Гурван жилийн өмнө Норманди мужийн Турувр-о-Перш хот руу орох 1 км гаруй урттай замыг нарны хавтангаар хучсан бөгөөд албан ёсоор Wattway хэмээн нэрлэжээ.
Нээлтийн үеэр гүйцэтгэгч Colas компанийн мэдэгдсэнээр нарны энергийн хавтангууд силикон агуулсан резинээр бүрхэгдсэн ба 18 дугуйтай тээврийн хэрэгслийг ч дээгүүр нь явуулах боломжтой гэж байжээ.
Удалгүй нэг асуудал үүссэн нь уг зам дээгүүр явахад маш их дуу чимээ гарч байсан учир жолооч нар хурдаа цагт 70 км болгон багасгадаг болжээ. Францын засгийн газраас энэхүү төсөлд 5 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийж байв. Гэвч уг хөрөнгө оруулалт төдийлөн ашиг тусаа өгөөгүй бөгөөд тус замд эвдрэл үүсч, хавтангууд нь залгаа хэсгээрээ салж эхлээд байгаа юм.
Түүнчлэн бороо замын гадаргыг гэмтээж, хавтангууд хоорондын резин жийргэвч нь дээш гарч ирсний улмаас замын зарим хэсэгт хэвийлт өгсөн аж.
Түүнчлэн “Wattway” төслийг хэрэгжүүлэгч багийнхан энэхүү замын тусламжтайгаар 2016 он гэхэд 5000 айл өрхийг нарны эрчим хүчээр хангана гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч бүтэлгүйтжээ. Учир нь Норманд сэрүүвтэр уур амьсгалтай буюу мужийн төв Кан хотод жилийн ердөө 44 хоногт л хурц нартай байдаг. Хавтангуудыг суурилуулснаас хойш цаг агаарын байдал нэг их өөрчлөгдөөгүй бөгөөд нарны энергийг тийм ч сайн цуглуулж чадаагүй байна.
Төслийн үр дүн тааруухан байгааг гүйцэтгэгч "Colas" компани хүлээн зөвшөөрсөн юм. Уг компани нь зөвхөн Нормандид биш, дахиад 40 гаруй нарны хавтантай замыг хариуцан ажиллаж байгаа гэнэ.