1
Эрээн тахь + Адуу (Zebroid)
Эрээн тахийг дурын адуутай эвцэлдүүлж "зебройд" буюу тахины эрлийзийг гаргаж авдаг. Ихэнхдээ энэ тохиолдолд эрэгчин эрээн тахийг адууны гүүтэй хээлтүүлдэг юм.
Зебройд гэдэг нь бүх эрлийз эрээн тахины ерөнхий нэршил ба өөр бусад эрэгчингүүдийг ерөнхийдөө эрэгчин, эмэгчингийн нэрсийг нийлүүлж тогтсон журмын дагуу нэрлэдэг ажээ.
2
Лонхон хошуут далайн гахай + Алуурчин халим (Wholphin)
Вельфин нь эм лонхон хошуут далайн гахай болон эр алуурчин халим нараас гардаг ховор төрлийн эрлийз амьтан юм. Мөн эцэг, эх нь хоёулаа далайн гахайн овгийн, шүдтэй халимны багт хамаардаг. Хэдийгээр вельфинийг байгальд амьдардаг талаарх мэдээлэл бий боловч одоогоор 2 нь Хавайн "Sea Life Park"-д байдаг аж.
Кекаймалу бол хамгийн анх баригдсан вельфин бөгөөд үржилд орох боломжтой нь маш залуудаа төл гаргаснаар батлагджээ. Түүнчлэн 1991 онд тэрбээр дахиж нэг төрөхдөө Похайкеалоха хэмээх төл гаргаж түүнийгээ 2 жилийн турш хөхүүлсэн хэдий ч асардаггүй байсан тул хүмүүс өсгөсөн гэдэг. Гэхдээ Похайкеалоха 9 настайдаа үхсэн юм.
3
Хүрэн баавгай + Цагаан баавгай (Grolar bear)
Хүрэн, цагаан баавгайн бамбарууш нь "Баавгайнхан" овгийн ховор эрлийз бөгөөд тэд байгальд болон амьтны хүрээлэнд аль алинд нь байдаг ажээ. 2006 онд Канадын хойд туйлын баруун хойд нутаг дэвсгэрт Саксын боомтын ойролцоо нэгэн этгээд төрхтэй баавгайг буудсаныг ДНХ-ийн шинжилгээнд оруулснаар ийм төрлийн эрлийз баавгай байгальд амьдардаг болох нь батлагдсан юм.
4
Арслан + Бар (Liger)
Лигер бол эрэгчин арслан, эмэгчин барын эрлийз юм. Өөрөөр хэлбэл энэ нь 1 төрлөөс гаралтай ч өөр зүйлийн амьтдын эрлийз гэсэн үг юм. Одоо оршин буй муурын овгийн амьтдаас хамгийн том нь лигерүүд ба тэд бартай адилхан сэлэх дуртайгаас гадна арслан шиг нийтэч юм.
Түүнчлэн эцэг, эх болох арслан бар 2 нь байгаль дээр нэг газар зэрэг амьдардаггүй тул лигер үүсэх боломжгүй байдаг учраас тэднийг зөвхөн хүмүүсийн оролцоотойгоор л эвцэлдүүлдэг. Гэхдээ түүхийн хувьд аваад үзвэл Энэтхэг арслангууд үр төл олонтой байсан бөгөөд бар, арслан 2 нэг газар амьдардаг байх үед лигерүүд зэрлэг байгальд байсан талаарх домог байдаг юм.
5
Үхэр + Бух гөрөөс (Beefalo)
Beefalo нь үржилд орох боломжтой эрлийз юм. Анх үхрийн махан бүтээгдэхүүн гаргаж авах зорилгоор хоёр амьтны шинж тэмдгийг хослуулж уг үүлдрийг гарган авч байжээ. Гэхдээ энэ эрлийз нь бизон буюу бух гөрөөсний тоо толгойд заналхийлэх болсон бөгөөд одоогоор үхрийн ген холилдоогүй бизоны тоо маш цөөхөн үлдсэн байна.
6
Африкийн зэрлэг муур + Гэрийн муур (Savannah)
Саванна муур бол дунд зэргийн хэмжээтэй, том чихтэй Африкийн зэрлэг муур болон тэжээвэр муур хоёроос гаргаж авсан эрлийз юм. XX зууны сүүлчээр үржүүлэгчдийн дунд энэ эрлийз маш алдартай болсон бөгөөд 2001 онд Олон улсын муурын холбоо энэхүү үүлдрийг хүлээн зөвшөөрч, албан ёсоор бүртгэж авсан байна.
Саванна нь энгийн муурыг бодвол илүү нийтэч ба үнэнч байдлаараа нохойтой өрсөлдөхүйц байдаг. Учир нь тэд уяан дээр алхах болон бөмбөг шидэж тоглохыг хүртэл сурч чаддаг юм. Анх 1986 оны 4 сарын 7-нд Жюди Франк нь эрэгчин Африкийн зэрлэг муурыг сиам тэжээвэр мууртай эвцэлдүүлснээс Саванна үүсэж байжээ. Улмаар 1989 онд Патрик Келлэед (Patrick Kelley) энэхүү үүлдэр таалагдаж Саванна муурын зулзагануудаас нэгийг худалдан авч байсан аж. Келлэе бол Африкийн зэрлэг муур болон тэжээвэр муур хоёроос гаргаж авсан эрлийз үүлдрийг дэмжиж ажиллах туйлын зорилготой хүмүүсийн нэг билээ.
7
Илжигний азарга + Адууны гүү = Луус (Mule)
Луус бол эр илжиг болон гүүнээс гарсан үр төл. Морь, илжиг хоёр өөр хромосомтой хоёр өөр зүйлийн амьтан. Азарга болон илжигний гүүнээс гардаг хинни (hinny)-г бодвол луусыг гаргаж авах арай хялбар.
Луус нь ямар ч жин хэмжээтэй байж болох ба тэр нь эхээс нь ихээхэн шалтгаалдаг байна. Түүнчлэн адуунаас илүү тэвчээртэй, хөл дээрээ тогтвортой, бяртай, удаан амьдардаг ба илжиг шиг зөрүүд биш, илүү хурдан бас арай ухаалаг ажээ.
8
Буур + Эмэгчин лам гөрөөс (Cama)
Дубайн тэмээ үржүүлгийн төвийн зохиомол хээлтүүлгийн дүнд нэг бөхтэй буурыг эм лам гөрөөстэй хээлтүүлснээр кама эрлийз үүсжээ. Хамгийн анхны кама 1998 оны 1 сарын 14-ны өдөр төрсөн байна. Тэмээний хэмжээ болон чадлыг лам гөрөөсийн нийтэч зан болон ноосны гаралттай хослуулахын тулд уг эрлийзийг гаргаж авсан байна.
9
Сарлаг + үхэр = Хайнаг
Хайнаг бол сарлаг үхэр хоёрын эрлийз юм. Төвдөд хайнагийн эрийг нь зо, эмийг нь зомо эсвэл зом гэдэг ажээ. Англи хэлэнд "yakow" гэж нэрлэх нь ч бий. Үнээ нь үр төл гаргах боломжтой бол бух нь хээлтүүлэх чадваргүй байдаг.
Хайнаг нь сарлаг, үхрийн хоёулангаас нь том бас хүчтэй байдаг. Төвдөд хайнагийн сүү, мах зэрэг бүтээгдэхүүн нь сарлаг болон үхрийнхээс илүү өгөөжтэй гэж үздэг байна.
10
Чоно + Нохой (Wolfdog)
Wolfdog бол чоно болон нохойг эвцэлдүүлсэн "чонынхон" овгийн эрлийз юм. 1998 оны байдлаар АНУ-ын нутагт 300,000 орчим эрлийз байгаа нь бүртгэгдсэн ба зарим эх сурвалжийн үзэж бугаар 500,000 хүртэл байх боломжтой ажээ. Хүмүүс чамин үүлдрийн амьтан тэжээхийг хүсдэг учраас ихэвчлэн чоныг гадаад байдлаар нь төстэй ноходтой эрлийзжүүлдэг. Жишээ нь, герман овчарк, сибирийн хаски, аляскийн маламутуудтай гэх мэт. Wolfdog нь чоно болон нохойн эрлийз учраас бие бялдар болон зан авирыг нь урьдаас тааварлах боломжгүй байдаг.