1990-ээд оноос хойш нойрны тоо болон чанарын тал дээр эрдэмтэд ихээхэн анхаарал хандуулах болсон юм. Жишээлбэл 2014 онд АНУ-ын өвчин эмгэгийн хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвөөс гаргасан судалгаанд Америкийн насанд хүрсэн гурван хүн бүрийн нэг нь дутуу нойртой явдаг буюу хоногт 7 цагаас бага хугацаанд унтдаг болох нь харагджээ. Улмаар дутуу нойроо амралтын хоёр өдөр гүйцээдгээс болж эрүүл мэнддээ хохирол учруулдаг аж.
Колорадогийн их сургуулийн профессор Кристофер Депнер нь энэ чиглэлээр судалгаа хийхийн тулд хэсэг хүмүүсийг гурван бүлэгт хуваан туршилт эхлүүлжээ. Эхний бүлгийг шөнө бүр 8 цаг, хоёрдугаар бүлгийг 5 цаг, харин 3-р бүлгийг ажлын өдрүүдээр 5 цаг, амралтын өдрүүдээр хүссэнээр нь унтуулсан байна. Мэдээжийн хэрэг 3-р бүлгийн хамрагдагсад баасан, бямба гарагийн шөнө оройтож унтаад маргааш нь үд дунд сэрэх зуршилтай болжээ. Гэхдээ тэд ням гарагт оройтож унтсан тул тэр шөнөө ердөө 6 цагийн нойр авсан байна. Туршилтын үр дүнд амралтын өдрүүдээр унтсан хүмүүс нь нойр дутуу явсан хэдээсээ ердөө л нэг цагийн илүү нойр авсан болох нь харагджээ. Иймд амралтын өдрүүдэд нойроо нөхөх арга нь нойр дутуу явахаас төдийлөн дээрдэхгүй аж.
Сонирхолтой нь уг туршилт дууссаны дараа хоёрдугаар болон гуравдугаар бүлгийн хүмүүс дунджаар 1.5 кг нэмсэн байв. Нойр нь хоолны дуршлийг удирддаг дааврын ялгаралтай нягт холбоотой байдаг. Оройтож унтаж байгаа хүмүүс шөнийн цагаар 400-650 ккал илчлэгтэй хүнс байнга иддэг нь жин нэмэхэд нөлөөлдөг аж.