Роберт Дауни 2020 онд "The Footprint Coalition" нэртэй компани байгуулахаар төлөвлөжээ. Тэрбээр энэхүү компаниараа дамжуулж дэлхийг хог хаягдлаас салгахаар шийдсэн байна. Тэдний ашиглах гол хэрэгсэл нь "AI" буюу боловсронгуй хиймэл оюун ухаан бөгөөд 10 жилийн дотор энэ төсөл хэрэгжиж дуусах юм.
Саяхан болсон технологийн бага хурал болох "Amazon Re: Mars"-д оролцохдоо тэрбээр боловсронгуй робот болон хиймэл оюун ухаан ашигласнаар ямар үр дүн авч ирэх талаар ярьжээ. Роберт Дауни өөрийн төлөвлөгөөний нарийн ширийнийг дурдаагүй боловч хиймэл оюун ухааныг сайн талаар нь ашиглаж чадвал хүн төрөлхтөнд том тус хүргэж чадах болохыг илтгэлийнхээ үеэр илэрхийлжээ.
Тэрбээр "Бид робот болон хиймэл оюун ухааны тусламжтай 10 жилийн дотор эх дэлхийгээ бүрэн биш гэхэд мэдэгдэхүйц хэмжээнд цэвэрлэж чадна" гэж хэлсэн бөгөөд өөрийн төсөлд оролцож буй эрдэмтэн нарыг "Би мэргэжилтнүүддээ хайртай. Тэд нар яг өөрийн гэсэн сэтгэл хөдлөлтэй Википедиа шиг байдаг" гэж магтсан байна.
Түүний яг ямар төсөл хэрэгжүүлснийг бид 2020 оны 4-р сард олж мэдэх боломжтой болох бөгөөд удахгүй нээгдэх "TheFootprintCoalition.com" сайтад бүртгүүлж илүү их мэдээлэл авч болох юм.