Дэлхийг өөрчилсөн 10 ном

Чухам ямар ном хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн бэ? гэдэг асуулт үеийн үед маргаантай байсаар ирсэн. Тэгвэл Нью-Йоркийн нийтийн номын сангаас түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 10 номын жагсаалтыг гаргажээ.

Дэлхийг өөрчилсөн 10 ном

10 Бетти Фридан - Бүсгүй хүний увидас (Feminine Mystique - Betty Friedan)

Бетти Фриданы 1963 оны сонгодог бүтээл нь феминист хөдөлгөөний хоёр дахь том давлагааг бий болгожээ. Феминизмын эхний давлагаа нь эмэгтэйчүүдийн сонгох эрх, өмчийн эрхийн асуудал дээр төвлөрч байсан бол хоёр дахь давлагаа нь бэлгийн амьдрал, гэр бүл, ажлын байр, нөхөн үржихүйн эрхийн тухай асуудлуудыг хөндсөн байдаг.

Зохиолч Фридан нь өөрийн суралцаж байсан Смитийн коллежийн ангийнхаа уулзалт дээр судалгаа хийж, тэнд байсан эмэгтэйчүүдийн ихэнх нь гэрийн эзэгтэй болон ээж болоход дургүй байдгийг олж мэдээд уг номоо бичихээр шийджээ. Түүний номын судалгаа нь сэтгэл судлал болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамруулж, үүгээр зогсохгүй хотын захын гэрийн эзэгтэй нартай ярилцлага хийн тэднийг яагаад өөртөө сэтгэл дундуур байдгийг олж мэдэхийг зорьсон байна. Нью-Йорк Таймс сонинд хэвлэгдсэн Фриданы дурсгалд зориулсан нийтлэл дээр түүний номыг “АНУ-ын нийгмийн бүтцийг бүр мөсөн өөрчилсөн" гэж бичсэн байдаг аж.

Бетти Фридан - Бүсгүй хүний увидас (Feminine Mystique - Betty Friedan)

9 Сэмюэль Жонсоны англи хэлний толь бичиг

Английн зохиолч Сэмюэль Жонсоны 1755 онд эмхтгэн бичиж хэвлүүлсэн толь бичиг нь англи хэлний хамгийн нөлөө бүхий толь бичиг гэж тооцогддог бөгөөд 173 жилийн дараа алдарт Оксфордын толь бичиг хэвлэгдэх хүртэл нөлөөгөө хадгалсаар байсан юм. Жонсон есөн жилийн туршид ганцаараа асар том хэмжээний номыг бичиж, тэр нь ч гайхалтай үр дүнд хүрч чадсан юм. Уг толь бичиг гайхалтай оновчтой тодорхойлолтуудаар дүүрэн байх тул түүнийг анхнаасаа л толь бичиг зохиохоор төрсөн хүн гэлцэх нь ч бий.

Сэмюэль Жонсоны англи хэлний толь бичиг

8 Анне Франкын өдрийн тэмдэглэл

"Анне Франкын өдрийн тэмдэглэл" нь дэлхий даяар хамгийн их уншигдсан өдрийн тэмдэглэл бөгөөд "холокост"-ын (еврей үндэстний хядлага) үнэн төрхийг ил гаргаж, олонд мэдээлсэн чухал бүтээл юм.

Нацистууд Нидерланд руу довтолсны дараа өсвөр насны еврей охин Анне Франк гэр бүлийнхэнтэйгээ 2 жил нуугдаж, зугтаж явах хугацаандаа өдөр бүр тохиолдсон үйл явдлуудаа нарийвчлан бичсэн нь тэр аж. Тэрээр 1944 онд буюу 15 насандаа хорих лагерьт нас барсан бөгөөд гэр бүлээс нь амьд үлдсэн цорын ганц гишүүн болох аав нь түүний өдрийн тэмдэглэлийг хэвлүүлжээ. Ингээд 1947 онд англи хэлээр орчуулагдсаныхаа дараа хүмүүст илүү танигдаж, дэлхий даяар алдаршиж эхэлжээ.

Эргэн тойронд нь дэлхийн түүхэн дэх хамгийн хар бараан үйл явдал тохиож байх үед бяцхан охин хэрхэн жирийн амьдралаа хадгалж үлдэхээр тэмцэж байгаа талаар тус ном өгүүлнэ. Өсвөр насны охины харах өнцгөөр бичигдсэн энэ номыг аль ч насны хүн уншсан сайтар ойлгох бөгөөд өдгөө дунд болон ахлах сургуулийн хүүхдүүдэд Холокостын тухай заахад тус номыг ашиглаж байна. 

Анне Франкын өдрийн тэмдэглэл

7 Карл Маркс, Фридрих Энгельс - Коммунист тунхаглал (The Communist Manifesto)

XX зуунд дэлхийг хоёр туйлд хуваасан үзэл суртал бол коммунизм билээ. Манай монголчууд ч капитализмаас татгалзаж, коммунизмыг бүтээн байгуулахын төлөө зүтгэж явсан. Тэгвэл ЗХУ болон бусад социалист орнуудад коммунизмыг анх таниулан хэрэгжүүлэх сэдэл өгсөн ном нь “Коммунист тунхаглал” юм. Энэхүү улс төрийн богино хэмжээний тунхаглал нь 1848 онд хэвлэгдсэн бөгөөд номын агуулгыг бүрэн дүүрэн ухаж ойлгоогүй хүмүүс шууд л сэтгэл хөдлөлөөрөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээр тэмцэж эхэлсэн байна. Тиймдээ ч энэ ном нь улс төрийн онолын хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг болсны дээр, буруу хандлагатай хүмүүс хэрхэн зөв санал санаачлагыг гуйвуулж болдгийн тод жишээ болсон гэж үздэг. 

Ихэнх хүмүүс уг номон дээр өгүүлэгдэх төгс нийгмийг онолын хувьд сайн боловч бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй гэж үздэг бол зарим нь одоо хүртэл Марксын санааг хэрэгжүүлж, түүний дүрсэлсэн шиг коммунист нийгэм байгуулах боломжтой гэж үздэг хэвээрээ байна.

Карл Маркс, Фридрих Энгельс - Коммунист тунхаглал (The Communist Manifesto)

6 Дий Александр Браун - “Америкийн өрнөдийн индианчуудын түүх” (Bury My Heart at Wounded Knee: An Indian History of the American West)

1970 онд буюу Америкчуудын Вьетнамтай хийсэн дайнд уугуул америкчууд ихээр дайчлагдаж байх үед энэ ном бичигджээ. Тус номын үнэ цэнэ одоо ч алдагдаагүй бөгөөд Америкийн орчин цагийн түүхэнд  жинтэй байр суурь эзэлсэн хэвээр байгаа юм. Мөн уг номоор өнгөрсөн түүх өдгөө давтагдах хандлагатай байгааг тодоор харуулжээ.

Түүхч Дий Браун нь 19-р зууны сүүлчээр АНУ-ын засгийн газрын зүгээс уугуул америкчуудын эсрэг үйлдэж буй янз бүрийн шударга бус явдлуудыг олж харжээ. Жишээ нь, албадан нүүлгэн шилжүүлэлт, олноор хоморголон устгах, уугуул америкчуудын соёлыг устгах гэсэн оролдлого зэргийг явуулж байсан байна. Тиймээс тус номыг уугуул америкчуудын иргэний эрх, тэгш байдлыг эрэлхийлэн бичсэн байна.

Дий Александр Браун - “Америкийн өрнөдийн индианчуудын түүх” (Bury My Heart at Wounded Knee:  An Indian History of the American West)

5 "Ариун Библи" - Жэймс хааны хувилбар

Хэдийгээр Жэймс хааны хувилбар нь Христийн шашны судар болох Библийн цорын ганц орчуулга биш ч гэлээ хамгийн их хувиар хэвлэгдэж, олны хүртээл болсон, алдартай хувилбар нь юм. Олон хүмүүс энэхүү номыг гоо зүй, утга зохиолын амжилтанд гайхамшигтайгаар нөлөөлсөн гэж үздэг. Англи хэл дээрх хамгийн сайн орчуулгатай Библийг гаргахын тулд Жэймс хаан янз бүрийн хэл дээрх орчуулгуудыг харьцуулан хөрвүүлсэн юм. Тус орчуулга дээр 47 эрдэмтэн судлаачид хамтран ажилласан бөгөөд тэд бүгдээрээ Английн Сүмийн гишүүд байжээ. Уг төсөл нь 1604 онд эхэлж, 1611 онд хэвлэгдсэн байна. Библи бол Христийн шашны итгэл үнэмшлийн үндэс суурь бөгөөд тус судар дээр үндэслэж Барууны нийгмийн ёс суртахуун, үзэл хандлагыг илэрхийлсэн байдаг юм.

"Ариун Библи" - Жэймс хааны хувилбар

4 Сунь-зы - "Дайтах урлаг"

Энэхүү Хятадын цэрэг дайны судар нь өнөөгийн бизнесмэнүүдэд зах зээлийн ширүүн нийгэмд хэрхэн хөлөө олох талаар заасан ширээний ном нь болжээ. Номын 13 бүлэг тус бүр дээр дайны бүхий л үйл ажиллагааны тухай гардаг ба маргаан, хэлэлцээрийг хэрхэн өөрийнхөө талд ашигтайгаар эргүүлж болох талаар үнэтэй зөвлөгөөг оруулсан байдаг.

Сунь-зы нь дайн тулаанаас аль болох зайлсхийхийг эрмэлздэг эртний Хятадын цэргийн жанжин, нэр хүндтэй стратегич байжээ. Мөн тус ном нь бизнесийн ертөнцийнхөн болон хуулийнханд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болсныг дурдах хэрэгтэй билээ. Тэрбээр номондоо урьдчилан таамаглах аргагүй уян хатан байдал болон сайтар бэлтгэлээ хангахын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байдаг юм.

Сунь-зы - "Дайтах урлаг"

3 Күнзийн сургааль

Хятадын философич Күнзийн дагалдагчдадаа зориулж бичсэн гэж үздэг цэцэн санаа, үгсийн сургааль нь Күнзийн шашны гол ном юм. Хэдийгээр тэрбээр орчин үед дорнын онцлогийг шингээсэн гүн ухаанч гэж тооцогддог боловч сургааль нь өрнийнхний бага насандаа сонсож өссөнтэй адилхан байдаг. Күнз нь гэр бүлийн үнэнч шударга байдлыг эрхэмлэж, ахмад настанд хүндэтгэлтэй хандаж, өвөг дээдсээ шүтэх ёстой гэдэгт бат итгэдэг байжээ.

Мөн Күнзийн сургааль нь Хятадын сүүлийн 2000 жилийн түүхэнд хамгийн их уншигдсан ном болсон юм. Тус бүтээл нь Хятад төдийгүй Зүүн Азийн философичдын үнэт зүйлс, үзэл бодлын хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг билээ.

Күнзийн сургааль

2 Эсопийн ёгт үлгэрүүд (Aesop’s Fables)

"Эсопийн ёгт үлгэрүүд" бол эртний Грекийн боол Эсопийн бичсэн үлгэр болон өгүүллэгүүдийн эмхтгэл юм. Түүнийг МЭӨ 620-аас 560 оны хооронд амьдарч байх үедээ тэдгээрийг бичсэн, эсвэл эмхтгэн цуглуулсан гэж үздэг. Эртний Грекийн боол бичсэн эдгээр үлгэрүүд өнөөг хүртэл ийм алдартай байдаг нь гайхмаар. Түүний "Яст мэлхий, Туулайн үлгэр", "Шоргоолж болон царцаа" зэрэг үлгэрүүд нь дэлхийн өнцөг булан бүр дэх бага насны хүүхдүүдэд янз бүрийн хувилбараар хүрч, хичээлийн гол судлагдахуун болсон хэвээр байна. Уг үлгэрүүд нь амьтдыг хүншүүлэн, хөгжилтэй, инээдтэй байдлаар гаргаж, түүгээрээ дамжуулан “өнөөдөр ажиллах нь маргааш идэхийн төлөө юм” гэх зэрэг амьдралын энгийн хичээлийг заадаг аж. Цаашдаа ч энэ үлгэрүүд олон хүүхдэд ёс суртахууны хичээл болон ашиглагдах нь дамжиггүй.

Эсопийн ёгт үлгэрүүд (Aesop’s Fables)

1 Жорж Оруэлл - "1984"

Жорж Оруэлл 1984 номон дээрээ төрийн хяналт, дарамтад орсон эрх чөлөөгүй, хар дарсан зүүд мэт нийгэм бий болох ойрхон байгааг зөгнөн бичжээ. Уг бүтээл нь цаашлаад Рэй Брэдбөригийн "Фаренгейт 451", Энтони Бёржэссийн "Clockwork Orange", Алдос Хакслигийн "Зоригт шинэ ертөнц" зэрэг ижил төстэй олон ном гарах эхлэлийг тавьсан юм. Оруэлийн 1949 онд зөгнөн бичсэн шиг аймшигт зүйл 1984 онд бодитоор тохиогоогүй нь азтай ч, түүний номны нөлөө одоо хүртэл буураагүй бөгөөд төсөөлснөөс нь ч илүү он удаан жил үргэлжилж байна.

Номон дээр жинхэнээсээ оршин байдаг нь эргэлзээтэй ч иргэдийн бурханчлан шүтдэг "Их ах" хараа хяналт, айдас түгшүүр, хүчирхийлэл дор нийгмийг удирдана.  Тус номон дээр хэрэглэгддэг "Их ах", 2+2=5, "doublethink", “thoughtcrime” зэрэг үг хэллэгүүд нь одоо хүртэл хэрэглэгдсээр байна. Энэхүү ном нь үеийн үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нийгэмд хичнээн үнэ цэнтэй болохын сануулга байсаар байх болно гэж олон хүн үздэг.

Жорж Оруэлл - "1984"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()