1
Үлэг гүрвэлүүд бүрэн устаж үгүй болоогүй
Хэрвээ та одоо хүртэл 65 сая жилийн тэртээ үлэг гүрвэлүүдийг устсан гэж боддог бол мэдлэгээ шинэчлэх цаг чинь иржээ. Учир нь бидний эргэн тойронд байдаг цэнхэр шаазгай, тагтаа, бялзуухай, цахлай зэрэг шувуудад үлэг гүрвэлийн ген үлдэж өдийг хүртэл оршсоор байгаа юм.
“Үлэг гүрвэлийн Өсөлт ба Уналт” номын зохиолч, палеонтологич Стив Брусатте "Өнөөгийн шувууд үлэг гүрвэлээс үүсэлтэй бөгөөд тэдний биеийг бүрдүүлдэг хэсэг бүр нь трисератоп үлэг гүрвэлийнхтэй маш адилхан байдаг” гэж хэлж байжээ.
2
Бодисын гурваас илүү төлөв байдаг
Та сургуульд байхдаа бодист хатуу, шингэн, хий гэсэн 3 төлөв л байдаг гэж заалгасан байх. Хэдийгээр эдгээр нь хамгийн нийтлэг бодисын төлөв боловч дэлхийн атмосферийн давхаргын алсад плазм гэдэг дөрөв дэх төлөв оршдог бөгөөд энэ нь орчлон дээрх хамгийн түгээмэл төлөв байх магадлалтай гэнэ.
Хэрэв та атом дээр хангалттай хэмжээний эрчим хүчийг нэмбэл түүний электронууд цөмөөсөө гарч, ойролцоох өөр өөр цөмтэй урвалд орж маш өндөр кинетик энерги, цэнэг бүхий хэсгүүдээс бүрдсэн плазмуудыг үүсгэдэг байна. Мөн неон зэрэг хийнүүд нь цахилгааны тусламжтайгаар плазмын төлөвт орж, цацраг идэвхт шинжийг бий болгодог юм. Тиймээс ч сансар огторгуй дахь одод нь плазмын маш том бөмбөлөг дээр суурилдаг аж.
Гэхдээ зөвхөн плазм нь дээд бодис биш бөгөөд 1995 онд эрдэмтэд Бозе-Эйнштейний конденсац хэмээх бодисыг гаргаж авчээ. Тус бодис нь үнэмлэхүй доод градус хүртэл хөргөлт үүсгэж, молекулын хөдөлгөөнийг бүрэн зогсоож байсан гэнэ. Бозе-Эйнштейний конденсацыг байгальд байгаа эсэхийг хараахан илрүүлээгүй боловч лабораторийн нөхцөлд гарган авч болдог. Түүнчлэн судлаачид бусад бодисын төлвүүдийг судалж байгаа тул энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа билээ.
3
Манай нарны аймагт 8 эсвэл 13 гараг байж магадгүй
1990-ээд оны үед эрдэмтэд Далай ван гарагаас цааших орчноос солир, сүүлт од, мөсөн биетүүдээр дүүрэн нэгэн хэсгийг илрүүлжээ. Улмаар тэд үүнийг Куиперийн бүс гэж нэрлэсэн бөгөөд хожим Дэлхий ванг гараг биш, харин уг бүсийн нэгэн обьектод тооцох болсон юм.
Гэвч энэ нь гараг биш гэж үгүйсгэгдсэн анхны тохиолдол биш ба өмнө нь Бархасбадь, Ангараг хоёрын дунд орших Цересийг ч гараг биш гэж тодорхойлж байв. Хэдийгээр анх 1801 онд Цересийг гараг гэж бодож байсан ч дараа нь одон орон судлаачид үүнийг солирын бүсийн нэг хэсэг болохыг баталжээ. Гэвч тэдний түүх энэ хүрээд дуусаагүй бөгөөд 2006 онд Олон улсын одон орон судлалын холбооноос тус хоёр гарагийг “Одой гараг” гэх шинэ ангилалд багтаах болсон юм.
4
Бид нарны аймгийн гарагуудыг бүгдийг нь мэдэхгүй
НАСА-гийн үзэж буйгаар нарыг тойрон эргэлддэг албан ёсны 3 одой гараг байдаг ба хараахан илрүүлээгүй байгаа 100 гаруй одой гараг ч байх боломжтой гэнэ. Мөн тэд Х гэх нууцлаг гарагийг байгаа гэж тодорхойлдог ч энэ нь зөвхөн таамаглал төдий юм. Гэсэн хэдий ч Калифорнийн технологийн их сургуулийн судлаачид тус гарагийг Далай вантай адил хэмжээтэй боловч нарны аймгаас гадуур, Дэлхий вангаас ч алс хол оршдог хэмээн үздэг аж. "Phys.org" сайтад мэдээлснээр одоогоор нарны аймагт найман гараг, таван одой гараг байгаа нь тогтоогджээ.
5
Неандерталчууд хүмүүс шиг ухаалаг байсан байх магадлалтай
Сүүлийн үеийн судалгаагаар Неандерталчууд зүгээр ч нэг устаж үгүй болсон болхи, зэрлэг хүмүүс байгаагүй бөгөөд тухайн цаг үедээ зэрэгцэн оршиж байсан хүмүүсээсээ хавьгүй ухаалаг, боловсронгуй байсан нь батлагджээ. Тэд орчин үеийн хүмүүс Европт хөл тавихаас 20,000 жилийн өмнө Испанийн агуйн зургийг бүтээж байснаас гадна багаж зэвсэг, гоёл чимэглэлүүдийг хийдэг байв. Тэгвэл тэд яагаад устсан юм бол?
"Nature Communications" сэтгүүлд нийтлэгдсэн 2017 оны судалгаанд "Хомо Сапиэнсууд 50,000 жилийн өмнө Африкийн нутгаас гарч тархах үед тэд Неандерталчуудаас тоогоороо илүү байсан. Улмаар 2 өөр төрөл зүйл экологийн нэг нишег эзэгнэхийн тулд аль нэг нь мөхөхөөс аргагүйд хүрсэн байх магадлалтай." гэж дурдсан байна.
6
Баруун, зүүн тархитан гэж байдаггүй
Тархины хэсгүүд нь бүгд өөр өөр үүрэгтэй байдаг гэдгийг бид цус харвасан эсвэл тархиндаа гэмтэл авсан хүмүүсээс харж болно. Тиймдээ ч судлаачид хэл яриаг тархины баруун тал хариуцдаг, харин мэдээлэл боловсруулахыг тархины арын хэсэг хариуцдаг гэж үздэг. Тэгэхээр зөвхөн аль нэг тархи дангаараа ажиллана гэдэг боломжгүй зүйл юм.
7
Наполеон Бонапарт намхан байгаагүй
Үнэндээ Наполеон ойролцоогоор 170 см буюу тухайн цаг үедээ дундаж өндөртэйд тооцогддог байжээ. Гэтэл инээдмийн кино, шог зургуудад түүнийг маш намхнаар дүрсэлсэн байдаг. Учир нь Наполеоныг нас барсны дараа түүний өндрийг хэмжиж 5 фут 2 инч (157 см) гэж үзсэн ч Англи болон Францын өндрийн хэмжигдэхүүн ялгаатай байдгаас болж ийнхүү буруу ойлголт үүсжээ.
8
Хүн таваас илүү мэдрэхүйтэй
Хүрэх, амтлах, үнэрлэх, харах, сонсох нь хүний үндсэн мэдрэхүйнүүд боловч бид бусад олон механизмуудаар мэдээлэл хүлээн авдаг. Жишээлбэл, биеэ хянах чадвар нь бидэнд өөрсдийн байгаа орон зайг мэдрэх, тэнцвэрт байдлаа олох боломжийг олгодог. Харин кинестетик рецепторууд нь булчин, шөрмөсөө сунгаж биеийн хэсгүүдээ хянах, хөдөлгөхөд тусалдаг юм. Мөн бидэнд артерийн судсаараа хэр их хүчил төрөгч дамжуулахыг хянах рецептор ч байдаг аж.
9
Нас барсны дараа хүний үс, хумс ургадаггүй
Хүн нас барахад биеэр цус гүйхээ больж, хүчил төрөгч судсаар дамжих нь зогсдог тул үс, хумсыг ургуулдаг эд, эсүүд ч үүргээ гүйцэтгэж чадахаа больдог. BBC-ийн мэдээлснээр нас барсны дараа хүний үс, хумс ургадаг гэдэг нь ташаа ойлголт ажээ. Харин арьс хатаж, хурууны үзүүрүүд атаршиж, нүүрний арьс хуурайшин магнай сунаснаар үс, хумс нь урт ургасан мэт харагддаг аж.
10
Христофер Колумб Америк тивийг нээгээгүй
Уугуул Америкчууд өөрсдийн тив дээр дор хаяж 15000 жил амьдарсан байхад хожим хойно Колумб тэднийг нээсэн гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Харин та Европчуудаас Колумбыг анх Америкт хөл тавьсан гэж боддог бол энэ бодлоо өөрчлөх цаг болжээ.
Учир нь Викингийн аялагч Лейф Эриксон Колумбаас 500 жилийн өмнө Хойд Америкт очиж байсан аж. Түүнээс гадна Колумб зөвхөн Багам, Эспаньолын арлууд, Төв ба Өмнөд Америкийн эрэг хавийн газруудыг л олж илрүүлсэн бөгөөд өөрийгөө хэзээ ч Америкийг бүтнээр нь нээсэн гэж үзэж байгаагүй талаар Вашингтон Постод бичсэн байдаг юм шүү.