Хойд Тайландын Чианг Май хотод өссөн Нонг Тоом нь залуу хүү байхдаа, эхлээд гэр бүлдээ болон өөртөө илүү сайхан ирээдүйг бий болгох, дараа нь эмэгтэй хүн болж өөрчлөгдөх гэсэн хоёр зорилго тээсээр Муай Тай боксын төрлөөр хичээллэж эхэлжээ.
Тун удалгүй энэхүү эрчүүдийн спортод 20 ялалт, 18 хүнд цохилт хийснээр нэр алдар нь түгэж эхлэв. Түүний тэмцээний өмнө рингэн дээр нүүрээ будаж буй охин хэмээх бүжгийг бүжиглэх, өрсөлдөгчөө ялсны дараа хацар дээр нь үнсэх зэрэг үйлдлүүд нь хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд аваачсан байна. 70 удаа мэргэжлийн боксын тэмцээнд оролцсоны дараа 1999 онд Нонг Тоом зодог тайлж хүйс солиулах хагалгаанд оржээ.
Түүний энэхүү ер бусын түүх Сингапур гаралтай кино найруулагч Екачай Уекронгтамын анхаарлыг татсанаар, боксчны амьдралаас сэдэвлэн "Царайлаг боксчин - Beautiful Boxer” хэмээх киногоо 2004 онд бүтээжээ.
Кинонд тоглож загварын ертөнцөд ч мөн амжилттай ажиллан илүү их нэр алдарт хүрснийхээ дараа ч тэрээр өөрийн дуртай боксын спортоо орхилгүй Тайланд болон гадаадын орнуудад зохиогдсон шоу тоглолтод оролцдог байлаа.
Одоо тэрээр Бангкок хотоос 3 цагийн зайтай орших Пран Бури хотод оршин сууж, охин Пангаа өсгөхийн хажуугаар орон нутгийн сургуульд багшилж мөн хүүхдүүдэд муай тай бокс заан эгэл жирийн завгүй амьдралаар амьдарч байна.
Мөн сайн найз Стивэн Ханы хамтаар Париниа Муай Тай хэмээх хүүхдүүдийн сайн сайхны төлөөх Тайланд соёл өв уламжлалыг хадгалан үлдэх зорилго бүхий бэлтгэлийн бааз барихаар ажиллаж байгаа гэнэ.
Түүний тухай кино цацагдаад олон жил өнгөрч байгаа ч Нонг Тоом одоог хүртэл Тайландын ард түмний шүтээн, нэр алдартай олны танил нэгэн хэвээр байгаа юм.