Илья Иванов нь ЗХУ-д төдийгүй Женев, Парист хүртэл сурч, ажиллаж байсан ба тэрбээр хэд хэдэн томоохон их сургуульд багшилж, хээлтүүлгийн талаар нарийн судалгааг хийж байжээ. Түүний судалгааны ажлуудын хамгийн томоохон нь зэрлэг амьтад болон гэрийн тэжээвэр амьтдыг хээлтүүлэх байсан бөгөөд тэрбээр уг үйл ажиллагаагаа Аскани-Новад хийж байсан аж.
Тухайн үед генетикийн судалгаа төдийлөн сайн хөгжөөгүй байсан учир түүнийг хүмүүс бурхнаар тоглож байна хэмээн үздэг байжээ. Харин зарим нь Илья Ивановын судалгааны ачаар ирээдүй хөгжих болно гэж боддог байсан юм.
Иванов ч мөн адил өөрийнх нь судалгаа шинжлэх ухааныг нэг алхмаар урагшлуулна гэдэгт итгэлтэй байв. Тиймдээ ч тэрбээр онолоо практикаар баталж чадсан юм. Иванов илжиг-тахь, үхэр-бизон, үхэр-зээр зэргийг хээлтүүлж байсан бөгөөд адуу үржүүлгийн тал дээр ихээхэн анхаарал хандуулжээ. Улмаар түүний судалгааны ачаар нэг азарганаас 500 гүү хээл авах боломжтой болсон билээ.
Тэгээд хэсэг хугацааны дараа Иванов хүн болон бичний эрлийзийг гаргаж авахаар болжээ. Өөрийнхөө уг төслийн талаар тэрбээр 1910 онд Грацад болсон Олон Улсын амьтан судлаачдын хуралдааны үеэр зарласан юм.
Улмаар Иванов 14 жилийн дараа тэр үед Францын эзэмшил байсан Гвинейд энэхүү туршилтаа явуулах зөвшөөрлийг авсан бөгөөд түүний төслийн хөрөнгө оруулалтын талыг ЗХУ-аас гаргаж өгсөн байна. Гэхдээ Гвинейд очиход судалгаанд зориулагдсан нас бие гүйцсэн шимпанзе бич хангалтгүй байсан учир ажил нь дахин хагас жилээр хойшлогджээ.
1926 оны 11 сард Иванов Францын Гвинейн өөр арал дээр хүүтэйгээ хамт очжээ. Түүний хүү биологийн чиглэлээр сурч төгссөн байсан учир эцгийнхээ судалгаанд тусалж байсан аж. Ийнхүү тэд нутгийн судалгааны багийнхны хамтаар хэд хэдэн шимпанзег барьж, гурвыг нь хүний үрийн шингэнээр хээлтүүлжээ. Мэдээж, үрийн шингэнийг тэд сайн дурын иргэдээс авсан юм. Гэвч хэдэн сарын дараа харахад нэг ч бич хээл аваагүй байсан учир тэрбээр Франц руу буцсан байна. Тэгэхдээ туршилтанд оруулсан бичнүүдээ бүгдийг нь хамт авч явсан бөгөөд тэднээс нэг нь замдаа үхсэн гэдэг.
Ингээд Иванов эмэгтэй хүний биед бичний үрийн шингэн суулгах талаарх зөвшөөрлийг хүсжээ. Гвинейн удирдлагууд энэ судалгааны аргыг дэмжихгүй байсан ч Иванов ажлаа үргэлжлүүлэх арга замыг олно гэдэгтээ итгэлтэй байв. Түүнд туршилтад оролцох эмэгтэйгээ Африкаас илүү Европоос олох нь хялбар байсан бөгөөд тэрбээр 2-3 нас бие гүйцсэн бич байхад л хангалттай хэмээн бодож байжээ.
Хэсэг хугацааны дараа Ивановын санал нэлээн их дэмжлэг авч, тэрбээр өөрийн багийг бүрдүүлэн Хар далайн эргийн Сухуми руу явсан ба туршилтад доод тал нь 5 сайн дурын эмэгтэй байх хэрэгтэй гэж үзжээ. Гэхдээ Сухумид байсан цор ганц орангутан нь тэр үед үхсэн байсан юм. Улмаар судлаачид жилийн дараа ирэх төлөвлөгөөт бичнүүдийг хүлээх болжээ.
Хэсэг Шимпанзе бич 1930 оны зун Сухумид ирэх ёстой байсан боловч хавар нь болсон улс төрийн цэвэрлэгээний үеэр Ивановын туршилт байр сууриа алдаж эхэлсэн бөгөөд түүнийг баривчилж Алма-Ата руу цөлжээ. Тэрбээр нас барах хүртлээ тус газар 2 жил ажилласан байна.
Харин орчин үед энэхүү туршилтыг ёс зүйн үүднээс явуулж болохгүй. Гэхдээ Ивановын санаа урлагийн хүмүүст бүтээл туурвихад сайнаар нөлөөлсөн ба 2011 онд хүн болон бичийг хээлтүүлэх талаар өгүүлдэг “Dark Matters: Twisted But True” хэмээх кино гарч байсан билээ.