"Pirahã" нэртэй омог нь 30-аад жилийн өмнө дэлхий нийтэд танигдаж байсан бөгөөд Христийн номлогч Даниел Эверэт тэднийг Христийн шашинд оруулахыг хүсэж, олон жилийн турш хичээсэн боловч оролдлого нь бүтэлгүйтэж байсан гэдэг.
Тус омгийн хүмүүс удаан нойрсохыг аюултай гэж боддог бөгөөд унтах нь хүнийг сул дорой, эмзэг болгодог гэдэгт итгэдэг байна. Мөн тэд гүн нойронд автахыг үхэлтэй зүйрлэдэг ба хүн унтаад сэрэх бүрдээ өөрийнхөө нэг хэсгийг алддаг хэмээн боддог аж.
Үүнээс гадна омгийнхон голын ойролцоо амьдардаг учир олон тооны хорт могой, араатан амьтдаас биеэ хамгаалахын тулд байнгын сонор сэрэмжтэй байхыг эрмэлздэг гэнэ.
Тэд цаг хугацаа, он тооллын талаарх ямар ч ойлголтгүй учраас цаг тооны бичиг хөтлөхийг ер хүсдэггүй. Түүнчлэн 6-7 жил тутам омгийн гишүүн бүр нэрээ сольдог ба энэ нь амьдралын нэг хэсэг дуусаж, шинэ үе эхэлж байгааг илтгэдэг аж. Үүнээс гадна удирдагч, ахлагч байдаггүй тус омогт хүн бүр нэгдэж шийдвэр гаргадаг юм.
Хачирхалтай нь, тэд хоол хүнсийг хэзээ ч хадгалдаггүй бөгөөд ан, ав олдсон тохиолдолд л мах иддэг. Харин хоол хүнс дутмаг байх үед ой руу орж самар, жимс түүдэг аж.
Мөн тэдний хэл нь зөвхөн 3 эгшиг, 7 гийгүүлэгчээс бүрддэг ба ямар ч тоо байдаггүй гэнэ. Хэдийгээр тэдний амьдрал хүнд, хэцүү байдаг ч энэ омгийнхон ширэнгэн ойдоо амьдрахыг илүүд үздэг байна.