Коулун хот нь Хонг Конгийн арлын хойд хэсэгт оршдог хүн ам маш шигүү суурьшсан, захиргаагүй хот байжээ. Анх Хятадын цэргийн бэхлэлт байсан барилгууд нь бага багаар өргөжин тэлснээр, хоорондоо холбогдсон, 13 давхар хүртэлх өндөр 300 барилга болсон юм.
Дэлхийн 2-р дайны дараахнаас Хятадын цагаачид Хонг Конг руу ихээр дүрвэх үед амьдрах орон байр хомс байсныг бизнес эрхлэгчид овжноор ашиглан тэнд барилгууд барьж эхэлсэн байна.
Тус хотод оргил үедээ 2.5 га газарт 33000 хүн амьдарч байжээ.
Энэхүү хот нь Хонг Конг-д байдаг хэдий ч Хятадын цэргийн бэхлэлт гэж тооцогддог буюу албан ёсоор Хятад улсад харъяалагддаг. Гэвч Хонг Конгийг хариуцдаг Их Британи болон Хятадын засгийн газрууд энэ газар болж байгаа зүйлийг тоодоггүй байв.
Хууль, зохицуулалт гэх зүйл байхгүй учраас хүмүүс өөрсдийн ахуй амьдралдаа зохицуулан аж төрнө. Харин тэнд үйлчилдэг ганц хууль нь 13-14 давхраас дээш өндөр барилга барихыг зөвшөөрдөггүй аж. Энэ нь Коулун хот нисэх онгоцны буудалтай ойрхон байдагтай холбоотой юм.
1950-1970-аад оны үед Коулун хотыг Хятадын “Триад” гэх мафи эзэмшдэг байсан бөгөөд тэр үед уг хот биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, хар тамхины үүр уурхай болж байв.
1987 онд гэрэл зурагчин Жирардыг очиход энэ хотын муу муухай бүхэн алга болж жирийн нэгэн хот болсон байжээ. Гэсэн хэдий ч "муу нэрийг хусавч арилахгүй" гэдэгчлэн эцэг эхчүүд хүүхдүүдээ тийшээ зүглэхийг зөвшөөрдөггүй байлаа.
Коулун хотын гудамж маш нарийхан бөгөөд зарим тохиолдолд нэг хүнээ явж өнгөртөл хүлээн зогсох хэрэг гарна. Мөн барилгуудын дээд давхруудыг холбосон гүүр маш их хийгдсэн байжээ.
Хотоор шөнийн цагаар явахад тохиромжгүй. Бүр оршин суугчид нь хүртэл тэдгээр тоо томшгүй олон зам, гүүр, нарийн гудмууд дунд будилж, гэртээ харих замаа арайхийн олно.
1976 онд Жирард хотын шууданч, ноён Луитай танилцсан байна. Луй нь хотоос гарч ордог замуудыг гарын хуруу шигээ сайн мэдэх бөгөөд дээрээс юм унаж болзошгүй гээд үргэлж хамгаалалтын малгайтай явдаг нэгэн.
Хууль дүрэм бараг үйлчилдэггүй болохоор шинэ бизнес эрхлэхэд харин хялбархан. Үүнээс гадна бизнэс эрхлэгчид бусад иргэдийг бодоход бага түрээс төлдөг байжээ.
Хо Чи Кам нь эхнэртэйгээ хамт энд 1991 он хүртэл үсчний салон ажиллуулдаг байсан боловч хотоос хөөгдсөний дараа тэрээр өөр хүний дор үсчнээр ажилладаг болжээ. Учир нь Коулунд төлж байсан шиг бага түрээстэй газар олдохгүй байв.
Диплом, зөвшөөрлийг нь Хонг Конгийн хуулиар хүлээн зөвшөөрдөггүй байсан учраас Хятадаас ирсэн эмч, шүдний эмч болон бусад мэргэжилтнүүд Хонг Конгод ажиллах боломжгүй байжээ. Гэсэн хэдий ч хууль дүрэм үйлчилдэггүй Коулун хотод тэд өөрсдийн гэсэн ажлын байртай болж чаджээ.
Хонг Конгийн ажилчид Коулун дахь эмч нарт үзүүлэхийг илүүд үздэг байлаа. Учир нь албан ёсны бичиг баримтгүй эмч нар хямд үнээр үзлэг, эмчилгээ хийдэг байв.
Коулун хот махны худалдаачдад ч мѳн сайхан боломж олгож байлаа. Хонг Конгийн иргэд нохойн махыг ихээр иддэг бѳгѳѳд 6 сартай гѳлѳгний махан шѳл хамгийн алдартай хоол байв. Гэвч Их Британий засгийн газраас хожим нохойн махыг хүнсэндээ хэрэглэхийг хоригложээ.
Хуй Туй Чой 1965 онд Коулун хотод гоймонгийн үйлдвэр нээжээ. Энд бусад газруудтай адил эрүүл мэнд, хѳдѳлмѳр эрхлэлтийн албанаас зѳвшѳѳрѳл авах шаардлагагүйгээс гадна түрээс нь ч бага байсан байна.
Коулун хот олон бизнесийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх төв байсан ба хамгийн том нь Хонг Конгийн ресторануудыг хангах загасны бөөрөнхий махны үйлдвэрлэл байв.
Резинэн материал хийдэг хоёрхон ажилтантай үйлдвэр ч байжээ.
Ажлын цаг дууссаны дараа хүнсний дэлгүүр зэрэг худалдааны газрууд амрах өрөө, хүүхдүүдийн хичээлээ хийх өрөөний үүргийг давхар гүйцэтгэдэг байв.
Ажиллах, амьдрах газар нэг байдаг тул хадам эцэг эхээ асрах нь гэрлэсэн эмэгтэйчүүдийн үүрэг байв.
Хотын дээгүүр хэрсэн олон шугам сүлжээ, цахилгааны утас, хоолой зэргээс болж Коулун хот ѳѳрийн гэсэн бичил уур амьсгалтай болжээ. Хотын хамгийн доод хэсэгт очиход маш бѳгчим халуунаас гадна ѳмхий үнэр ханхална.
Ѳмхий үнэрээс зугтахын тулд оршин суугчид нь өдрийн цагаар байшингийн дээвэр дээр гарч салхилах, хувцсаа угаах, гэрийн даалгавраа хийх, хѳгжмѳѳ давтах зэргээр цагаа ѳнгѳрѳѳдѳг байв.
1987 онд Хятад, Их Британы засгийн газар Коулун хотыг буулгахаар шийдвэр гаргаж, 33000 иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхлүүлжээ. 1993 оноос эхлэн хотын иргэдэд нѳхѳн олговор олгож, хотыг нурааж эхэлсэн байна.