олддог.

Солир болон галт уулын тогоо

8 Ливийн цөлийн шил

Солирын хэлтэрхий болон солирын тогоо алга боллоо ч, өөр ул мөр үлдэж болдог. Одоогоос 29 сая жилийн өмнө дэлхий дээр унасан том солир нь Ливийн цөл орчмыг тэр чигт нь хайлуулан, нарийн ширхэгтэй ногоон шилэн бүрхүүл үлдээжээ. Одоогоор тэр томоохон дэлбэрэлтээс үүссэн солирын тогоо олдоогүй байгаа ч, маш их хэмжээний цөлийн шил илэрсээр байгаа юм. Зарим нь бүр төсөөлөгдөөгүй газраас илрэх нь ч бий. Жишээ нь, Ховард Картер Тутанхамун хааны булшийг онгойлгохдоо хааны эрдэнэсүүдийг олжээ. Түүн дунд ногоон шилээр сийлсэн ариун цох төв хэсэгт нь байсан аж. Магадгүй Египетчүүд хэрэглэж байсан шилнийхээ гарал үүслийн талаар өөрсдөө ямар ч ойлголтгүй байсан биз. Гэхдээ сонирхолтой нь тэр бол өөр ертөнцийн материалаар хийгдсэн олдвор байсан юм. Мөн булшнаас гарсан чинжаал хутгуудын нэг нь солироос гаргаж авсан төмрөөр хийгдсэн байжээ.

Ливийн цөлийн шил

7 Набтагийн хөшөө чулуунууд

Цөлд хаана ус байна, тэнд амьдрал байдаг. Египетийн өмнөд хэсэг Набта Плаягийн орчимд жил бүр үер болж нуур үүсгэдэг байсан тул тэнд 9000-6000 жилийн өмнө хүмүүс амьдарч байжээ. Тиймээс Неолитийн овгууд тэнд малаа бэлчээж, усалдаг байжээ. Тэд энэ газарт зөвхөн амьдраад зогсохгүй тахил өргөх ёслолыг үүсгэсэн байна. Тиймээс үхэр, хонь, ямаа гээд бүгдийг нь ёс төртэй булшилсан байдаг аж.

Ойролцоогоор 6000 жилийн өмнө Набта орчмын хүмүүс том чулуун хөшөөнүүдийг тойрог хэлбэрээр байрлуулж, гадуур нь илүү олон хүнд чулуун хавтангуудыг байрлуулсан байв. Английн Стоунхэнжийн чулуун дурсгалаас 1000 жилийн өмнөх үеийнх учир энэхүү дурсгал нь хамгийн эртнийх гэж тооцогддог. Тэгвэл тойргийн хэлбэр нь яг юу зааж байгаа талаар маргаан байсаар байгаа боловч нэгэн судлаач энэ нь 6000 жилийн өмнө тэнгэрт үзэгдэж байсан Орион Бүсийн байрлалтай нийцэж байгаа гэж мэдэгджээ.

Набтагийн хөшөө чулуунууд

6 Ширгэсэн голууд

Сахарын цөл үргэлж байгаагүй. Уур амьсгал сая сая жилийн турш олон удаа өөрчлөгдөж, түүнийг дагаад элсний хил хязгаар ч өөрчлөгдсөн. Тиймээс эрдэмтэд Ангараг дээр эрт цагт ус байсан гэх нотолгоо хайж байсан шиг, дараа нь Сахарын цөлийн эрт үеийн түүхийг сонирхож эхэлжээ. Ингээд судлаачид дэлхийн 12 дахь том голын ай сав Сахарт байсныг илрүүлсэн байна. Эргийн ойролцоо далайн усан доор голын урсгалаас үүссэн хавцал байгааг олж мэдээд, улмаар эртний мөрний гольдрилыг илрүүлжээ.

Голын хурдас нь мөн төсөөлөгдөөгүй газруудаас гарч байв. Харин ширгэсэн голыг оршин байсан гэх сүүлийн баталгааг хиймэл дагуулаас авсан байна. Алга болсон голыг одоо Таманрасетт (Tamanrasett) гол гэж нэрлэдэг бөгөөд 5000 жилийн өмнө ширгэсэн байж болзошгүй юм байна.

Ширгэсэн голууд

5 Халим

Сахарын элсэн цөлийн дор устаж үгүй болсон зүйл нь зөвхөн гол биш юм. Геологийн урт удаан хугацааны явцад урьд өмнө далай байсан газар дэлхийн хамгийн хуурай газруудын нэг болон хувирчээ.

Египетийн Вади Аль-Хитанаас ширгэсэн Тетис (Tethys) тэнгисийн ул мөрийг олж болно. Учир нь тус газрын “Халимны хөндий” гэж нэрлэгддэг хэсгээс халимны чулуужсан яс ихээр илэрдэг.

Орчин үеийн халимуудын өвөг дээдэс нь 37 сая жилийн өмнө далайд мөхөх үед тэдний бие нь тунадасаар бүрхэгдсэн байв. Учир нь дэлхийн царцдас дээшлэх тусам, тэдний амьдрах орчин хуурай газар болон хувирчээ. Өнөөгийн байдлаар палеонтологчид 15 метр урт (50 фут) араг ясыг судалж, түүнтэй зэрэгцэн оршиж байсан бусад амьтдыг ч судалж байгаа аж. Судалгааны явцад халимны ясны хажууд том, хэрцгий акулуудын шүд олдсон байна.

Халим

4 Далайн матар (Machimosaurus Rex)

Далай тэнгис цаг үргэлж мангасуудын гэр байсаар ирсэн. Тэгвэл одоогоос 120 сая жилийн өмнө Сахарын цөл нь Макимосаурус Рекс гэх 9 метр урт матрын өлгий нутаг байжээ. М. Рекс бол далайд амьдардаг байсан хамгийн том матар юм. Түүний амьдарч байсан газар нь Тетисийн тэнгистэй залгаа томоохон давст нуур байж болзошгүй аж. Рекс өөрийн том толгой, богино, хурц шүд, хүчтэй хазалтаараа далайн яст мэлхийн дунг цоолж, загасыг хэдэн хэсэг тасдан иддэг байжээ. Мөн усанд амьдардаг өөр том амьтдыг хүүрийг идэж цэвэрлэдэг байсан аж.

Сахараас маш олон далайн амьдрал илэрч байгаа нь боломжгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ цөл нь амьдрахад тааламжгүй газар учраас палеонтологчид тэндээс маш олон нээлт хийж байна.

Далайн матар  (Machimosaurus Rex)

3 Спинозавр (Spinosaurus)

Спинозавр бол дэлхий дээрээс одоогоор илрээд буй хамгийн том махан идэшт динозавр юм. 95 сая жилийн өмнө амьдарч байсан Спинозаювр  нь 7 метрийн өндөр, 16 метр урт байжээ. Мөн өмнө нь илэрсэн динозаврын төрлүүдтэй адилгүй, нуруундаа маш том дарвуулт ястай байсан нь түүнийг таньж, ангилахад эрдэмтдэд бэрхшээл учруулж байв. 

Анх олдсон Спинозаврын яс Дэлхийн 2-р дайнд устаж үгүй болсны дараа Мороккод дахин нэг олдвор олдсоноор эрдэмтдэд дахин судлах боломжийг олгожээ. Энэ явцад түүний хавтгай тавхай нь усанд сэлэхэд зориулагдсан болохыг гэрчилсэн байна. Мөн дээр байрлалтай хамар нь ус руу ороход амьсгалах зохилдлогоотой байжээ. 

Спинозавр (Spinosaurus)

2 Гоберогоос олдсон араг яс

Энэ жагсаалтад дурьдагдсан Спинозаврын олдворыг илрүүлсэн эрдэмтдийн нэг  бол Пол Серено (Paul Sereno) юм. Тэрээр динозаврын ул мөрийг судалж байхдаа санамсаргүйгээр Сахар дахь хамгийн том эртний оршуулгыг олсон байна.

Үүнийг Нигерийн Гоберогоос олсон бөгөөд Гоберо нь 10,000 жилийн өмнө цэлгэр ногоон тал байв. Тус газарт загас, матар болон бусад амьтдын араг яс хүмүүсийн ястай холилдон байдаг аж.

Хоёр жилийн турш үргэлжилсэн малтлагаар 200 орчим хүний шарилыг  илрүүлсэн бөгөөд 1000 гаруй жилээр зааглагдсан хоёр өөр цаг үеийн хүмүүсийн булш байжээ. Тэд бол Киффианууд болон Тенериачуудын ул мөр байсан бөгөөд оршуулгын ихэнх нь ер бусын хачирхалтай байв. Нэг хүний толгойг тогоон дотор хийсэн байсан бол өөр нэг хүнийхийг яст мэлхийний хуяганд хийсэн байжээ. Магадгүй бид тэднийг чухам яаж үхсэнийг хэзээ ч мэдэж чадахгүй биз. Тиймээс Сахар хэзээ ч бидэнд бүх нууцаа дэлгэхгүй юм.

Гоберогоос олдсон араг яс

1 Атлантис хотын ул мөр

Сүүлийн үед шуугиан тариад буй нэгэн таамаг бол Африкийн баруун эрэгт, Мавритани улсын нутаг дэвсгэрт байх нэгэн сонин тогтоцтой газар нь эртний Грекийн домогт гардаг Атлантис хот мөн байж болох тухай таамаг юм.

Домгийн бурхан Посейдоны босгосон гэгддэг тэрхүү хот нь Атлантын далайд байсан, туннелийн үүрэг гүйцэтгэдэг 5 усан цагиргаар хүрээлэгдсэн, хагас хүн, хагас бурхад амьдардаг "диваажин" байсан бөгөөд галав юулэлтээс болж далай доор орсон болохыг их сэтгэгч Платон бичиж үлдээсэн  байдаг.

Сахарын цөлийн дундах нүд гэмээр нэртэй тэрхүү газрыг "Рихатын тогтоц" гэж нэрлэдэг бөгөөд геологийн бүтэцийн хувьд Платоны дүрсэлсэнтэй тун ойрхон очиж байгааг олон эрдэмтэд онцолж байна.

Атлантис хотын ул мөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()