Хэдэн мянган метрийн өндрөөс унаад амьд үлдсэн хүмүүсийн түүх

Нисэж явсан онгоц нь сүйрч үхэл амьдралын зааг дээр очсон эдгээр хүмүүс тийм өндрөөс унахдаа амьд үлдэж, эрүүл саруул болж чадна гэдэгтээ өөрсдөө ч итгэж чадаагүй биз ээ. Гэхдээ тэдэнд гайхамшиг тохиосон юм шүү. Ингээд аймшигт ослоос амьд үлдэж чадсан азтай хүмүүсийн түүхийг толилуулж байна.

Хэдэн мянган метрийн өндрөөс унаад амьд үлдсэн хүмүүсийн түүх

1 Весна Вулович (10160 метр)

Залуу дадлагажигч Весна Вулович энэхүү жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэх хүн яах аргагүй мөн билээ. Тэрбээр осол гарсан нислэгийн үеэр ээлжид гарах ёсгүй байсан бөгөөд түүнийг ижил нэртэй үйлчлэгч бүсгүйтэй нь андууран нислэгийн багт оруулжээ. 1972 оны 1-р сарын 26-нд Копенгаген болон Загребаар дамжин Стокхольм-Белград чиглэлд нислэг үйлдэх байсан “Макдоннелл Дуглас” онгоц Копенхагенаас амжилттай хөөрч Загребт хүрсэн бөгөөд нислэгийн өндрийг 10160 метр хүртэл бууруулж, буулт хийхэд бэлтгэж байх үе хүртэл бүх зүйл хэвийн байсан аж. Гэтэл гэв гэнэт онгоцны их бие хэдэн хэсэг болон салж унах нь тэр. Энэ нь террористуудын хийсэн үйлдэл байсныг сүүлд олж тогтоосон юм.

Онгоцонд нийт 23 зорчигч, 5 ажилтан байсан бөгөөд Веснагаас бусад нь амиа алджээ. Агаарт сүйрсэн онгоц Чехословакийн нутагт унасан ба бүсгүйг хуучин Вермахтын цэрэг Бруно олж, судасны цохилтыг шалган амьд байгааг нь мэдэж анхны тусламж үзүүлжээ. Тэрээр мөн нуруу нь хугарсан байгааг мэдсэн тул түүнийг хөдөлгөх гэж оролдоогүй гэдэг. Харин цусыг нь яаравчлан тогтоож түргэн тусламж дууджээ. Эмнэлгийнхэн ирэх үед бүсгүй нийт 4 литр гаруй цус алдсан байсан ба түүний гар, хөл, нурууны нугалмын гурван яс нь хугарч нэг яс нь юу ч үгүй бяцарсан байв. Мөн гавлын яс нь хэд хэдэн газраа цөмөрсөн байдалтай байжээ. 

Весна нийт 16 сарыг эмнэлэгт өнгөрүүлсэн бөгөөд ахин алхаж сурахын тулд 4.5 жилийг зарцуулсан юм. Тэрбээр эрүүл мэндээ эргүүлэн авсныхаа дараа ажилдаа буцан орж бүх насаараа онгоцны үйлчлэгч хийжээ. Харин андуурлын улмаас нислэгийн багт ороогүй нөгөө Весна бүсгүй тэр даруйдаа ажлаасаа гарч түүнээс хойш нэг ч удаа онгоцоор зорчоогүй гэдэг.

Весна Вулович (10160 метр)

2 Жулиана Кёпке (3200 метр)

Зул сарын баярын яг өмнөх өдөр буюу 1971 оны 12-р сарын 24-нд 17 настай Жулиана Кёпке ээжийнхээ  хамтаар Перугийн Пукальпа хотод ажиллаж амьдарч байсан аав дээрээ зочлохоор Лима хотоос “Локхид L-188 Электра” онгоцоор нисжээ. Онгоцонд нийт 86 зорчигч 6 нислэгийн багийн гишүүн байсан ба маш хүчтэй аадар бороо орж байхад нислэгийг хойшлуулаагүй нисгэгчдийн алдаанаас болж уг осол гарсан байна. Нислэгийн үеэр онгоцны далавч аянгад өртөж, улмаар түлшний сав задарч тэр дороо гал авалцжээ.

Тун удалгүй шатаж байсан далавч нь салж унасан бөгөөд хэсэг хугацааны дараа онгоц хэдэн хэсэг болон хуваагдаж 3200 метрийн өндрөөс ширэнгэн ой руу унажээ. Жулиана охин ослын маргааш ухаан орсон ба сэрэх үедээ зөөлөвчтөй сандалд дарагдсан байдалтай байжээ. Тэрбээр онгоц шатахаас эхлээд газардах хүртэл бүх зүйлийг тод санаж байсан бөгөөд онгоцноос унахдаа сандал дээр сууж байсан тухайгаа ч хожим дурдсан байдаг. Түүний таамаглаж буйгаар бол сууж явсан сандал нь модны мөчирт тээглэж уналтын хурдыг сааруулснаар Жулианад арай зөөлөн газардах боломжийг олгосон байх магадлалтай аж. Ослын үеэр охины эгэмний яс хугарч, баруун хөлийн холбогч эд нь тасарч, баруун нүд нь харах чадвараа алдсан байснаас гадна бие нь хүнд, хөнгөн маш олон тооны шархаар дүүрсэн байжээ.

Жулиана Кёпке (3200 метр)

Жулиана хэд хэдэн удаа аврагч онгоц олж харсан боловч түүний ухаан санаа орж гарч, бие нь огт хөдлөхгүй байснаас болж тэдэнд мэдээ өгч чадаагүй гэнэ. Хэсэг хугацааны дараа бүсгүй босож чадсан бөгөөд сүйрсэн онгоцноос ууттай чихэр болон жигнэмэг олоод том гол руу хүргэж өгнө хэмээн найдаж ойролцоо урсаж байсан бяцхан горхийг даган алхжээ. Ингэхдээ горхины уснаас ууж, авч яваа чихрээрээ хооллож байсан гэдэг. Авсан шарх нь түүнд тайван унтах бүү хэл зүгээр суух ч боломж олголгүй хүчтэй янгинан өвдөж байлаа. Ослоос хойш 9 хоногийн дараа Жулиана ойд ажиллаж байсан мод бэлтгэгчидтэй тааралдсан бөгөөд тэд охины шархыг бензинээр цэвэрлэж, өт хорхойгоос нь салгаад хотод хүргэж өгчээ. Зорьсон газраа ирсэн охин аавтайгаа уулзаж ослын газрыг зааж өгөөд эмнэлгийн тусламж илгээжээ. Тус аймшигт сүйрлээр Жулианагаас өөр 14 хүн амьд үлдсэн боловч харамсалтай нь шархныхаа хүндийг дийлэлгүй бүгд амь үрэгдэцгээсэн юм.

3 Лариса Савицкая (5220 метр)

Весна Вулович болон Жулианатай харьцуулахад Ларисагийн осол маш чимээгүй, сүр дуулиан багатай болж өнгөрчээ. Учир нь цэргийн нисэх онгоц иргэний нисэх онгоцтой мөргөлдөж сөнөсөн тул Зөвлөлтийн эрх баригчид энэхүү аймшигт ослын талаар хаана ч нийтлээгүй бөгөөд түүний тухай ам нээхийг хүртэл хориглосон байсан аж. 1981 оны 8-р сарын 24-нд Савицкийн гэр бүлийнхэн болох Лариса, Владимир нар Комсомольск-на-Амур хотоос Благовещенск хүрэх чиглэлд “АН-24РВ” зорчигчийн онгоцоор нисэж явжээ. Тэдний суудал нислэгийн танхимын гол хавьд байсан боловч зорчигч цөөн (онгоцны ажилчдыг оруулаад нийт 38 хүн байсан), сул суудал олон байсан учир залуу хос онгоцны сүүл хэсэгт суухаар шийдсэн байна. Хэсэг хугацааны дараа бөмбөгдөгч онгоц “Ту-16к” зорчигчийн онгоцыг гүйцэн ирж мөргөн тэг дундуур нь салгасан байна.

Энэ хэрэг нь агаарын цэргийн хүчнийхэн болон энгийн иргэдийг хариуцсан нислэгийн газрынхан хоорондоо ойлголцолгүй нислэг үйлдсэнээс болсон байна.

Ослоос ганцаараа амьд үлдсэн Лариса шигүү тайгад ухаан орсон бөгөөд тэрбээр сэрмэгцээ нөхөр Сергейгийнхээ цогцсыг харжээ. Түүний нуруу таван газраа гэмтэж, хавиргууд нь хугарснаас гадна бараг бүх шүд нь унасан байв. Аврагч багийнхан сүйрэлд үрэгдсэн хүмүүсийн цогцос болон амьд үлдсэн Лариса Савицкаяг хоёр хоногийн дараа олсон бөгөөд бүсгүйд дөнгөж 75 рублийн нөхөн төлбөр олгосон аж. 21 настай бүсгүй эмчилгээ хийлгэн биеэ тэнхрүүлж, дахин алхаж сураад зогсохгүй аймшигт осол болсноос хойш ойролцоогоор 5 жилийн дараа хүүтэй болсон юм.

Лариса Савицкая (5220 метр)

4 Иван Чиссов (7000 метр)

1942 оны өвөл штурман Иван Чиссов, нисгэгч Жуган, буудагч Мельников нарын экипажын бүрэлдэхүүнтэй "ДБ-3ф" онгоц даалгавар биелүүлэхээр хөөрчээ. Багийнхан тулааны даалгавраа амжилттай гүйцэтгээд буцаж явах үедээ Германы "мессершмидт" онгоцнуудын дайралтад өртсөн байна.

Герман онгоцнуудын суманд өртсөн "ДБ-3ф"-ын нислэгийн аппарат удирдлагаа алдаж жолоодогдохоо болив. Багийн ахлагч Жуган яаралтай онгоцыг орхин шүхрээр буухыг тушаажээ. Тухайн үед онгоц 7000 метрийн өндөрт нисэж байсан бөгөөд тушаал авсан даруйдаа Чиссов онгоцны доод хавхлагаар үсэрсэн боловч түүний шүхэр дэлгэгдээгүйн улмаас уг харамсалтай явдал тохиолджээ. Харин Жуганы шүхэр ямар ч асуудалгүй байсан учраас тэрбээр зөвлөлтийн цэргүүдийн байрлаж байсан газрын ойролцоо амжилттай газардсан бол Мельников агаарын тулааны үеэр амь үрэгдсэн байв.

Тулгаралтыг газраас ажиглаж байсан зөвлөлтийнхөн Чиссовыг унасан даруйд түүний цогцсыг авчрах зорилгоор очсон боловч хамгийн гайхалтай нь нисгэгч залуу амьд байлаа. Тэрбээр огцом налуу газар луу унасан бөгөөд доош өнхөрч жалганд хунгарласан байсан их цас руу ойчжээ. Хэдийгээр уналтын хүчийг цас нэлээн сааруулсан боловч Иван ташаа болон ойролцоох эрхтнүүддээ ноцтой гэмтэл авсан байв. Тэрбээр эмнэлгийн тусламж авч биеэ тэнхрүүлснийхээ дараа дахин дайны талбар луу явах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Гэвч энэхүү хүсэлтийг нь эрс эсэргүүцэж түүнийг бөмбөгдөгч онгоцны нисгэгч бэлтгэх сургуульд илгээснээр дайн дуустал тэндээ ажилласан гэдэг.

Иван Чиссов (7000 метр)

5 Николас Элкамэйд (5500 метр)

21 настай Николас 1944 онд холбоотнуудын армид байлдаж байв. Түүний багийнхан Берлинийг бөмбөгдөх даалгавартай байсан ба үүргээ амжилттай биелүүлээд Германы газар нутгаас гарч явах үед нь агаарын тулгаралт эхэлжээ.

Тулааны явцад Английн бөмбөгдөгч онгоц “Авро Ланкастер” удирдлагаа алдаж галд автсан бөгөөд Николасын шүхэр, өмсөж явсан хувцас нь хүртэл шатаж, баг нь хайлж эхэлсэн байна. Тэрбээр амьдаараа шатсанаас газар луу үсэрсэн нь дээр гэж сэтгээд 5500 метрийн өндрөөс зориглон үсэрчээ. Залуу байлдагч шигүү ой руу унасан бөгөөд хөгшин гацуур моднууд түүнийг уриалгахан хүлээж аваад овоорсон цасан хунгаргад “шилжүүлэн өгчээ”. Байдал ингэж эргэнэ гэж санаагүй байсан Николас гайхаж, баярлах зэрэгцэхдээ өвдөлтөө хүртэл мартсан байсан ба хэсэг хугацааны дараа хөл нь хугарсныг мэдэрч, толгой нь бага зэрэг эргэж босоход нэлээн хүндрэлтэй байгаагаа ойлгов. Николас халаасандаа байсан тамхинуудыг угсруулан татах зуураа тасралтгүй шүгэлдэж эхэллээ. Тун удалгүй Герман цэргүүд түүнийг олсон бөгөөд олон мянган метрийн өндрөөс унаж амьд үлдсэн байлдагчийг хараад итгэж чадахгүй байсан гэдэг.

Николас Элкамэйд (5500 метр)

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ:

Яг үнэндээ бол 10,000 метрээс эсвэл 150 метрээс унах хоёрын хооронд бараг ялгаа байдаггүй гэнэ. Аль ч тохиолдолд хүний бие ямар байрлалтай байгаагаасаа шалтгаалж чөлөөт уналтын хамгийн өндөр хурд болох 190 км/цаг (хэрэв унаж буй хүн хэвтээ байрлалтай байвал), болон 240 км/цагт (хэрэв унаж буй хүн босоо байрлалтай байвал) хүрдэг байна. Харин гэмтэл, бэртэл үүсгэхэд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол агаарын даралтын өөрчлөлт юм. 3000 метр болон түүнээс дээш өндрөөс унаж буй хүний зүрх, уушги гэх мэт амин чухал эрхтнүүд гэнэт солигдож буй агаарын даралтыг хүлээн авч дийлэхгүйн улмаас тэр дороо задарч газар дээрээ амь үрэгддэг байна. Тэгэхээр дээр дурдсан хүмүүст тохиолдсон явдлыг гайхамшиг гэхээс өөрөөр яаж тайлбарлах билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()