Цэргийн болон иргэний зориулалтаар үйлдвэрлэгддэг фургон машинаа оросууд "Буханка" буюу "Талх" хэмээн хочилдог. Туулах чадвар сайтай, бат бөх, хямд үнэтэй энэхүү төмөр хүлэг хуучин социалист орнуудад их алдартай. Манай улсад одоо ч нэр хүнд нь өндөр хэвээр ашиглагдсаар байна.
Ульяновскийн авто заводод 1965 оноос УАЗ-450 машиныг шинэчлэн УАЗ-451, УАЗ-452 загварыг үйлдвэрлэж эхэлснээсээ хойш 50 жилийн турш нэг загвараараа үйлдвэрлэсээр байгаа билээ. Харин энэ оноос эхлэн цоо шинэ загварын фургонууд давхилдаж эхлэх бололтой.
Гадна талын хувьд шинэ фургоны хамар яльгүй "уртсаж", их гэрэл нь илүү гоёмсог болж, радиаторын тор өргөссөн бөгөөд бупер дээр манангийн гэрэл, агааржуулагч нэмэгджээ. Мөн товгор кардантай, ардаа запас дугуй, гишгүүртэй болсон байна.
Зөвхөн их бие болон хөдөлгүүрт бус дотоод салонд ч бас нэлээн өөрчлөлт оруулжээ. Доорх зургаас та шинэчлэгдсэн самбар, жолоо, суудал зэргийг харж болно. Энгийн байдлаа хадгалсны дээр тохируулгатай, халдаг шинэ суудал, зорчигчийн хэсэг дэх чичиргээ ба дуу чимээ тусгаарлагчаар тоноглогдсон нь өмнөх загвараасаа илүү тухтай болсныг харуулж байна.
Шинэ фургон 112.2 литр багтаамжтай ZMZ-40911.10 хөдөлгүүртэй, 5 араа бүхий механик хурдны хайрцагтай, хоёр хөтлөгчтэй байх аж.