Улс орнуудын хамгийн "ширүүн" уламжлалт баярууд

2019-05-15, 16:21
7,323

Бид өмнө нь та бүхэндээ олон хачин жигтэй баяр, ёслолуудын тухай мэдээллийг хүргэж байсан. Гэхдээ ширүүн, догшин зан үйлтнүүдийг онцолж байгаагүй билээ. Тиймээс энэ удаад дэлхийн дахинд тэмдэглэгддэг хамгийн аймшигтай уламжлалуудын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Улс орнуудын хамгийн "ширүүн" уламжлалт баярууд

10 "Энтройдо" карнавал, Испани

Испанийн Лаза хэмээх газар жил бүр гурван өдрийн туршид Энтройдо карнавалыг зохион байгуулдаг. Эхний өдөр нь эрчүүд модоор хийсэн өмсгөл өмсөж, хотын гудамжаар ташуур барин явцгаадаг. Үүгээрээ тэд XVI зуунд хотын иргэдээс татвар хураадаг байсан дээрэнгүй Галицчуудыг элэглэдэг аж.  Баярт оролцогсод замд нь саад болсон хүмүүсийг хайр найргүй ташуурддаг.

Энэ баярын хамгийн эхний өдөр болох даваа гарагт "фаррапада " хэмээх зан үйлийг үйлддэг. Энэ үеэр тэд шуудайг шавраар дүүргээд замдаа тааралдсан хүмүүс рүү шиддэг юм.

Гэхдээ хамгийн аймшигтай нь, залуус шоргоолжны үүрийг сэндийчэн шуудайд хийж, дээрээс нь цуу асгадаг. Ингэснээр шоргоолжнууд илүү ууртай болж, хазалт нь ширүүсдэг ажээ. Тиймээс та шуудай барьсан хүмүүстэй таарвал тэд шууд л дээрээс чинь баахан ууртай шоргоолж асгах болно.

Харин мягмар гарагт нь залуус хошин найраглал зохиож, бие биедээ сонирхуулдаг. Уг үйл ажиллагааг илжигний гэрээслэл гэх нь ч бий. Учир нь тэр жилдээ алдаа дутагдалтай амьдарсан хүнд ирэх жилдээ сайхан амьдрахыг ерөөж илжиг бэлэглэдэг уламжлалтай аж.

"Энтройдо" карнавал, Испани

9 Хавсрах мэхийн аварга шалгаруулах тэмцээн, Англи улс

Жил бүр Котсуолд нутгийн иргэд Котсуоллдын олимпын наадмыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус наадмын үеэр хүмүүс болхи ширүүн гэмээр, хачин жигтэй тэмцээн зохион байгуулж хоорондоо үзэлцдэг юм. Тухайлбал, олс татаж, төгөлдөр хуур хэн хурдан сүйтгэх вэ гэх мэтээр өрсөлддөг. Гэхдээ энэ наадмын хамгийн чухал тоглоом нь хавсралтын аварга шалгаруулах тэмцээн юм.

Тус тэмцээний үеэр өрсөлдөгчид бие биеийнхээ мөрөн дээрээс барьц авч, зөвхөн хавсрах мэхтэйгээр барилддаг байна.

Костуоллын олимпын наадам нь 1622 оноос хойш зохиогдож ирсэн бөгөөд тухайн үедээ залуус төмөр хуягтай гутал өмсөж цус асгаруулсан тулаан өрнүүлдэг байсан гэдэг. 

Харин орчин үед хөлдөө хонины ноос углаж бие биеэ хөлгүй болтол нь гэмтээхээс сэргийлдэг болжээ.

Хавсрах мэхийн аварга шалгаруулах тэмцээн, Англи улс

8 Агни Келигийн галын наадам, Энэтхэг

Энэтхэгийн Мангалорт хинди шашинтнууд цугларан бие бие рүүгээ шатаж буй дал модны навч шидэх замаар Дурга бурхандаа мөргөл үйлддэг аж. Уг наадамд оролцогчид нутгийн гол мөрөнд орж, бие сэтгэл, бодол санаагаа ариусгадаг бөгөөд дараа нь “галын наадмаа” эхлүүлдэг.

Оролцогчид хоёр хэсэг болон хуваагддаг ба нэг хэсэг нь шатаж буй дал модны навч гартаа барьж нөгөө бүлгийн хүмүүс рүүгээ шиддэг. Тэд шатаж буй навчийг хэр олон хүн рүү шиднэ төдий чинээгээрээ Дурга бурхан баярлана гэж үздэг ажээ.

Угтаа бол оролцогч бүр таваас дээшгүй навч шидэх ёстой юм. Харин нэг навч бүрэн шатаж дуусахад 15 минут зарцуулагддаг. Гэхдээ олон хүн гэмтэхээс сэргийлж, тус наадмыг шүүгчид хянаж байдаг.

15 минутын туршид галаар байлдсаныхаа дараа Катийл Дургапарамешвари дуган руу алхаж, өөр нэгэн галын наадамд ордог. Ийнхүү хоёр удаа шатаж буй навчаар “зодуулсныхаа" дараа тэд ариун усаар биеэ ариусгадаг юм.

Агни Келигийн галын наадам, Энэтхэг

7 Пуужингийн дайн, Грек

Улаан өндөгний баярын орой Грекийн Вронтадо арал дээр “пуужингийн дайн” болж өнгөрдөг. Тодруулбал, олон зуун жилийн турш хоорондоо өрсөлдсөөр ирсэн Гэгээн Маркын болон Панагия Эритиани сүмийнхэн энэ үдэш бие бие рүүгээ чиглүүлэн салют буудуулдаг ажээ. Энэ тулаанд эсрэг талынхаа сүмийн хонхыг оносон нь ялдаг байна.

Гэхдээ жил бүр хоёр тал өөрсдийгөө “ялсан” гэж үздэг нь хөгжилтэй хэдий ч тэдний хор уршгаар ойр хавийнх нь барилгууд сүйдэх нь бий. Тиймээс ч ард иргэд нь өөрсдийн барилга, гэр орноо хамгаалах арга хэмжээг авдаг боловч тэр үеэр дор хаяж нэг гал гардаг юм. Заримдаа хүний амь эрсдэх нь ч бий.

Улмаар 2016 онд оршин суугчдын аюулгүй байдлыг сахих журмаар, тус баярыг тэмдэглэхийг хоригложээ.

Пуужингийн дайн, Грек

6 Жүржийн тулаан, Итали

Ямар шалтгааны улмаас Италид жил бүр жүржийн тулаан өрнөх болсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ домог яриагаар, XII-р зуунд Италийн Иврея хотыг нэгэн хорон санаат тайж захирдаг байжээ. Эрх мэдэлд шунасан тэрбээр нутгийн нэгэн тээрэмчний охиныг хүчиндэхийг завдсан байна. Гэхдээ тэр охин түүний толгойг тасалж, үймээн самуун, бослого дэгдээж улмаар түүний цайзыг шатаасан гэдэг.

Харин өнөөдөр дээрх бослогыг дүрслэн харуулах зорилгоор жүржийн тулааныг жил бүр зохион байгуулдаг болжээ. Гэхдээ жинхэнэ цуст бослого шиг чулуу шидэж, зэвсэг ашиглахын оронд жүрж шиддэг болсон түүхтэй юм.

Энэ наадамд оролцохыг хүссэн хүн бүрд зориулж төв гудамж дагуу дүүрэн жүржтэй сагс тавьдаг. Тэгэхээр та жүржээ шүүрч аваад л Иврея хотын шуналтай захирагчийн албадын дүрд хувирсан хүмүүс рүү шидэхэд л хангалттай юм. Өнгөрсөн жилд гэхэд жүржинд оногдож гэмтсэн хүний тоо 70 хүрсэн юм.

Жүржийн тулаан, Итали

5 "Болас дэ Фуего" галт наадам, Эль Салвадор

1658 онд өнөөгийн Эль Салвадор улсын Эл Плаён хэмээх галт уул дэлбэрч ойролцоох Никсапа хотыг устгасан түүхтэй. Уг гамшгаас амьд гарсан хүмүүс хамтдаа өнөөгийн Нехапа хэмээх газар суурьшжээ. Ийнхүү тэд галт уулын дэлбэрэлтээр амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж жил бүрийн наймдугаар сарын 31-ний өдөр Болас дэ Фуего хэмээх баярыг тэмдэглэх болсон юм.

Болас дэ Фуего гэдэг нь “галан бөмбөг” гэсэн утгатай. Жил бүр баяр болохоос 3 сарын өмнө хүмүүс 1500 ширхэг керосинд дүрсэн алим шиг том хөвөнгөөр “уул” босгодог. Мөн тэдгээрийнхээ хэлбэрийг алдагдуулахгүйн тулд утсаар хооронд нь холбодог.

Тус наадмын үеэр хүмүүс нүүрээ янз бүрээр будаж, тэнгэрээс галт бөмбөг ирэхийг тэсэн ядан хүлээдэг аж. Хоёр цагийн турш хүмүүс галан бөмбөгөөр байлдах нь маш аймшигтай санагдах боловч хүмүүс бэртэж гэмтэх нь харьцангуй бага байдаг юм шүү.

"Болас дэ Фуего" галт наадам, Эль Салвадор

4 Нүцгэн эрчүүдийн тулаан, Япон

Хадака Мацури гэдэг нь Японоор “нүцгэн баяр” гэсэн утгатай. Жил бүр Япончууд дээрх нүцгэн эрчүүдийн баярыг Окаямагийн Сайдажи сүмд тэмдэглэдэг.

Гэхдээ тэд бүхэлдээ нүцгэлдэггүй юм шүү. Тус баярт жил бүр ойролцоогоор 9000 эрчүүд оролцдог бөгөөд бүгдээрээ сумо бөхчүүд шиг маваши өмсдөг. Сайдажи сүмийн цонхоор лам хуврагууд 100 ширхэг ариун савааг цугларсан олон руу шиддэг ба будаагаар дүүргэсэн масу хэмээх хайрцаг-шуудай руу савааг зоож чадсан залуу тэр жилдээ азтай одтой байдаг гэнэ.

Наадам яг хэрхэн явагддаг вэ гэхээр, эрчүүд санваартнуудын шидсэн савааг барьж аваад, шуудайтай будаа руу зоох хүртлээ бусадтайгаа барилддаг. Энэ нь сонсогдож байгаа шигээ тийм ч амархан зүйл биш бөгөөд, хүн бүрийн хийж чадах зүйл биш ажээ. Заримдаа хэт ширүүн өрсөлдөөний улмаас цөөнгүй эрчүүд олны хөлд дарагдаж үхдэг гэнэ.

Нүцгэн эрчүүдийн тулаан, Япон

3 Порто хотын гэгээн Жоны баяр, Португали

Энэ баярыг жил бүр зургадугаар сарын 23-ны өдөр Португалийн Порто хотын төвд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Зургадугаар сард тариаланчид жууцай, сармис хурааж авдаг бөгөөд тус баяр нь жууцайтай нягт холбоотой ажээ.

Жууцай нь эр бэлэг эрхтэн шиг харагддаг болохоор Португаличууд түүнийг төрөлт, шинэ амьдралын бэлгэ тэмдэг гэж үздэг. Уламжлал ёсоор бол хүмүүс хайртай нэгнийхээ толгой руу жууцайгаар цохиж, үр хүүхдээ үлдээхийг ерөөдөг байжээ.

Харин XX-р зуунд хүмүүс бие биенээ жууцайгаар бус харин тоглоомон алхаар цохидог болсон юм. Учир нь жууцай нь хүний нүүрний арьсыг ихээр гэмтээж, шархлуулдаг байсан юм.

Порто хотын гэгээн Жоны баяр, Португали

2 Таканакуй нударган зодоон, Перу

Таканакуй гэдэг нь шууд утгаараа “цус асгарах үед” гэж орчуулагддаг. Энэ баяр нь зул сарын өдрөөр Перугийн Чумбивилцас мужид зохиогддог ба хүмүүс тэр үеэр Перугийн домогт 5 баатруудыг “амилуулдаг” ажээ. Тэдний нэг нь колоничлолын үеийн боолын эзэн Негро юм. Хүмүүс түүнийг хүндэтгэн тойрог болж азарган тахиа шиг бүжиж, баясдаг.

Ийнхүү хэсэг хэсэг жижиг наадмуудын дараа баярын хамгийн гол зүйл болох нударган зодоон эхэлдэг. Ердөө энэ зодооныг үзэхийн тулд тал бүрээс 3 мянган хүн ирдэг гэнэ шүү.

Хэдий нударган зодоон-тэмцээнд ихэвчлэн эрчүүд оролцдог ч өөрийн саналаараа эмэгтэйчүүд, хүүхдүүд оролцох нь бий. Тэд гартаа даавуу ороож, өрсөлдөгчөө ухаан алдаж унатал нь зодох хүртлээ зогсохгүй байх ёстой гэнэ.

Таканакуй нударган зодоон, Перу

1 Абаре наадам, Япон

Гал ба уур хилэнгийн баяр гэгддэг Абаре наадмыг Япончууд жил бүрийн долдугаар сарын эхний баасан болон бямба гарагт тэмдэглэдэг. Хүмүүс энэ баярыг шинто шашны далай, аянгын бурхан Сусано но Микотог баярлуулах зорилгоор тэмдэглэхдээ их хэмжээгээр саке ууж, үймээн самуун дэгдээдэг.

Харин баасан гарагт нь Японы Ушицү тосгонд дэнлүү хөөргөж баяраа тэмдэглэдэг. Галт дэнлүү тэнгэрт хөөрч, шатаж үнс болохдоо яг л будрах цас шиг харагддаг бөгөөд эрчүүд нь тэр үеэр бөмбөр, хонх, лимбэ эгшиглүүлэн бүждэг ажээ.

Дараагийн үдэш нь наадамчид домогт Ясака сүм рүү ёслол үйлдэхээр зөөврийн жижиг сүм дамжлан ар араасаа жагсацгаадаг. Ийнхүү явах замдаа тэд дамжилж явсан хоёр жижиг сүмээ шатааж гол руу чулууддаг ба үлдсэн зүйлсийг нь Ясака сүмд аваачин үнс болтол нь шатааж бие сэтгэлээрээ ариусдаг ажээ.

Абаре наадам, Япон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()