1
Юу ч зөвхөн танд зориулагдаагүй
"Хүн хэр том амжилт руу тэмүүлж байна, тэр чинээгээрээ л золиос гаргаж, хэцүү асуудлуудтай тулгардаг. Жишээлбэл, би гэр бүлээсээ салж, бизнесийн хамтрагчаасаа харилцаагаа тасалж маш их өвдөлтийг мэдэрч, олон саад бэрхшээлийг даван туулсан. Тийм ч болохоор одоо хэн ч, юу ч зөвхөн надад зориулагдаагүй гэдгийг ухаарч ойлгосон юм."
"Bull & Beard" компанийн Гүйцэтгэх захирал Робби Бертуме
2
Тогтсон дэг журмаа өөрчил
"Та үр ашиггүй өнгөрүүлдэг өдөр тутмын амьдралынхаа тогтсон хэв маяг, тухтай бүсээ өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл, би тэрхүү таатай бүсээсээ гарч ажил руугаа явдаг замаа сольж, өдөр бүр тогтсон цагт өдрийн цайгаа ууж, цахилгаан шатны оронд явган шатаар алхдаг болсон. Жижигхэн ч гэсэн энэхүү өөрчлөлтүүд миний танилын хүрээг тэлж, аливаа зүйлийг бүх талаас нь харахад тусалж, цаашдаа ажил хэрэг болон хувийн амьдралдаа хэрэгжүүлэх олон шинэ төлөвлөгөөний санааг төрүүлж өгсөн юм."
"ZinePak" компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ким Каупе
3
Айдастайгаа нүүр тул
"Миний хийхээс айдаг тэр бүхэн үнэн хэрэгтээ амьдралыг минь дээшлүүлэх хамгийн чухал зүйлс байсан гэдгийг би ухаарсан юм. Тиймээс би айдсаасаа зугтахаа больж, зоригтой байж сурсан. Мэдээж өдөр бүр айдастайгаа нүүр тулах нь тааламжгүй боловч тэдгээрийнхээ ард гарсны дараа чи өөрөөрөө бахархах болно шүү."
"Expectful" компанийн үүсгэн байгуулагчдын нэг Марк Красснер
4
Хяналтаа сулла
"Үүнийг мэдээж байнга ашиглаж болохгүй. Гэхдээ заримдаа би компанидаа тавих хяналтаа бага зэрэг сулласнаар тухтай бүсээсээ гарч чаддаг. Жишээлбэл, биечлэн бүх зүйлд оролцолгүйгээр хэн нэгнийг хөлсөлж цахим хуудсаа хариуцуулах, зарим нэг ярилцлага, уулзалтаа өөр ажилтандаа даатгах эсвэл түнштэйгээ хийх төслөө ажилчдаараа хийлгэх зэрэг нь надад тогтсон хэв маягаасаа гарах цаг зав, боломжийг олгодог юм."
"Be Inspired PR" агентлагийн гүйцэтгэх захирал Леила Луис
5
Тухайн зүйлийг хийхэд таатай санагддаг болтол шинэ зүйл турш
"Би айдаг зүйлээ айхгүй хийдэг болох хүртлээ янз бүрийн арга барилыг туршиж үздэг. Учир нь ингэж өдөр бүр айдастайгаа нүүр тулж, цаг зарцуулснаар яваандаа тэрхүү зүйлс таатай, тухтай санагдаж эхэлдэг юм. Гэхдээ нэг айдсаа давж чадсан бол дараагийн айдас руугаа шилжих хэрэгтэйг мартаж болохгүй ."
"Buttercup" компанийн үүсгэн байгуулагч Дрю Хэндрикс
6
Бусад хүмүүсийн дургүй асуултыг асуу
"Би ажилчидтайгаа байнга нээлттэй яриа өрнүүлж, үйлчилгээ маань таалагдаж байгаа эсэхийг харилцагчдаасаа утсаар лавлаж асуудаг. Гэхдээ жинхнээсээ ямар асуудал тулгарч байгааг олж мэдэхийн тулд тэднээс таагүй гэмээр хүндхэн асуултуудыг асуух хэрэгтэй болдог юм."
"Superior Lighting" компанийн ерөнхийлөгч Зев Херман
7
Танихгүй хүмүүстэй ярилцаж сур
"Би хүмүүстэй ярих маш их дуртай. Тиймдээ ч нэг хүнтэй ярьж дуусаад, дараагийн хүнээ хайж эхэлдэг. Ялангуяа үдийн зоог дээр хоол идэнгээ хүмүүстэй ярилцах нь бүрэг зангаа ялан дийлэх хамгийн том сургуулилт болдог. Түүнчлэн энэ нь дэлхий ертөнцийн талаар, хүмүүсийн тухай их зүйлийг ойлгуулж өгдөг юм."
Мэтт Дойл, "Excel Builders"
8
Тааламжгүй санагддаг зүйлээ ч хүлээн зөвшөөр
"Заримдаа надад хэн нэгэн таалагддаггүй зүйлийг маань цуг хийхийг санал болгодог. Гэхдээ тэр нь бизнестэй холбоотой шинэ стратеги турших, амралтын өдрөөр сонирхогчдын спортын тэмцээнд оролцох байвал би урилгыг нь хүлээн авч өөрийгөө гайхшруулдаг. Хэдийгээр заримдаа тийм ч амжилттай болдоггүй ч, би туршлага бүрээсээ суралцаж байдаг юм."
"eSoftware Associates Inc" компанийн захирал Рузел Коммер
9
Камерын өмнө гар
"Би өдөр бүр камерын урд гардаг. Учир нь хамгийн сайнаар мэдээллийг олон нийтэд түгээх арга бол интернетэд бичлэг байршуулах байдаг юм.
Мөн энэ нь намайг тухтай бүсээс минь гаргаж, интернет ертөнц рүү түлхэн оруулдаг. Мэдээж бичлэгүүд маань компанийн софтверийг хэрэглэгчдэд танилцуулах маркетингийн зорилгоор хийгддэг ч гэлээ эцсийн үр дүнд нь би бага зэрэг таагүй мэдрэмж авдаг юм. Энэ л намайг тухтай бүсээсээ гарсныг илтгэж байдаг билээ."
"OneIMS" компанийн захирал Соломон Тимоти
10
Хийхийг зорьж буй зүйлсийнхээ жагсаалтыг гарга
"Би тухтай бүсээсээ гарахын тулд юу юуг туршиж, нүүр тулах ёстойгоо жагсааж бичдэг. Жишээлбэл, олон хүмүүсийн дунд яриа өрнүүлэх, эрсдэлтэй нүүр тулах, шинэ содон санаа гаргах гэх мэтчилэн жагсаалт гаргаж, түүнийгээ байнга биедээ авч явж, өдрийн төгсгөлд хэдийг нь биелүүлснээ шалгадаг. Ингэснээрээ би өөрөө өөртөө хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг юм. Түүнчлэн жагсаалтаа харсан л бол надад хүссэн хүсээгүй тэдгээр алхмуудыг заавал хийхээс өөр сонголт үлддэггүй."
"Start Ranking Now" компанийн захирал Николи Муноз