“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-д оролцсон эмч нар юу хэлэв?

2019-08-28, 11:49
2,863

Зүрх судасны өвчний улмаас Монголд жил бүр гурван хүн тутмын нэг нь хорвоог орхидог гэсэн харамсалтай тоо баримт бий. Монгол Улсад халдварт бус өвчний тэргүүлэх таван шалтгааны хамгийн эрсдэл өндөртэй, сүүлийн үед эрс залуужиж байгаа өвчин бол зүрх судасны эмгэг, тэр дундаа тархины харвалт, зүрх судасны дутагдал, зүрхний  шигдээс гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тархины харвалтаар тэргүүлдэг 10 орны нэгд Монгол Улс бичигдэж байгаа төдийгүй дэлхийн дунджаас дөрөв дахин их үзүүлэлттэй байгаа нь анхаарахгүй байхын аргагүй асуудал юм

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-д оролцсон эмч нар юу хэлэв?

Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд энэ тухай мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор гурван жилийн өмнөөс П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-тэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж буй билээ. Өнөө жил тус аяныг зүрх судасны өвчнөөр улсын дунджаас өндөрт тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий аймагт 2019 оны 6-р сарын 21-нээс 7-р сарын 2-ныг хүртэл хэрэгжүүлсэн бөгөөд тус аянд оролцоод ирсэн эмч нарын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

 

1 Н.Байгалмаа: Баян-Өлгий аймагт надад үзүүлсэн хүмүүсийн 80 хувь нь 160-аас дээш даралттай байлаа

(УГТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, анагаах ухааны магистр, зүрхний их эмч)

Н.Байгалмаа:  Баян-Өлгий аймагт надад үзүүлсэн хүмүүсийн 80 хувь нь 160-аас дээш даралттай байлаа

-Баруун гурван аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжлээ. Эдгээр аймгуудын хувьд ямар онцлог зүйл ажиглагдав?

-Увс, Ховд, Баян-Өлгий аймаг аль аль нь тархины харвалт, цусны даралтын үзүүлэлтээрээ өндөр, мөн давсны хэрэглээ ихтэй аймгууд. Увс аймгийн иргэдийн хувьд даралтаа маш сайн хянадаг, эмээ тогтмол уудаг юм байна. Гэхдээ давсны хэрэглээ асар өндөртэй, биеийн жин ихтэй, өндөр даралттай хүмүүс олон байна. Ховд аймгийнхны хувьд иргэдийн зүрхний хэм алдагдал нь арай өндөр юм уу даа. Хэдийгээр даралт ихсэлттэй гэдгээ мэддэг ч архи, тамхины хэрэглээ их нь ажиглагдсан. Баян-Өлгий аймагт давсны хэрэглээ илүү их байна. Яагаад ийм байна гэж хүмүүсээс асуухад махаа давсалж хадгалдаг. Өвлийн идэшний махаа бүгдийг нь давсалж хатаагаад бүтэн өвлийн турш, зуны 7-р сар болтол хэрэглэдэг аж. Мах нь давстай учраас хүмүүсийнх нь даралт асар өндөр. Давстай мах идсэний дараа ам нь цангадаг учраас өдөрт дунджаар 3-5 литр шингэн уудаг. Энэ нь судасны цусны эзэлхүүнийг ихэсгэсний улмаас даралт өндөр байх магадлал их. Хоёрдугаарт, Баян-Өлгий аймаг нөгөө хоёр аймгаа бодвол илүү өндөр уулсын бүсэд оршдогтой холбоотойгоор иргэдийн даралт ихсэлтэд нөлөөлөх магадлалтай. Тус аймагт урьдчилан сэргийлэх үзлэгээр надад үзүүлсэн хүмүүсийн 80 хувь нь 160-аас дээш даралттай байлаа. Давснаас гадна архи, тамхины хэтрүүлсэн хэрэглээ, биеийн жингийн илүүдэл, стресс ихтэй байх нь зүрх судасны  өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлд ордог.

Засаж болох эрсдэлт хүчин зүйл буюу архи, тамхины хэрэглээ, биеийн жинг хянах боломжтой. Хэвийн буюу 120/ 80-тай даралттай хүн бас байна. “Та давсалж борцолсон мах хэрэглэдэг үү” гэж асуухад үгүй гэж байна. Тамхи татдаггүй, архи уудаггүй хүмүүс ч цөөнгүй байна. Тэгэхээр амьдралын буруу хэв маяг зонхилон байгаа учраас даралт ихсэлтэнд нөлөөлж байна гэж харагдаж байна л даа.

-Сүүлийн үед даралт ихсэлт залуужаад байгаа гэж дуулсан. Баруун аймгуудад ер нь  ямархуу байна вэ?

-Залуужиж байгаа. Даралт ихсэлттэй 40-50 настай хүмүүс үзүүлж байна. 27 настай  залуугийн тогтмол даралт нь 140, 90 байх жишээтэй. Ээж нь өндөр даралттай, удмынх байх магадлалтай юм билээ. Залуу хүмүүсийн даралт дунджаар ер нь 130 орчим байна шүү.

-Аяны үр дүнд иргэдийг мэдээ мэдээллээр хангахыг чухалчилж байгаа. Хүмүүст та ямар зөвлөгөөг голчлон хүргэж байна вэ?

- Жин ихтэй хүмүүс их байсан учраас жингээ бууруул гэсэн зөвлөгөөг бид өгч байна. 20 кг, түүнээс ч дээш жингийн илүүдэлтэй хүмүүс нэлээд таарсан. Баруун бүсийнхэн ДЭМБ-ын зөвлөмжөөс гурав дахин өндөр буюу өдөрт 15 гр давс хэрэглэдэг. Үүнийг 5 гр болгож багасга гэдэг зөвлөгөө өгч байна. Өндөр даралттай хүмүүс өдөрт 3.5 гр-аас бага давс хэрэглэх ёстой. Тамхиа хая, архиа багасга гэж зөвлөлөө. 7 хоногт 2-3 удаа архи уудаг хүн ч байна. Энэ хэрэглээгээ бууруулахгүй бол зүрх судасны өвчин үүсэх хамгийн өндөр эрсдэл юм. Өдөрт 20 ширхэг тамхи татдаг бол зүрхний шигдээс болох хамгийн өндөр эрсдэлтэй гэж ДЭМБ-ын судалгаагаар мөн батлагдсан. Нийтээрээ шахам хөдөлгөөний хомсдолтой байна. Энэ бүх зүйлүүд чинь даралт ихэсгэж байна. Даралт ихсэлттэй удаан даамжирч явсаар өвчин болж, хүндрэхээрээ зүрхний архаг дутагдалд ордог. Ингэснээр хүний амьдралын нас богиносно. Ийм л гамшигтай өвчин дөө.

2 Д.Мөнхзул: Иргэдийн дунд таргалалт их байна

(УГТЭ-ийн Гемодиалезийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, бөөр гемодиалезийн их эмч)

Д.Мөнхзул: Иргэдийн дунд таргалалт их байна

-Цусны даралт ихтэй удаан хяналтгүй явах нь бөөрөнд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгөхгүй юү?

- Цусны даралт ихсэлт гэдэг бол ялангуяа судсанд их хоруу чанартай л даа. Cудаслаг эрхтэнүүдэд бөөр, зүрх  ордог. Судсанд байнга ачаалал өгөөд байхаар бөөр, зүрхний судас нарийсаж хатуурдаг. Ялангуяа бөөрний судасны үйл ажиллагаа алдагдаж, эд эсүүд нь үхэжсэнээр бөөр тэжээлгүй болоод хэмжээгээрээ жижгэрч, яваандаа бөөрний дутагдалд ордог. Ингэснээр бөөр орлуулах эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах хүртэл шатанд хүрдэг аюултай өвчин юм. Тиймээс ингэж даамжрахаас нь сэргийлэхийн тулд бид цусны даралт ихсэлтийг бууруулах зорилго нэн түрүүнд тавиад Цусны даралтын эсрэг аян өрнүүлээд байгаа юм.  

-Давсны хэрэглээ өндөртэй аймгуудад аян хэрэгжлээ. Давс бөөрөнд хамгийн их нөлөөлнө биз?

-Тэгэлгүй яах вэ. Давс өөрөө усыг их татдаг. Тийм учраас хавагнуулаад даралт ихэсгээд байгаа юм. Ер нь Увс, Ховд, Баян-Өлгий гурван аймагт цусны даралт ихсэлттэй хүн их байдаг юм байна. Шалтгааныг нь гурван байдлаас дүгнэж үзэж байна. Нэгдүгээрт, ажлын нөхцөл, ачаалал их, хоёрдугаарт таргалалт, гуравт даралтаа огт хянахгүй яваа байдал анзаарагдлаа. Ховд аймагт нэг зүйлд их талархаж байсан. Өндөр даралттай хүн харьцангуй гайгүй. Гэхдээ даралтаа маш сайн хянаж, эмээ тогтмол уудаг юм байна. 160, 170-аас дээш даралттай хүн бараг байсангүй. Асуухад бүгд эмээ уудаг, уухгүй бол ийм зовиур илэрдэг гэж байсан. Даралт ихтэй гэж анх удаа оношлогдсон хүмүүс миний үзлэгийн хувьд 10 хувьтай, үүний 5 хувь нь 40 хүртэлх насны залуу хүмүүс байлаа. Баян-Өлгий аймгийн хувьд ерөнхийдөө таргалалт ихтэй, бас даралтны эмийн хэрэглээ байдаггүй юм байна. Эмнэлэгт хандах нь бага атлаа иргэдийн дунд даралт ихсэлт маш их байна. Урьдчилан сэргийлэх үзлэгээр өдөрт 160-аад хүн үзэхэд 160-220 даралттай хүн 10 гаруй байсан шүү.

3 Д.Эрдэмбилэг: Даралт ихсэх өвчин удамших магадлалтай

(УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч, анагаах ухааны магистр, зүрхний шигдээсийн их эмч)

Д.Эрдэмбилэг: Даралт ихсэх өвчин удамших магадлалтай

-Цусны даралт ихсэлтийн эсрэг аяны энэ жилийн онцлог юу байв?

-2018 онд төвийн бүсийн дөрвөн аймагт энэ аян хэрэгжсэн. Энэ жилийн онцлог гэвэл мэдээж зохион байгуулалтын хувьд нэлээд сайжирсан байна. Тухайн аймаг, сум, орон нутгийн эмч нарын оролцоо харьцангуй сайн байлаа. Мөн эмч нар сургалтандаа их сайн хамрагдлаа. Иргэдэд урьдчилаад мэдээлэл сайн өгсөн учраас идэвхтэй оролцлоо. Энэ бол зохион байгуулалт харьцангуй сайжирсны шинж байх. Баруун гурван аймгийн онцлог гэвэл их өндөрлөг газар байдаг учраас иргэдийн дунд цусны өтгөрөл их байна. Мөн давсны хэрэглээтэй холбоотойгоор даралт ихсэх магадлал өндөр юм. Даралт ихсэлт Баян-Өлгий аймагт Увс, Ховдоос өндөр үзүүлэлттэй  буюу үзлэгээр ирсэн хүмүүсийн 70-80 хувь нь даралт ихтэй байна.

- Та бол УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч. Зүрхний шигдээстэй, эсвэл онош нь тодрохгүй, хүндэрсэн, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай өвчтөнүүд хэр үзүүлэв?

-Увс аймагт зүрхний шигдээстэй нэг өвчтөн оношилж, мөн  төлөвлөгөөт маягаар 2-3 хүн УГТЭ рүү явуулсан.  Ховд аймагт зүрхний шигдээстэй 2-3 хүн оношилж, мөн 4-5 хүнийг судсан дотор эмчилгээ хийлгэхээр хот руу явуулах заалт бичиж өгсөн. Баян-Өлгий аймгийн хувьд иргэдийн дунд даралт ихсэлт нэлээд өндөр байна. 7-8 өвчтөн хот руу шилжүүлсэн. Алслагдсан аймаг болоод ч тэр үү,  хот руу тэр бүр явдаггүй юм байна. Хүндэрчихсэн  өвчтөнүүд их байна.

- Эмч нар аяны үеэр урьдчилан сэргийлэх үзлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийснээс гадна хүнд өвчтэй хүмүүсийг гэрээр нь очиж үзсэн гэл үү?

-Тийм ээ. Бид очсон аймаг бүртээ хүнд өвчтэй, хэвтэрийн хүмүүсийг гэрээг үзлэг хийж явсан. Жишээлбэл, Баян-Өлгийд хоёр өвчтөнийг гэрээр нь очиж үзлээ. Нэг нь 65 настай эмэгтэй. Олон жил даралт ихсэж явснаас зүрхний хэм алдалттай болж, үүнээс шалтгаалан бүлэн үүсэж, тархины судас бөглөрөн харвалт өгөөд сар орчим болсон. Тал саатай, тэнцвэрийн эрхтэн нь алдагдалтай, нэлээд хүнд, орноосоо босох боломжгүй хүн байсан. Мэдрэлийн эмч Т.Баасандорж, хөдөлгөөн засалч Б.Өнөржаргал нартай хамт очиж багаараа зүрх болон  харвалтын талаар, мөн хөдөлгөөн заслын зөвлөгөө өгсөн. Тэр айлд мөн 20-иод жилийн өмнө харвасан өөр нэг настай хүн байсан. Тэр хүнд бас мэдрэлийн болон зүрхний эмчилгээний талаар зөвлөгөө өгсөн.  

- Даралт ихсэлт ер нь удамшдаг уу?

-Ер нь бол удамших магадлалтай. Ар гэрт, аав ээж, ах дүү нарынх нь дунд эрэгтэй хүн 50-иас доош, эмэгтэй хүн 55-аас доош насандаа гэнэт тархины харвалт өгч байсан, эсвэл зүрхний шигдээсээр нас барж байсан, даралт ихсэлттэй хүн байдаг бол анзаарч байх хэрэгтэй. Ийм хүмүүсийн хувьд 30-аас дээш насанд даралт ихсэлттэй болох магадлал бий. Түүнийг хянахгүй яваад байвал амь насанд аюултай өвчин 40-50 насанд ихэвчлэн тохиолддог. Миний үзлэгийн явцад 30-35 насны даралт ихсэх өвчтэй залуус хэд хэд тааралдсан. Эдгээр нь нэгд, удамшил байдаг юм байна. Удамшил байхгүй тохиолдолд жингийн илүүдэлтэй, ямар нэгэн хавсарсан өвчтэй байна. Ховдод үзүүлсэн нэг залуу нурууны хагалгаанд орсноосоо хойш таргалаад үүнээсээ болж даралт нь ихэссэн байсан. Ер нь жингийн илүүдэл, архи тамхины зохисгүй хэрэглээ зэрэг амьдралын буруу хэв маягаас болж даралт ихсэж байна.

                                                                                                                                                                                Г.Оюунгэрэл

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.