-ТоС буюу тогтвортой санхүү гэж яг юуг хэлж байна вэ? Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
-ТоС гэдэг нь тогтвортой санхүү гэсэн үгийн товчлол юм. Хүмүүс харин эргүүлээд “Тогтвортой санхүү гэж юу вэ?” гэж их асуудаг. Тогтонги, зогсонги гэсэн үг юм уу, эсвэл бидний мэдэх санхүү чинь тогтворгүй болж таарч байна уу гэх мэтээр хошигнодог. Тогтвортой хөгжил гэдэг нь урт удаан хугацаанд оршин тогтнох, эдийн засаг, байгаль орчин, нийгэм гэсэн гол үзүүлэлтүүдийг тэнцүүхэн хөгжүүлнэ гэсэн утгатай. Тэгвэл тогтвортой санхүү буюу ТоС гэдэг нь мөнгөтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахдаа тухайн төсөл эсвэл бизнес нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байна уу гэдгийг нь анхаарч хөрөнгө оруулна гэсэн үг. Эргүүлээд санхүүгийн байгууллага, харилцагчийн эрсдэл багасаж, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй амьдрах үндэс суурь болж байгаа юм.
Жишээ нь, банкуудын хувьд зээл олгохдоо төслөө, харилцагчаа, барьцаа хөрөнгийг нь үнэлээд байгаль орчинд хор нөлөөтэй болохыг нь тогтоож, ажилтнуудаа маш хүнд нөхцөлд ажиллуулдаг ч юм уу, хуулиа сахидаггүй гэж үзэн санхүүжилт үзүүлэхээс татгалзаж байвал ТоС-ийг хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл, үр дүн юм. Улс орны түвшинд ч тэр, хувь хүний түвшинд ч тэр, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ хүний хөдөлмөрийг мөлжиж хийсэн зүйл үү, газар дэлхий сүйтгэж, амьтан зовоож байна уу гэхчилэн асуултууд дээр үндэслэж худалдан авах сонголт хийхийг, түүн дээр үндэслэж бодлого боловсруулахыг Тогтвортой санхүү гэж хэлнэ. Барууны орнуудад бодлого боловсруулагчид нь ч, хөрөнгө оруулагчид нь ч, банк санхүүгийн байгууллагууд нь ч ТоС-ийг хэрэгжүүлэхээр эрчимтэй алхмууд хийж байгаа. Үүнийг анхаардаг хэрэглэгчид тэнд их байгаа учир манай ноолуурын үнэ өсөөд байна шүү дээ. Байгальд ээлтэй, энэрэнгүй аж ахуй учраас. Дэлхий нийт, бизнес, хөрөнгө оруулагчид ийшээ л чиглэж байна.
-Ингээд бодохоор ТоС гэдэг нь зөвхөн банк, санхүүгийн байгууллагын асуудал биш байх нь ээ?
-Тийм ээ, ТоС бол дэлхийн улс орнуудын түвшнээс эхлээд салбар, хувь хүний түвшинд хүртэл нэвчсэн, байгаль, нийгэм, өөртөө энэрэнгүй хандъя гэсэн сонголт, амьдралын хэв маяг, сэтгэлгээний өөрчлөлт юм. Одоо уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудал бүх оронд тулгамдсан сэдэв болж байна. Хэзээ ч яригдаж, хөндөгдөхгүй байх гэсэн сэдвүүдийг бид хэлэлцэх шаардлагатай болж байна. Жишээ нь, Кирибати гээд арлын улс байдаг. Кирибатийн иргэдэд далайн түвшин нэмэгдсэнээс болж газар нутаггүй болох аюул тулгарч, энэ тохиолдолд хаашаа нүүх, нэгэнт газар нутаггүй болбол тусгаар тогтносон улс оронд тооцогдох уу зэрэг олон асуудал нүүрлээд буй. Индонез мөн нийслэлээ нүүлгэх төлөвлөгөө гаргаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол орон ч маш их өртөх болсон. Хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчин маш их сүйдэж байна. Тэгвэл энэ их асуудалд ямар шийдэл олох вэ, бид юу хийж чадах вэ? Банкуудын зүгээс үүнийг шийдэх гарц буюу хариулт нь ТоС байгаа юм. Практикт бол ТоС гэдэгт 3 ухагдахууныг ойлгох нь зүйтэй. Нэгдүгээрт, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээний систем, хоёрдугаарт, ногоон санхүүгийн урсгал, ногоон бүтээгдэхүүн, гуравдугаарт ногоон хандлага буюу дэмжлэгийн тогтолцоо.
-Манай улсын хувьд ТоС-ийг Монголын хөрсөнд буулгаж, нэвтрүүлэх ажил ямар шатандаа явж байна вэ?
-Харьцангуй сайн яваа. Мэдээж сайжруулах, нэмэгдүүлэх шаардлагатай зүйл маш их бий. Тэр төлөвлөгөөгөө бид 2018 онд гаргасан “Үндэсний замын зураг”-таа тусгасан. Монголын хувьд Олон улсын санхүүгийн корпорацийн харьяа Тогтвортой банкуудын сүлжээ (Sustainable Banking Network)-ний нэг гишүүн орон. Энэ сүлжээнд байдаг нийт 40 орчим орны үйл явцыг үнэлэхэд Монгол 5 шатнаас дөрөвт үнэлэгдсэн 8 орны нэг болсон юм. 5 буюу хамгийн сайн, зан үйлдэлдээ хүртэл өөрчлөлт оруулсан орон хараахан байхгүй гэж үзсэн. 4-р шатанд байгаа шалтгаан нь Монголд банкууд ТоС-ийг хэрэгжүүлэхээр амлалт өгчихсөн, стратегиа тодорхойлчихсон, бодлого журам, зарчмуудаа боловсруулж хэрэгжүүлээд эхэлчихсэн, одоо цаашлаад түүнийхээ үр дүн, үр нөлөөг тайлагнаад явж буй шатандаа байна.
Монголын хувьд онцлог зүйл нь, арилжааны банкууд өөрсдөө сайн дураараа ТоС-ийн хөтөлбөрийг санаачилсан байдаг. Бүх банк энэ үйл явцад оролцсон. Өөрсдийн хүсэл, ашиг сонирхлоороо үүнийг 2013 онд эхлүүлээд 2015 оноос зээлийн эрсдэлийн үнэлгээний нэг хэсэг болгон ТоС-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Ихэнх оронд ТоС-ийг төв банкныхаа шаардлагаар ч юмуу, албан шахалтаар хэрэгжүүлсэн байдаг. Мөн гол зүйл нь ТоС-ийн хувьд хамтын ажиллагаа юм. Өрсөлдөгч байгууллагууд яагаад хамтарч байгаа вэ гэхээр энэ асуудал маань зөвхөн нэг байгууллага, салбар хийчихэж чадахааргүй, цаг алдамгүй том асуудал гэдгийг хаа хаанаа хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн хэрэг. Төрийн байгууллагууд хүртэл идэвхтэй оролцоод эхэлж байна. Олон улсын байгууллагууд, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд мөн байнга дэмжиж ирсэн. Бас монгол хүмүүс учраас байгальд ойр байх сонголтыг хийхэд арай дөхөм байсан байж магадгүй. Тэгэхээр ТоС-ийг Монголын хөрсөнд буулгаж нэвтрүүлэх гэхээсээ илүүтэй аль хэдийнэ байсан зүйлийг нь өнгөлж, тордоод, үнэ цэнийг нь эргэн сануулсан, түүнээс гадна бусдыг хуулбарлах биш өөрсдөдөө тохируулж тааруулж нийтээрээ бодож сэтгэж, зөвшилцөж хийсэн гэж боддог. Цаашид ч гэсэн энэ эрчээрээ явах байх гэж итгэж байна.
Харин одоо дээр дурдсан Үндэсний замын зургийнхаа дагуу бид банк бус санхүүгийн байгууллагууд, бизнесүүдэд чиглэсэн, тэднийг ТоС-ийн хөтөлбөрт хамруулах үйл ажиллагааг эхнээс нь хийгээд явж байна.
-Монголын ТоС холбоо одоогоор ямар төслүүд дээр ажиллаж байгаа вэ?
-Бид хэд хэдэн том төслүүд дээр ажиллаж байна. Ногоон таксономи, тогтвортой ноолуур бэлтгэл, боловсруулалт, байгальд ээлтэй шошгожуулалтын төсөл, эрчим хүчний хэмнэлттэй байшин турших, Монголын Ногоон санхүүгийн корпораци байгуулах төсөл, боловсролын салбарт ТоС-ийг таниулах, хариуцлагатай, зөв хандлагатай иргэдийг оюутан цагаас нь эхлэн бэлтгэх гэх мэт нэлээд олон төсөл бий. Ерөнхийдөө бусад салбарыг “ногооруулах”, илүү тогтвортой болгоход тусалж дэмжлэг үзүүлэх төслүүд юм.
-Ногоон таксономи гэж юу гэсэн үг вэ?
-“Ногоон” буюу байгальд ээлтэй үйл ажиллагааны ангилал, тодорхойлолтыг хэлж буй юм. Бид Монголбанк, БОАЖЯ, БНХАУ-ын “Цинхуа” их сургуультай хамтран төр, хувийн хэвшлийн бусад байгууллагынхантай санал солилцоод энэ төслийг боловсруулах шатандаа ажиллаж байна. Ингэснээр ногоон буюу байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжиж, бизнесүүд хөнгөлөлттэй зээл авах боломжийг бүрдүүлэх юм. Санхүүгийн хувьд ногоон зээлийг тоолж эхэлнэ гэдэг нь маш их ач холбогдолтой. Мөн Монголын Ногоон санхүүгийн корпораци (МНСК) байгуулахаар төсөл боловсруулж байна. Бид НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гаас хямд эх үүсвэр татаж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх сан байгуулах талаар ярьж байгаа юм. Жишээ нь, гэр хорооллын байшинд ипотекийн зээл өгнө гэсэн үг. Хэрэв энэ санг байгуулахаар болчихвол Монголын төр, хувийн хэвшил хамтраад удирдах юм. Дэлхийд ийм загвартай, ийм ногоон сан байхгүй учир байгуулах тал дээр УАНС-гийн тусламжтайгаар маш их бэлтгэл ажил хийж байна. Энэ төслийн санхүүгийн загвараар бид эрчим хүчний хэмнэлттэй байшин барьж турших гээд Германы хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн ноолуурын салбарыг илүү тогтвортой болгох дээр хамтарч ажиллаж байгаа. Боловсролын салбарт ч гэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж буй.
-Банк санхүүгээс гадна мал аж ахуй, барилга, боловсрол зэрэг бусад салбарт ч ТоС-ийг нэвтрүүлнэ гэлээ. Арай жаахан дэлгэрэнгүй хэлэхгүй юу?
-Ноолуурын төслийн хүрээнд бид Францын AVSF гээд ТББ-тай хамтарч ажиллаж байна. Европын холбооны санхүүтэй төсөл. Европын хэрэглэгчид үнэтэй байсан ч тогтвортой тасралтгүй ноолуур авах хүсэлтэй болсон. Тэгвэл бид түүгээр нь хангая. Төслийн хүрээнд ноолуурын салбарыг “ногооруулах”, илүү тогтвортой болгох шаардлагууд тавиад, эргүүлээд ногоон санхүүгийн эх үүсвэртэй холбож өгөх юм. Бид ТоС-ийн хүрээнд 4 салбарын удирдамж гаргасан. Тэдгээр нь Монголын эдийн засгийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуй, барилга, боловсруулалт, уул уурхайн салбаруудад зориулсан, банкны ажилтнуудын үнэлгээндээ хэрэглэдэг баримт бичиг байгаа юм. Үүний 5 дахь салбарын удирдамжийг нэхмэлийн салбарт мөн хийх юм. Монголд ноолуурын салбарт маш олон гайхалтай, үр дүнтэй төслүүд явагдаж байгаа, сэтгэлтэй хүмүүс хийж байгаа. Гол нь эргээд л хамтын ажиллагаа, нэгнийгээ нөхөх, бие биенийхээ давуу тал, нөөц бололцоогоор дэмжин уялдаатай ажиллах нь чухал.
Барилгын хувьд бид дээр дурдсан МНСК-ийн төслийн туршилтыг эрчим хүчний хэмнэлттэй байшин барьж туршихаар төлөвлөж байна. Харилцагчид олоод, зураг төсөл, барилгын явцад эрчим хүчний хэмнэлттэй эсэхэд хяналт, шалгалтыг нь тавиад, зээл өгч үзэх юм. Ингэж туршсанаар банкууд, барилгын компаниуд, иргэдийн хувьд томоохон туршлага мэдлэг болж үлдэх юм.
Мөн боловсролын салбарт гэвэл НҮБ-ын PAGE хөтөлбөрийн хүрээнд СЭЗИС, МУИС, МУИС-ийн харьяа Худалдаа үйлдвэрлэлийн сургуультай хамтраад бакалаврын түвшний сургалтад ТоС-ийн тухай хичээлийг оруулах болсон. Бусад их сургуульд мөн энэ тухай хичээл орохыг уриалсан байгаа.
-ТоС холбооны зүгээс цаашид ТоС хөтөлбөрийг хэрхэн өргөжнө гэж үзэж байна вэ?
-Цаашлаад банк бус санхүүгийн байгууллагууд, өмнө дурдсанаас гадна баялаг бүтээгч салбаруудад ТоС-ийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. ТоС хөтөлбөр маань явцуу утгаараа зөвхөн банкны ажилтнуудыг л хамардаг байсан бол одоо арай өөр болсон. Удахгүй хөдөөгийн малчнаас эхлээд барилга, үйлдвэрлэл, боловсрол, санхүүгийн салбарынхан ТоС-ийн талаар бүгд мэддэг, мэдэрдэг болох байх. Монгол Улс дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэмжин энэ чиглэлд анхаарлаа хандуулж, түүний нэг томоохон хэсэг болох санхүүгийн бүрэлдэхүүнийг нь хэрэгжүүлэх гээд явж буй учир хамтарч ажиллах хүмүүсийн тоо, чанар нэмэгдэх болов уу.
-ТоС-ийг хэрэгжүүлэхэд тулгардаг түгээмэл бэрхшээл юу вэ?
-ТоС-ийг хэрэгжүүлэхэд хамгийн эхлээд ойлголтын зөрүү, чадавхийн асуудал бэрхшээл үүсгэдэг. Тогтвортой санхүү гэдэг нь дэлхий нийтийн хувьд шинэлэг ойлголт учир арга ч үгүй биз. Үүнд хүмүүсийг итгэж үнэмшүүлэхэд тууштай, шат дараалсан ажил хийх шаардлагатай. Мөн банк бүрт байгаа ТоС хариуцсан ажилтнууд солигдох тохиолдол бас гардаг учир банкируудын ТоС-ийн талаар мэдлэгийг сайжруулах хэрэгтэй байна. Хөдөө орон нутагт хүрч ажиллахын тулд мөн ТоС-ийн онлайн сургалтын систем гаргасан. Одоо туршилтын шатандаа явж байна.
Банкны ажилтнууд өөрсдөө мэдээлэлтэй боллоо гэхэд ТоС-ийг хэрэгжүүлэхэд удирдлагын дэмжлэг, оролцоо байхгүй бол бас хэцүү. Зээлийн үнэлгээ хийхэд жишээ нь харилцагчид ойлгохгүй байх тохиолдол бас үүснэ. Ер нь бүх асуудал, бүх шийдэл хүн дээр л оршдог. МНСК-ийн төслийг хэрэгжүүлэх гээд судалгаа хийгээд явахад жишээ нь “ногоон” бүтээгдэхүүн гаргаж буй бизнесүүд ховор байна. Тухайн бизнесүүдэд зээл өгье гэхэд хүртэл банкуудын хувьд “ногоон” төсөл нь богино биш, урт хугацаандаа л ашигтай байдаг. Тэгэхээр банкуудын хувьд ашиг харсандаа жишээ нь ТоС-ийг хэрэгжүүлж, ногоон зээл гаргаж байгаа хэрэг огтоос биш. Нөгөө талаас, хямд эх үүсвэр буюу ногоон санхүүжилт татаж, ногоон бизнес эрхлэгчдийг дэмжсэнээр эдийн засаг, нийгэм өөрөө ногоороод ирэх байх гэж итгэж байгаа юм. Тэр нь бидний оруулж чадах хувь нэмэр юм.
-ТоС-ийн хэрэгжилт харилцагчдад яаж нөлөөлж байна вэ? Та бодитой жишээгээр манай уншигчдад ач холбогдлыг нь тайлбарлаж өгнө үү?
-ТоС-ийг хэрэгжүүлэх нь харилцагчийн зүгээс илүү зардал, илүү хугацаа зарцуулах юм шиг санагдаж болох юм. Жишээ нь, барилгын компани зээл хүсээд ирвэл банк зээлийн эрсдэлийн үнэлгээ хийнэ. Үүний нэг хэсэг нь байгаль орчин, нийгмийн үнэлгээ юм. Хэрэгжиж буй төсөл дээр тань очиж үзнэ. Таны компани, төсөл, барьцаа хөрөнгийг тань үнэлнэ. Зээлээ эргэх төлөх чадвартай юу, хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байна уу, шаардлагыг биелүүлэх чадвартай юу, зээлийн түүх гэх мэтээр. Төслийн үнэлгээ нь дунд зэргийн эрсдэлтэй бол банкны ажилтан тантай зөвлөөд яаж энэ эрсдэлийг бууруулах вэ, сөрөг нөлөөллийг багасгах вэ гэдэг дээр ярилцаж дүгнээд, харилцагч өөрөө нөлөөллийг багасгах төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй болно. Бодлого журамдаа бага насны хүүхэд авч ажиллуулахгүй гэдэг ч юмуу. Санхүүгийн тал дээр боломжтой гэж төсөөлөөд зээл олгохоор болсон бол байгаль орчин, нийгмийн хувьд гаргасан дүгнэлтийг зээлийн гэрээндээ тусгаж өгнө. Биелэлтийг банкны ажилтан хянана.
Өмнө нь барьцаа хөрөнгөд үнэлгээ хийгээгүйгээс болж харилцагч, банк хоёул маш их эрсдэлд унасан. Жишээ нь, автомашины угаалгын газрыг барьцаа хөрөнгөөр тавьсан байтал төсөл нь бүтэлгүйтэж түүнийгээ эргэн төлж чадахгүй байдалд хүрсэн. Банк барьцаа хөрөнгийг ашиглах гэтэл тухайн угаалгын газар үйлдвэрлэлийн биш ундны эх үүсвэрээс усаа татдаг гээд хууль зөрчсөн, үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн байна. Энэ үед банкны хувьд маш их алдагдалд орох бол нөгөө талаас харилцагчид маш их эрсдэлтэй. Одоо зээлгүй хүн Монголд байхгүй, хүн бүр л зээл авж ямар нэгэн бизнес эрхлэх гэж хичээж байна. Гэтэл хэдэн зуун саяар, зээл авснаасаа ч их хэмжээний мөнгөн дүнгээр хохирох юм бол ямар ч хүнд эргэж сэхэхэд хэцүү шүү дээ. Тэгэхээр ТоС-ийн процесс нь таныг ч, банкыг ч хэцүү байдалд орохоос хамгаалж байгаа зүйл юм. Өвдчихөөд эм уух биш өвдөхөөс нь сэргийлж байгаа зүйл гэж ойлгож болно.
Бидэнд хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.