Залхуу зангаараа зартай байсан 5 суут хүн

Хэрэв чи дийлдэшгүй залхуу, юм бүхнийг цагийг нь тулгаж хийдэг бүтэлгүй нэгэн бол одооноос сэтгэлээ зовоохгүй байж болохоор боллоо. Яагаад гэвэл чи хорвоо дээрх цор ганц тийм хүн биш бөгөөд алдар нэрээ мандуулсан суут хүмүүс хүртэл чухал ажлаа хойшлуулж цагийг нь тулгаж хийдэг байсан гэнэ шүү. Тийм учраас өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээтэйгээр төсөөлж, санаагаа бага ч гэсэн амраагаад, итгэл найдварын оч асаахад илүүдэхгүй болов уу. 

Залхуу зангаараа зартай байсан 5 суут хүн

1 Вольфганг Амадей Моцарт

Мэдээж та бүхэн энэ хүний тухай олон мянган хорхой хүргэм түүх, алдарт хүрсэн замнал, зохиосон хөгжмийнх нь сэтгэл хөдөлгөм  аялгууг бишгүй л сонссон байх. Гэхдээ тэрбээр бидний боддог шиг тийм ч төгс хүн биш байжээ. Моцарт нэг удаа Дон Жуан дуурийнхаа удиртгал хөгжмийг дуурь тавигдахын яг өмнөх өдөр зохиож байсан юм. 31 настай залуу уран бүтээлч биллиард тоглож байхдаа ч юм уу аль эсвэл зүгээр л цай уугаад сууж байхдаа бүхэл бүтэн симфони зохиох чадвартай байсан бөгөөд тархиндаа дүрсэлсэн зүйлийнхээ төгсгөлийг мэдэхээс нааш үзэг цаас огтхон ч нийлүүлдэггүй байжээ. Тийм ч учраас Дон Жуаны нээлтийн үеэр түүний шинэхэн аялгууны нотыг бичсэн цаасан дээрх бэх нь хатаж ч амжаагүй байсан гэдэг.

Вольфганг Амадей Моцарт

2 Франц Кафка

Ийм залхуу хүний талаар өдийг хүртэл хүмүүс дурсацгаадаг гэхээр тэр аргагүй л суут хүн юм. Нэгэн байгууллагад даатгалын ажилтнаар ажилладаг байх үед нь Кафкад бодож тунгаах, төсөөлөн дүрслэх хангалттай их цаг зав гардаг байсан боловч сэдсэн зүйлээ цаасан дээр буулгаж бодит болгох цаг зав яагаад ч юм олддоггүй байжээ. Хэсэг хугацааны дараа Кафкагийн албан тушаалыг ахиулсан ба түүний ажил 14:00 цаг гэхэд тардаг болов. Тэрбээр сүйт бүсгүйдээ бичсэн захидалдаа “Ажлаа тараад 15.30 хүртэл өдрийн хоолоо иддэг. 19.30 хүртэл дугхийгээд 10 минут дасгал хийж, 1 цаг явган алхаад гэртээ ирж гэр бүлийнхнийхээ хамтаар хооллодог” хэмээн өөрийн амьдралын нэг өдрийг дүрсэлжээ. Кафка оройн 11 цагаас хойш аргагүйн эрхэнд ажиллаж эхэлдэг байсан ба нэг бол өглөө болтол сууж, аль эсвэл ширээгээ дэрлэн унтдаг байсан. 40-хөн настай цэл залуугаараа нас барсан түүний үхлийн шалтгаан мэдээж залхуурал биш хэдий ч амьдралын буруу хэв маяг нь хамгийн ихээр нөлөөлсөн гэдэг.

Франц Кафка

3 Фрэнк Ллойд Райт

Америкийн архитектурч, “органик архитектур”-ын гэгээн эцэг Фрэнк Ллойд Райт өөрийн хамгийн алдартай байгууламжийнхаа бүтцийг 68 настай байхдаа хоёрхон цагийн дотор бүтээж байжээ. Учир явдлыг сийрүүлбэл, 1934 онд нэгэн баян эр Пенсильванд орших өөрийн эзэмшлийн ногоон байгууламж дахь хүрхрээний ойр орчмын овон товонтой газрыг засаж янзлахыг хүсэж Фрэнк Райтыг хөлсөлсөн бөгөөд архитектурч маань нөхцөл байдалтай танилцаад даруйхан ажлаа эхлэхээ амлаж, маш том төлөвлөгөө гаргаснаа ч дурджээ. Яг үнэндээ түүнд ямар ч төлөвлөгөө байгаагүйгээр зогсохгүй хэдэн долоо хоног байтугай хэдэн сар цаасан дээр цэг ч тавиагүй байна. Гэтэл нэгэн бүтэн сайны өглөө баян эр Райт руу залгаж түүний урланд өөрийн биеэр зочилж ажлын явцтай танилцахаа дуулгатал Райт өдрийн хоолны үеэр бүх зүйлийг бэлэн болгоно гэж хэлээд утсаа тасалжээ. Энэхүү ярианы дараа архитектурч уух гэж байсан өглөөний цайгаа түр хойшлуулаад орчин үеийн архитектурын хэв маягийн бэлгэ тэмдэг, үндэсний түүхийн дурсгал болсон “Хүрхрээн дээрх байшин”-гийн төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн гэдэг. 

Фрэнк Ллойд Райт

4 Хантер Стоктон Томпсон

Алдарт зохиолч, сэтгүүлч Хантер Томпсон ажил амьдралаа зохицуулах чадваргүй байсан учраас хэрэггүй зүйлд маш их цаг зарцуулж, харин чухал зүйлээ хийхдээ зав гаргаж чаддаггүй байсан юм. 1970 онд түүнийг тун удахгүй Кентаккид болох гэж буй морин тойруулгад зориулж нийтлэл бичихийг хүсжээ. Тэрбээр хүсэлт ирсэн цагаас хойш тэмцээний өдөр хүртэл цаг гаргаж чадахгүй явсаар байтал нэгэн сайхан амралтын өдөр түүний хийсэн ажлыг авахаар хүн ирсэн байв. Гэвч Томпсонд хураалгах ажил бүү хэл ганц үсэг ч бичсэн цаас байхгүй байлаа. Улмаар хуучин тэмдэглэлийн дэвтрээсээ хэдэн хуудас түргэхэн тастаж аваад юу ч хамаагүй өгч явуулахын тулд яаруу сандруу хэдэн зүйл бичээд хүргэгчээр хүргүүлжээ. Тэрбээр өөрийн бичиж явуулсан утга авцалдаагүй бичвэр нь алдар нэрд нь төгсгөл авчирна хэмээн бүрэн итгэж байв. Гэвч түүний “Кентаккигийн морин тойруулга” нийтлэл нь цацагдсан мөчөөсөө л эхлэн олон нийтийн сэтгэлд хүрсэн ба одоог хүртэл дурсагдан яригддаг билээ.

Хантер Стоктон Томпсон

5 Виктор Хюго

Хюго нь “Нотр Дамын бөгтөр” зохиолоо 1830 оны намар бичиж эхэлсэн бөгөөд 1831 оны 2-р сард дуусгах ёстой байжээ. Гэвч түүний ажил бэлдэж тавьсан сав дүүрэн бэхнээс хэтрэлгүй нилээд хугацааг элээв. Тэрбээр арга ядахдаа гадуур гарахаа хүртэл болихоор шийдэж бүх хувцсаа тайлан авдартаа түгжээд, шал шүргэсэн ноорхой шуудай өмсөж үлджээ. Хюго сүүлийн хугацаа дуусахаас хэдхэн долоо хоногийн өмнө номоо дуусгасан ба түүний тэрхүү зохиол одоо хүртэл уншигчдын хүндэтгэлийг хүлээсэн бүтээл хэвээр байгаа билээ. 

Гэхдээ эдгээр хүмүүс эрт ч бай, орой ч бай ямар ч байсан хийх ёстой зүйлээ хугацаанд нь гүйцэтгэж, эхэлснээ дуусгаж, амласнаа биелүүлсэн гэдгийг санах хэрэгтэй юм. Тиймээс та ч гэсэн хийж буй ажлаа хойш тавилгүй одооноос цагаа зөв зохицуулж сураарай.

Виктор Хюго

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()