Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь том шалтгаан болсон хавдар өвчин аюулын харанга дэлдээд байна шүү гэдэг дохио сануулгыг өгч, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл олгох, зорилтот бүлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-тэй хамтран энэ онд ес дэх жилдээ хэрэгжүүлэх гэж байна.
Тус аяныг 2019 онд Дархан-Уул, Хөвсгөл аймагт, мөн нийслэлийн Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс салхийг нь хагалж өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна талбайд аяны нээлтийн арга хэмжээ боллоо. Аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг шинжилгээнд хамруулж, олон нийтэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл олгох, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах ажлыг уламжлал ёсоор зохион байгуулах юм.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг найман жилийн турш хэрэгжүүлэхдээ хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулаад зогсохгүй төрөөс анхаарлаа хандуулах түвшинд ач холбогдлыг нь олон нийтэд таниулж чадсан нь энэхүү аяны хамгийн том үр дүн гэж зохион байгуулагчид онцолж байна.
Энэ дашрамд дурдахад, өнгөрсөн найман жилийн хугацаанд аяны багийнхан 72,440 км зам туулан Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилласан бөгөөд нийт 120 мянга гаруй иргэнийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан, 596 яаралтай мэс ажилбар хийж, амьдрал бэлэглэсэн юм. Мөн тус аяны хүрээнд 10,000 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулсан байна. Аяныг хамтран хэрэгжүүлэгч, ХААН Банк Сангийн хувьд өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлээд зогсохгүй, аяныг хэрэгжүүлэх бүхий л зохион байгуулалтад хамтран ажиллаж, орон нутгийн 2,700 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн болгож бэлтгэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.
Хавдар өвчнийг эрт үед нь илрүүлж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд аяны үзлэг оношилгоогоор хавдрын эхний үе шатандаа оношлогдон цаг алдалгүй эмчилгээ хийлгэн эрүүл саруул болсон иргэд олон байдаг билээ. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы дараагийн зогсоол Дархан-Уул аймаг бөгөөд 6-р сарын 10-наас эхлэн 5 хоногийн турш эмч нарын баг тус аймагт ажиллан зорилтот бүлгийн иргэдийг үзлэг оношилгоонд хамруулж, эмч мэргэжилтнүүдэд сургалт орон, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл өгч ажиллах юм байна.
Та, бид хавдраас урьдчилан сэргийлж чадна!
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.