1
"Bethesda Terrace" (АНУ, Нью-Йорк)
"Төв Паркийн зүрх" гэгддэг Бетесда террасын загварыг гаргасан архитектор Калверт Вокс нь 1860-аад оны үед өөрийн дизайныг “Архитектурын ертөнцөд шинэ үеийг авчирсан" хэмээн тодорхойлж байжээ. Харин дотоод заслыг нь хийсэн Жэйкоб Моулдс сүм шиг нуман хэлбэрийн арк барьж, түүнийгээ 15000 өнгөлөг, хээ угалз бүхий хавтангаар чимж, 4 улирлыг бэлгэдсэн сийлбэрүүдийг урласан юм. Мөн энэхүү паркийг саруудын төгсгөлд улирал бүрийн өнгө төрх нэгэн зэрэг нөмрөн авдгаараа онцлогтой билээ.
2
Бөөгийн хад (Ольхон арал, ОХУ)
Иркутск мужийн нутаг дэвсгэрт, Байгаль нуурын дунд орших Ольхон арал нь Буриадын ард түмний ариун дагшин газар бөгөөд дэлхийн бөөгийн эрчим хүчний 5 цэгийн нэг билээ. Энэ арлын ариун дагшин газруудаас хамгийн эртний, үзэсгэлэнтэй нь "Бөөгийн хад" юм. Уг хад нь цагаан гантиг ихэр оргилтой ба олон зуун жилийн настай модод, элсэн манхан, хад чулуу зэргээр хүрээлэгдсэн байдаг.
Ольхон арал дээр ердөө 1500 хүн амьдардгаас гадна 2005 онд л бүрэн тог цахилгаанд холбогдож байжээ. "Бөөгийн хад" нь намартаа шатаж буй жүрж шиг, хавартаа хайлан урсаж буй нуур мэт харагддаг төдийгүй амар амгалан байж аливааг эргэцүүлэн бодох уур амьсгалыг бүрдүүлсэн мэт санагддаг аж.
3
Эльквигийн хөндий (Чили)
Эльквигийн хөндийд очиход хамгийн тохиромжтой үе нь хоёроос тав хүртэлх хуурай, халуун саруудад тохиодог. Учир нь энэ үед нутгийн бренд болсон усан үзмийн ургац хураалт, үйлдвэрлэлт явагддаг аж.
Гэхдээ жилийн аль ч саруудад уг бүс нутаг гайхамшигтай харагддаг. Яагаад гэвэл усан үзмийн талбай нь улирлаас хамаарч саарал, боронзон, өвөлдөө цасан цагаан болох нь ч бий. Харин 6,7-р сард борооны улирал эхэлж, цаг агаар сэрүүсэх үед та нутгийн дарс, шар айргийг амтлан бороонд норж, аз жаргалыг мэдрэх боломжтой юм.
4
Хааны коллежийн дэргэдэх сүм, Абердины их сургууль (Шотланд, Их Британи)
Абердин их сургуулийн бэлгэ тэмдэг болсон Хааны коллеж дахь жижиг сүм нь 1495 оноос хойш сүндэрлэж байгаа билээ. Зүүн хойд Шотландын уг бүс нутаг нь Их Британи дахь хамгийн сайхан цаг агаартай, нар хур тэгширсэн хэсэг бөгөөд тэнд зуны улиралд хэзээ ч бүрэн харанхуй болдоггүйн дээр намар, өвөл нь ч дулаахан, нүд баясгам байдаг аж. 18-р зууны дунд үеэс 20-р зуун хүртэл хугацаанд баригдсан байгууламжууд нь бүгд боржин чулуугаар хийгдсэн байдгийн сацуу Хойд тэнгисийн хязгаар, Абердины цэцэрлэгт хүрээлэнгүүд нь 4 улирлын турш өнгөө хувиргаж, гайхалтай үзэсгэлэнтэй харагддаг байна.
5
Нимфенбургийн ордон (Мюнхен, Герман)
Нимфенбургийн зуны ордныг 1664 онд Виттельсбахын угсаа залгамжлагч нарт зориулан барьж байжээ. Тиймээс та дулааны улиралд энэ ордноор аялахад хамгийн тохиромжтой юм. Харин ордны гаднах цэцэрлэгт хүрээлэн, паркуудыг үзэхэд жилийн аль ч үед очсон гайхалтай байдаг. Та хаврын цагт өвс ногоо соёолохыг харах бол өвлийн цагт Бавари нутгийн нэрийн хуудас болсон их цасыг харах боломжтой. Харин намрын улиралд алтан шаргал, бүүдгэр өдрүүдийг тольдонгоо Мюнхений Октоберфестийн шар айргийн дээжийг амтлах хэрэгтэй юм.
6
Ромын амфитеатр (Пловдив, Болгар)
Хамгийн удаан хугацаанд хүн амьдарч ирсэн түүхт хотод байдаг МЭ II зуунд баригдсан энэхүү амфитеатр нь Болгарын хэдэн зуун мянган жилийн нар, хурыг элээсэн юм. Траяны зургаан толгодын дунд сүндэрлэсэн амфитеатр нь танд жилийн турш үзэсгэлэнт байгалийг тольдох, Хемусын гудамжны гайхамшигт өнгө төрхийг бишрэн харах гэх мэт олон сонголтыг олгоно. Мөн эртний гудамжнуудын нэрийг сийлсэн нарийвчилсан зургийг үзэж, дотогш нэвтрэн, театрийн үзэгчдийн суудалд суух ч боломжтой билээ.
Түүнчлэн 1970-аад оны үед болсон хөрсний нуралтын дараа амфитеатрыг дахин илрүүлснээс хойш орой бүр тэнд үдэшлэг зохиогддог болсон аж.
7
Уорнинг уулын үндэсний парк (Шинэ Өмнөд Уэльс, Австрали)
"Mount Warning" унтарсан галт уулын бүсэд орших Бунджалуангийн уугуул иргэд өөрсдийн гэсэн өвөрмөц соёлтой. Мөн тус халуун орны ширэнгэн ойд олон төрлийн цэцэгс, шувууд, имж болон имжийн өөр төрлүүд байдаг нь жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг юм. Үүнээс гадна энэ паркад цаг үргэлж амьдрал буцалж байдаг тул тэнд хэдийд ч зочилж болох бөгөөд хүмүүс бут сөөгтэй мөнх сэрүүн уулын оргил руу гарахдаа халуун орны ногоон, чийглэг ширэнгэн ойг туулдаг ажээ.
8
Виттала сүм дэх чулуун тэрэг (Карнатака, Энэтхэг)
Нэгэн цагт Вижаянагарын эзэнт гүрний нийслэл байсан Хампи нь одоо хүртэл хуучин сүм хийдийн дурсгалуудаараа маш их бахархдаг. Тэдгээрээс магадгүй хамгийн алдартай нь Виттала сүм дэх Гаруда бунхан (Бүргэдийн бурхан) юм. Тэндхийн чулуун тэрэг нь Хинду бурхны унаа хөлгийг бэлгэддэг ба энэ нь борооны улирлын харанхуй, бүүдгэр өдрүүдэд ч сэтгэл хөдөлгөм, сүр жавхлантай харагддаг байна. Соёлын хувьд Энэтхэг нь 4 улирлаас гадна борооны улирал, намар руу шилжих улирал гээд нийт 6 улиралтай. Гэхдээ Энэтхэгийн цаг уурын хэлтсээс (IMD) нь борооны өмнөх улирал, баруун Өмнөдийн борооны улирал, борооны дараах улирал, өвөл гэсэн 4 улирлыг хатуу тогтоосон байдаг юм.