Биеллээ олж чадаагүй 10 нүсэр барилгын төсөл

Дэлхийн улс орнууд тэнгэр баганадсан өндөр барилгууд барьж хөгжил дэвшлээ гайхуулахыг эрмэлздэг. Гэхдээ заримдаа тэдний төлөвлөсөн зүйлс бүтэлгүйтэх нь бий. Ингээд бид танд хэрвээ баригдсан бол маш гайхамшигтай бүтээн байгуулалт болох байсан 10 барилгын талаарх мэдээллийг хүргэж байна. Ямар шалтгааны улмаас авьяаслаг уран барилгачдын гаргасан зураг төсөл биеллээ олж чадаагүй юм бол?  

Биеллээ олж чадаагүй 10 нүсэр барилгын төсөл

10 "᠋Hotel Attraction" - Нью-Йорк хот, 1908 онд төлөвлөгдсөн

"Hotel Attraction"-ийн зураг төслийг архитектор Антони Гауди гаргасан бөгөөд хэрэв баригдсан бол тухайн цаг үеийнхээ Нью-Йоркийн хамгийн өндөр барилга болох байжээ. Тус зочид буудлын төлөвлөгдсөн нийт өндөр нь 360 метр буюу 1181 фут байсан юм.

Эхэндээ "Hotel Attraction" баригдах эсэх нь тодорхойгүй байсан ч 1956 онд  “Гауди нэртэй шинэ дэлхий” нийтлэл хэвлэгдсэнээр олон нийтэд мэдээлэл нь хүрч эхэлсэн байна.

Сонирхолтой баримт: Гаудигийн энэхүү төслийн зургууд Манхэттэн дахь "Ground Zero" төслийн сэргээн босголтын суурь нь болсон юм.

"᠋Hotel Attraction" - Нью-Йорк хот, 1908 онд төлөвлөгдсөн

9 "The Illinois"- Чикаго хот, 1956 онд төлөвлөгдсөн

Франк Ллойд Райтын төсөөллөөр бий болсон "The Illinois" нь 1609 метр өндөр тэнгэр баганадсан барилга юм. Мөн тэрбээр тухайн үедээ уг барилгыг босгох техникийн боломж байгаа гэж үзэж байжээ. Тус барилга нь 528 давхартайгаар, нийт 18.46 сая хавтгай дөрвөлжин талбайтай байхаар төлөвлөгдөж байсан аж.

Сонирхолтой баримт:  "The Illinois"-ыг барих Райтын дизайнд олон асуудал үүссэн юм. Түүнд нь барилга хэт өндөр байх тул доод давхрын ихэнх талбайг цахилгаан шатууд дүүргэж, зай багатай болох гэх мэт зүйлс багтаж байжээ.

"The Illinois"- Чикаго хот, 1956 онд төлөвлөгдсөн

8 "Fourth Grace"- Английн Ливерпүүл, 2002 онд төлөвлөгдсөн

Төслийн сонгон шалгаруулалтын үеэр ихэнх хүмүүсийн хамгийн муу гэж үзэж байсан зураг төслийг архитектор Уилл Алсоп (Will Alsop) шилдгээр шалгаруулж, түүнийгээ “The Cloud” гэж нэрлэжээ. 

"Fourth Grace" нэрийн тухайд уг байгууламж "The Three Graces" гэх түүхт гурван барилгын зэргэлдээ баригдах байсан тул ийнхүү нэрлэжээ. Гэвч уг төсөл 2004 онд хэт их зарлагын улмаас зогссон юм.

Сонирхолтой баримт: "Fourth Grace" барилга нь оффисын хэсэгтэй, зочид буудлын 107 өрөөтэй, 50,000 квадрат талбай бүхий бар, зоогийн газар, үзвэрийн галерей зэрэгтэй байхаар төлөвлөгдсөн байжээ.

"Fourth Grace"- Английн Ливерпүүл, 2002 онд төлөвлөгдсөн

7 "Дэвшлийн гэрэлт цамхаг" - Чикаго хот, 1891 онд төлөвлөгдсөн

Чикаго хотын "Жэксон Парк" хүрээлэнд 457метр/1500 фут өндөр чулуун цамхгийг байгуулахаар төлөвлөсөн байжээ. Францын уран барилгач, Массачусетсийн технологийн институтын профессор Дезире Депраделл уг цамхгийн зураг төслийг гаргасан ба их хэмжээний хөрөнгө байсан бол энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр барилга болох байжээ.

Сонирхолтой баримт: Уг цамхгийн суурь хэсэгт 100 мянган хүний суудалтай задгай театр, мөн Мичиган нуур луу тулж очсон усан зогсоол байгуулахаар төлөвлөгдсөн байв.

"Дэвшлийн гэрэлт цамхаг" - Чикаго хот, 1891 онд төлөвлөгдсөн

6 "Орчин цагийн хот" (Ville Contemporaine) - Парис хот, 1922 онд

Франц-Швейцарын архитектор Корбузьегийн зураг төслийг нь гаргасан "Ville Contemporaine" нь 3 сая хүний орон сууцны бүтээн байгуулалт байжээ.

Орон сууцны хорооллыг ган төмрөөр угсарсан, шилэн фасадтай 60 давхар барилгууд бүрдүүлэх байв. Мөн хамгийн чинээлэг оршин суугчдад зориулж доторх зохион байгуулалтыг гэрийн болон оффисын зориулалтаар ашиглах боломжтойгоор хийсэн байжээ.

Түүнээс гадна галт тэрэгний буудал, хурдны зам, дээд зэрэглэлийн нисэх онгоцны буудал зэргийг багтаасан төвлөрсөн тээврийн үйлчилгээний хэсэгтэй байхаар зураг төслийг нь гаргасан байсан аж.

Сонирхолтой баримт: Францын албан тушаалтнууд олон жилийн турш Парисын өсөн нэмэгдэж буй ядуусын хорооллын асуудлыг шийдэж чадахгүй байжээ. Улмаар тэд суурин газрын орон сууцны хямралд шийдэл олохын тулд "Ville Contemporaine" шиг хорооллууд байгуулж олон тооны хүмүүсийг байрлуулахаар төлөвлөж байжээ.

"Орчин цагийн хот" (Ville Contemporaine) - Парис хот, 1922 онд

5 "Татлиний цамхаг" - Санкт-Петербург хот, 1917 он

Татлиний цамхаг хэрвээ баригдсан бол Парисын Эйффелийн цамхгаас ч илүү алдартай болох байсан юм. Уг цамхаг нь төмөр, шил, ган зэрэг материалуудаар хийгдэх байсан ба орчин үеийн цамхгийн анхдагч болж, өнөөгийн чиг хандлагыг тодорхойлох байжээ.

Энэ цамхгийг 400 метр өндөр өргөгдсөн, мушгиа хэлбэртэй, үйлчлүүлэгчид нь янз бүрийн механик төхөөрөмжүүдийн тусламжтайгаар цамхгаар зугаалах боломжтой байхаар төлөвлөсөн байна. 

Сонирхолтой баримт: Цамхгийн суурь хэсэгт лекц, хурал зөвлөгөөн зэргийг зохион байгуулахад зориулагдсан куб хэлбэртэй эргэдэг танхим барихаар тооцсон байжээ.

"Татлиний цамхаг" - Санкт-Петербург хот, 1917 он

4 "Shimizu Mega-City" пирамид - Токио хот, 2004 онд төлөвлөгдсөн

Энэ нь Японы нийслэл Токиогийн боомт дээр баригдах байсан том хэмжээний пирамидын төсөл юм. Бүтцийн хувьд Египетийн Гизагийн пирамидаас 12 дахин өндөр, 750.000 хүний багтаамжтай байхаар зураг төслийг нь гаргажээ. Хэрэв энэ төсөл бодитоор хэрэгжсэн бол дэлхий дээрх хүний бүтээсэн хамгийн том байгууламж болох байсан юм. 

Уг пирамид нь 5 давхар өндөр, 55 жижиг пирамидаас бүрдэх ба жижиг пирамидууд нь Лас Вегас дахь "Luxor" зочид буудлын хэмжээтэй ойролцоо байхаар төлөвлөгдсөн байсан аж.

Сонирхолтой баримт: "Shimizu Mega-City"  нь бат бөх атлаа маш хөнгөн материалаар баригдах ёстой байсан ба чухам энэ шалтгаанаас болж уг төслийг зогсоожээ.

"Shimizu Mega-City" пирамид - Токио хот, 2004 онд төлөвлөгдсөн

3 "Ultima" цамхаг - Сан Франциско, 1991 онд

Төсөл гэхээсээ илүү хэтийн санаачилга болох "Ultima" цамхгийн санааг архитектор Южен Цүй гаргаж байжээ. Энэхүү цамхаг нь өндөрт гарах тусам ихсэх атмосферийн даралтын өөрчлөлтийг цахилгаан эрчим хүч болгон хувиргах замаар ажиллах байсан аж.  Мөн тус цамхгийг 500 давхар (3 км), нэг сая оршин суугчтай байхаар тооцоолсон байв..

"Ultima" цамхаг - Сан Франциско, 1991 онд

2 "Зөвлөлтийн ордон" - Москва хот, 1933 онд

Хэрэв "Зөвлөлтийн ордон" баригдсан бол дэлхий дээрх хамгийн өндөр байгууламж болох байжээ. Уг ордон нь тэнд байсан "Аврагч Христийн сүм"-ийг нураасны дараа суурин дээр нь баригдахаар төлөвлөгджээ. Байгууламжийн зураг төслийг гаргах шалгаруулалт явуулахад дэлхийн нийт 272 архитектор бүтээлээ ирүүлсэн байдаг. Тэмцээнд Борис Иофаны энэхүү "Лениний хөшөөг оройдоо залсан аварга барилга" шалгарчээ.

Сонирхолтой баримт: Барилгыг төлөвлөгөөний дагуу 1937 онд эхлүүлсэн хэдий ч Герман халдан довтолсноос болж үргэлжлүүлэн барих боломжгүй болжээ. Улмаар 1942 онд барилгын ган хийцийг задалж, гүүр болон бэхлэлт барихад ашигласан гэдэг.

"Зөвлөлтийн ордон" - Москва хот, 1933 онд

1 "Volkshalle" (Их Бөмбөгөр ордон) - Берлин хот, 1930 онд төлөвлөгдсөн

"Volkshalle" нь Адольф Гитлер болон түүний архитектор Альберт Спейерийн төлөвлөсөн асар том барилгын зураг төсөл байсан юм. Уг барилга нь хэмжээ, далайц, бэлгэдэл зэргээрээ нийслэлийнхээ хамгийн чухал барилга болох байжээ. Харамсалтай нь дайнаас болж "Volkshalle"  баригдаагүй юм.

"Volkshalle" (Их Бөмбөгөр ордон) - Берлин хот, 1930 онд төлөвлөгдсөн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()