Индонезийн Калимантанд амьдардаг энэ залуу 2 найз бүсгүйтэйгээ нэгэн зэрэг хуримаа хийжээ. Индонезийн хуулинд зааснаар анхны эхнэр нь зөвшөөрсөн тохиолдолд тухайн эр өөр бүсгүйтэй гэрлэж болдог байна.
Тэрээр "VICE Indonesia" агентлагт өгсөн ярилцлагадаа "Би 2 хайртай бүсгүйнхээ аль нэгийг нь гомдоохыг хүсээгүй юм. Тэгээд л хоёулантай нь гэрлэхээр шийдсэн" хэмээн тайлбарлажээ.
Тэдний хуримын ёслол Калимантан арлын Айртарап хотод болсон бөгөөд бичлэг нь тэр өдрөө интернэтэд тавигдаж олон нийтийн сүлжээгээр асар хурдан тархжээ.
VICE-ийн мэдээлж буйгаар сүйт залуу хоёр бэрийн гэр бүлд хуримын инж болгон багагүй хэмжээний мөнгө төлсөн аж. Индонезид сүйт залуу заавал инж өгдөг бөгөөд үүгээрээ хадмууддаа санхүүгийн чадавхитай гэдгээ илтгэдэг аж.
Сүйт залуу хуримын тангаргаа тун тааруухан уншсан бөгөөд түүнчлэн 2 эхнэртээ зориулж 2 удаа давтан унших ёстой байлаа.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр хоёр бэр хоорондоо таарамж сайтай, хуримаа огт хачирхалтай гэж бодохгүй байгаа гэнэ.