Хумхийн тоосны нөлөөг ярихаасаа өмнө энэхүү саарал өнгөтэй зүйл яг юу болох талаар өгүүлье.
Тоос гэдэг нь амьд болон амьгүй биетүүдээс гаралтай жижиг хэлтэрхийнүүд юм. Гэрийн нөхцөлд байгаа тоосонцрын 35 хувь нь төрөл бүрийн эрдэс чулуулаг, 20 хувь нь хүн амьтны үхэжсэн арьс, 12 хувь нь даавуу болон цаас, 8 хувь нь ургамал, 3 хувь нь утаа, тортогноос гаралтай байдаг бол үлдсэн 22 хувь нь үл мэдэгдэх газраас гаралтай байдаг аж. Судлаачид түүнийг сансрын тоос хэмээн үздэг.
Хүмүүсийн тоосонд үзүүлдэг хамгийн түгээмэл хариу үйлдэл нь найтаалгах юм. Учир нь тоосонцор хамар руу орох үед бие организм гадны биетээс өөрийгөө хамгаалахын тулд найтаалгадаг билээ.
Хэт их тоос хүний биед сөргөөр нөлөөлөх нь мэдээж. Тоосон дунд нуугдаж байдаг сапрофит хэмээх бичил биет нь амьд биологийн биетийн үлдээсэн органик бодисуудыг органик бус болгох зорилготой оршин тогтнодог. Энэхүү бичил биет дангаараа хүнд төдийлөн хор хүргэж чадахгүй ч хамрын хөндий дэх салс мембранд хүрсэн тохиолдолд харшил өдөөж, бүр астма үүсгэх аюултай байдаг.
Мөн энэ нь төрөл бүрийн өвчний бактери болон вирусийн тоосонцроор дамжин хүний биед нэвтэрдэг. Нэмж дурдахад, тоос ихтэй газарт хортон шавж, мэрэгчид ихээр үрждэг ажээ.