Хамгийн утгагүй шалтгаанаас болж дэгдсэн 5 дайн

Дайн тулааны шалтгаан, уг үндэс нь ихэвчлэн газар нутгийн маргаан, үндэстэн хоорондын зөрчил, эдийн засгийн ашиг сонирхлоос үүдсэн байдаг. Гэтэл ердөө эзнээсээ алдуурсан нохой хил давснаас болж хоёр гүрний хооронд цус урсгасан дайн болж байсан тохиолдол бий ажээ. Ингээд та бүхэнд дэлхийн түүхэн дэх хамгийн инээдтэй, утгагүй шалтгаанаар тулалдсан 5 дайныг хүргэж байна.

Хамгийн утгагүй шалтгаанаас болж дэгдсэн 5 дайн

1 Гахайн дайн

Ердөө нэг гахайг буудсанаас болж АНУ, Их Британи хоёрын хооронд маргаан үүсч, хэдэн долоо хоног үргэлжилсэн дайн дэгджээ. Энэхүү маргаан 1859 онд АНУ-ын эх газар болон Ванкувер арлын хооронд байрлах Сан-Хуан арал дээр эхэлсэн байна. Тухайн үед арал дээр АНУ-ын оршин суугчид болон Их Британийн Hudson’s Bay компанийн ажилчид зэрэгцэн амьдардаг байсан тул үржил шимтэй хөрсөө булаацалдан маргалдсан байна.

Тодруулбал, 1859 оны зургадугаар сарын 15-нд Америкийн фермэр Лиман Катлар (Lyman Cutlar) Британичуудын нэгэн бодон гахай өөрийнх нь төмсний талбай дээр явж байхыг хараад бууджээ. Ингээд буудуулсан гахайнаас болж Америк, Их Британи хоёр талын оршин суугчдын зөрчилдөөн ширүүсч, Катлар ч баривчлагдсан байна. 

Америкчууд болсон явдлын талаар дээшээ мэдээлэхэд, АНУ-ын арми Ахмад Жорж Пикеттийг (хожим Иргэний дайны үед генерал болсон) цөөн тооны цэрэгтэй илгээжээ. Пикеттийн арми арал дээр ирэхэд, Британийн тал хариу болгон бүрэн зэвсэглэсэн тэнгисийн цэргийн хөлөг онгоцоо далайн эрэг рүү илгээсэн байна. Энэхүү утгагүй шалтгаанаас үүдсэн дайн нь түгшүүр, үймээн дагуулсан хутганы ирэн дээрх олон долоо хоногийг эхлүүлсэн юм.

Харин 1859 оны аравдугаар сард Сан-Хуан арал дээр хоёр тал галаа зогсоон хэлэлцээр хийж, арлыг цэргийн оролцоотойгоор хамтран эзэмших шийдвэрт хүрэн дайныг төгсгөжээ.

Гахайн дайн

2 Никагийн бослого

МЭ 532 онд Ромын эзэн хаан Юстинианы засаглалыг унагах гэсэн хүмүүс Константинополийн гудамжинд олноороо цугларч, хотын ихэнх хэсгийг галдан шатаасан явдал нь ердөө морин тэрэгний уралдаанаас шалтгаалжээ.

VI зуунд Константинополь дахь морин тэрэгний уралдаан нь сонирхогчдын дунд маш сул зохион байгуулалттай болдог байснаараа ихээхэн алдартай байжээ. Тиймдээ ч уралдаанд оролцогчид тухайн үед спорт сонирхогч гэхээсээ илүү гудамжны дээрэмчид шиг аашилдаг байсан ба тэдний дундаас Цэнхэрүүд болон Ногоонууд гэх бүлэглэл нь зэрлэг, бүдүүлгээрээ алдартай байсан аж.

Харин 532 оны нэгдүгээр сард эзэн хаан Юстиниан тус бүлгүүдийн хоёр гишүүнийг цаазаар авах ялаас чөлөөлөхөөс татгалзсанаар хоёр бүлэг хамтран бослого гарсан байна. Тэд хэдхэн өдрийн дотор хотын захирагчдын төв байрыг шатааж, эзэн хааны харуулуудтай мөргөлдөж, шинэ эзэн хааныг өргөмжлөхийг санаархжээ. 

Харин томоохон эсэргүүцэлтэй нүүр тулсан Юстиниан хаан эцэст нь бослогыг хүчээр нухчин дарахаас аргагүйд хүрсэн байна. Ингээд хаан Цэнхэрүүдийн дэмжлэгийг авахын тулд  тэднийг хахуульдаж, өөрийн талд оруулаад, үлдсэнийг нь талан сүйтгэжээ. Энэ бүхний эцэст, бослого дарагдсаны дараа морин тойруулга орчимд 30,000 орчим хүний цогцос үлдсэн байна.

Никагийн бослого

3 Алдуурсан нохойн дайн

Хорьдугаар зууны хамгийн хачирхалтай зөрчилдөөний нэг бол эзнээсээ алдуурсан нохойноос үүдсэн олон улсын зөрчил, хямрал юм. Энэхүү үйл явдал нь Грек Болгар улсуудыг хооронд нь дайсагнуулж, 1910-аад оны Балканы хоёрдугаар дайнаас хойш үргэлжилсэн зөрчлийг улам хурцатгасан юм. 

1925 оны аравдугаар сард Грекийн цэрэг алдуурсан нохойгоо хөөн гүйж байгаад Болгарын хил рүү нэвтэрч, буудуулснаар хэрэг манджээ. Ингээд Грекчүүд санаа нэгдэн Болгар руу довтолж, зарим тосгоныг нь эзэлсэн байна. Грекчүүд бүр Петрич хот руу их буугаар буудаж байх үед Үндэстнүүдийн Холбоо уг зөрчлийг эсэргүүцэн, хөндлөнгөөс оролцсон байна. Хожим тус холбооноос хоёр талын хооронд гал зогсоох гэрээ хийлгэх хүртэл 50 хүн амиа алдаад байжээ.

Алдуурсан нохойн дайн

4 Женкинсийн чихний дайн

1738 онд Их Британийн далайчин Роберт Женкинс Парламентийн гишүүдийн өмнө огтолсон чихний тасархай гаргаж үзүүлжээ. Тэрээр тус нотолгоог үзүүлээд 7 жилийн өмнө Испанийн эргийн харуулын офицер өөрийг нь хууль бусаар хил нэвтэрсний шийтгэл болгон өрөөсөн чихийг нь тасалсан гэдгийг хэлсэн байна. Ингээд удалгүй Британи Испанийн эзэнт гүрний эсрэг дайн зарлаж, “Женкинсийн чихний дайн” эхэлсэн юм.

Үнэн хэрэгтээ Британи, Испани хоёрын хоорондох мөргөлдөөн 1700-аад оны эхэн үеэс эхэлсэн байсан бөгөөд Женкинсийн чих нь зөвхөн нэг шалтаг болжээ. Мөргөлдөөн болох өөр нэг шалтгаан нь Америк дахь Испанийн эзэмшлийн Флорида болон Британийн Жоржиа хоёрын хилийн маргаантай асуудал байсны дээр Испаничууд Женкинс шиг хөлөг онгоцны олон ахмадуудыг зовоон, тарчлааснаас болсон байна.

Мөргөлдөөн 1739 оны сүүлээр эхэлж, 2 жил үргэлжилсэн ч аль ч тал нь үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй юм. 

Женкинсийн чихний дайн

5 Нарийн боовны дайн

1828 онд хилэгнэсэн түмэн төрийн эргэлт хийхийг оролдож, Мехико хотын томоохон хэсгийг эвдэн сүйтгэжээ. Уг үймээний үеийн хохирогчдын нэг нь Францын цагаач, нарийн боовчин Ремонтол (Remontel) юм. Учир нь үймээний үеэр түүний жижигхэн кафег тонуулчид дээрэмдсэн байна. Ингээд Ремонтол нөхөн төлбөр олгохыг шаардахад Мексикийн эрх баригчид түүнийг үл ойшоосон тул, төрөлх нутаг Францын Засгийн газарт хандсан аж. Гэсэн ч түүний хүсэлтийг авч хэлцэлгүй арван жил өнгөрсний эцэст хаан Луи-Филиппийн анхааралд өртсөн байна. Үүнийг мэдсэн хаан ихэд хилэгнэж, Мексикээс сая сая франкын өрөө нэхэмжилснээс гадна нарийн боов хийдэг тогоочид 600,000 песогийн нөхөн төлбөр өгөхийг шаарджээ.

Харин Мексикчүүдийн хувьд тэр их хэмжээний мөнгийг өгөхөөс бэрхшээж байхад Луи хаан гэнэтийн зарлиг гаргаж, дайн эхлүүлсэн байна. Ингээд 1838 оны аравдугаар сард Францын флот Мексикт очиж, Веракруз хотыг бүсэлжээ. Мексикчууд төлбөрөө хийхээс татгалзах үед хөлөг онгоцнууд Сан-Хуан де Улуа цайз руу их буугаар галлаж эхэлжээ. Ийнхүү цөөн хэдэн тулаан болж, арванхоёрдугаар сар гэхэд 250 гаруй цэрэг алагдсан байна. 

1839 оны гуравдугаар сард Британийн засгийн газраас хоёр орны хооронд энхийн хэлэлцээр хийхэд тусалснаар, дайн өндөрлөжээ. Мексикийн тал гэрээнд гарын үсэг зурж 600,000 песог нарийн боовны тогоочид төлөхөөс аргагүйд хүрсэн байна.

Нарийн боовны дайн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()