1
"18th Street Gang" - Хүний наймааны мэргэжилтнүүд
“18 дугаар гудамж” бол 1960-аад онд Лос-Анжелесын ойролцоо орших жижиг хотоос гаралтай латин америк залуучуудаас бүрдсэн гэмт хэргийн бүлгэм юм. Зөвхөн Лос- Анжелес хотод л гэхэд л уг бүлгэмийн 10.000 гаруй гишүүд байдаг бөгөөд эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийт 30.000-аас хол давсан гишүүдтэй аж.
"18th Street"-ийн орлогын эх үүсвэр нь хар тамхины наймаа боловч эдгээр залуус юунаас ч айдаггүй гэхэд хилсдэхгүй. Учир нь тэдний хийдэг зүйлс хар тамхиар эхэлж хууль бус цагаачлал, захиалгат аллага, луйвар, хулгай дээрмээр үргэлжилж хүний наймаагаар дуусдаг юм. Лос- Анжелес хотын цагдаагийн газраас гаргасан дундаж үзүүлэлтээс үзэхэд “18 дугаар гудамж”-д харьяалагддаг гишүүдээр үйлдэгдсэн гэмт хэрэг өдөрт дор хаяж нэг удаа гардаг аж. Гэвч энэ нь зөвхөн албан ёсоор бүртгэгдсэн тоо баримт бөгөөд нийтэд илэрч амжаагүй хэдэн гэмт хэрэг нуугдаж байдгийг хэн ч таашгүй юм.
2
"Mara Salvatrucha" - Шоргоолж шиг олуулаа
"MS-13" буюу "Мара Сальватчура" нь "Сальвадорын шоргоолжнуудын бригад" гэж орчуулагддаг бөгөөд тэд яахын аргагүй шоргоолж шиг тоолж барамгүй олуулаа юм. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан дундаж үзүүлэлтээр уг бүлгэм ойролцоогоор 80-300 мянган гишүүдтэй гэнэ.
Латин Америк даяар үйл ажиллагаагаа явуулдаг жижиг бүлгэмүүд Марагийн толгойлогчийг ч мэдээгүй байхдаа "MS-13"-д нэгддэг ажээ. Тэд эхлээд Америк дахь Сальвадор цагаачлагчдын үйл ажиллагааг даамжруулж “18-р гудамж”-ныхныг буулгаж авах зорилготойгоор гарч ирсэн ч санаснаар нь болж чадаагүй юм. 1990-ээд оны үеэс АНУ-ын удирдлагууд уг бүлгэмийн гишүүдийг эх орон руу нь буюу ядуу тарчиг, дайны золиос болсон Сальвадор луу нь буцааж эхэлжээ. Гэвч тэр үйлдэл нь тэднийг улам өөгшүүлсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь Марагийнхан эх орондоо очоод залуу болон чинээлэг хүмүүсийг өөрсдөдөө нэгтгэж чаджээ. Шоргоолжнууд маш хурдацтайгаар өсөж үржсээр тун удалгүй “эргэн ирэлт” хийж бүх Өмнөд Америкаар тархсан юм. Өнөөдрийн байдлаар энэхүү бүлгэмийг хамгийн том гудамжны бүлгэм гэж нэрлэж болох ба удирдагч нь өөрсдийн гишүүдээ АНУ-ын арми руу туршлага хуримтлуулах, шинэ гишүүн элсүүлэх зорилгоор илгээдгээр зогсохгүй Европын ихэнх улсуудад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
3
“Синалоа” - Хар тамхины наймааг атгагчид
Мексикийн “Синалоа” нарыг зүгээр ч нэг бүлгэм (картел) гэж нэрлэхэд хэцүү билээ. Хэдийгээр тухайн бүлэглэл гэмт хэрэгтнүүдээр дүүрэн боловч ард нь эдийн засаг болон цэргийн зэвсэгт хүчний дэлхийд тэргүүлдэг чинээлэг байгууллагууд байдаг юм.
Синолао бүлгийнхэн бол “Хэр их үйлдвэрлэж байгаа нь чухал биш, харин хэдий чинээг нь удирдаж чадаж байна вэ гэдэг л чухал” гэсэн дүрмийг баримталдаг Медельинагийн үргэлжлэл, өв залгамжлагчид яах аргагүй мөн юм. Хаокин Гусманаар удирдуулсан нэгдлийн нэг хэсэг нь АНУ-д үйлдвэрлэгдэж буй нийт хар тамхины 60 хувийг хяналтандаа байлгадаг байсан ба нэг жилийн дотор хэдэн арван миллиард долларын цэвэр ашиг олдог байжээ.
Мөн Мексикийн удирдлагууд тус бүлэглэлийн эзэмшилд байсан 600 гаруй онгоц болон нисдэг тэргийг хураан авч байсан гэдэг. Гэвч тэдэнд онгоц, нисдэг тэргээс гадна олон мянган завь, усан онгоц, тусгай албаныхны үйл ажиллагаанд зориулагдсан тусдаа орон байр гэх мэт зүйлс байдаг аж. Өнөөдөр гэхэд л ойролцоогоор 150000 орчим Синалоачууд дэлхийн өнцөг булан бүрд өөрсдийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна.
4
"Мунгики" - Тусгаар улсаас ялгаагүй
Кени улсаас гаралтай Мунгики (“Маш олон”) бүлгэм нь өөрсдийгөө нэгэн тусдаа улс хэмээн зарладгаараа онцлогтой. Бүлгэмийг нийтдээ хэдэн арван мянгаас хагас сая хүртэлх гишүүдтэй гэж үздэг боловч яг тодорхой тоон баримт байдаггүй. Тэд ард түмний дэмжлэгээр улс төрд гарч, Кенийн засгийн газрыг эрхэндээ оруулж, парламентыг удирдахаар завдсан боловч бүлгэмийн толгойлогч Маин Нюдженга сонгуульд ялагдаж, тэрхүү оролдлого нь бүтэлгүйтжээ. Гэвч энэ үйлдэл нь тэднийг улам их алдаршуулж олон тооны шинэ гишүүдийг өөрсдөдөө нэгтгэх томоохон боломжийг олгосон юм.
5
"Crips" - Хэрцгий "тахир дутуучууд"
"Crips" буюу “Зэрэмдгүүд” бүлгэмд ойролцоогоор 30-40 мянган гишүүн харьяалагддаг бөгөөд тэд АНУ-д алдартай том бүлгэмүүдийн нэг юм. Хойд Америкийн хоёр том бүлгэмээс ялгаатай нь энэхүү бүлгэмд латин америкчуудаас гадна өнгөт арьстнууд байдаг аж.
Крипсийн гишүүн болохын тулд тодорхой шалгуурыг давах ёстой байдаг. Элсэх гэж буй залуучууд нь гэрчийн дэргэд гэмт хэрэг үйлддэг бол охид, бүсгүйчүүд нь бүлгэмийн ахмад гишүүдийн нэгтэй нь унтах ёстой байдаг гэнэ.
Нэгэн удаа бүлгэмийн гишүүд хөгшин япон эмэгтэйчүүд рүү дайрсан бөгөөд тэдгээр япончууд гэмт хэрэгтнүүдийг дүрслэхдээ “тахир дутуу” хүмүүс байсан хэмээн тодотгожээ. Учир нь тэдний ихэнх нь гартаа таяг барьж, түүнийгээ зэвсэг болгон ашигладаг байсан юм. Ингэж л уг бүлгэм “тахир дутуу хүмүүс” буюу "cripples" гэдэг үгнээс үүдэн "CRIPS" нэртэй болсон аж.
6
"14К" - Хонконгийн агуу триад
20-р зууны 1940-өөд онд Хонконгт үүссэн 14К бүлгэм бол Хятадын коммунист засаглалын эсрэг нэгдсэн үндсэрхэг үзэлт хүмүүсээс бүрдсэн хамгийн хүчирхэг триад билээ. 14К-ын эгнээнд олон тооны тулааны арвин туршлагатай “хал цэргүүд" нэгдэж байсан юм.
Тун удалгүй энэхүү бүлгэм нь алдарт Коулун цайзыг эрх мэдэлдээ оруулж, хотоо бүхэлд нь өөрсдийн хяналтанд байлгадаг болов. Өнөөдрийн байдлаар Япон, Испани, Орос гээд дэлхийн өнцөг булан бүрд 14К-д бүртгэлтэй нийт 15-20 гаруй мянган гишүүд аж төрж байна. Гэхдээ сүүлийн үед Хятадын триадын хаалттай байдал улам нэмэгдсээр байгаа нь тэднийг судлахад ихээхэн саад болж байгаа аж. Жишээлбэл ОХУ-ын хойд хэсэгт маш олон Хятадууд амьдардаг ч огт гэмт хэрэг дуулддаггүй гэнэ. Энэ нь тэд санаснаа чимээгүй, өөрсдийнхөөрөө үйлдчихээд ямар ч гэмгүй мэт байж чаддагийг харуулж байна.
7
"Ямагути-гуми" - Якуза нарын бахархал
"Ямагути-гуми" бол Японы мафийн ертөнцөд хамгийн том байр суурь эзэлдэг томоохон бүлгэм юм. Энэхүү бүлгэм нь Япон, Хятад, Солонгосчуудаас бүрдсэн нийт 200.000 орчим гишүүдтэй аж. Гэвч тэдгээрийн талаарх мэдээлэл хомс байдаг нь бүлгэмийн хаалттай байдалтай холбоотой. Ямагути-гуми нь хэдэн зуун миллиард доллароор үнэлэгддэг ба энэ цаг үеийн хамгийн баян гэмт хэргийн бүлэгт тооцогддог. Тэд Якуза нартай тэмцэх хууль, цагдаагийнхны бүх оролдлогыг бут цохиж өөрсдийн нөлөөгөө бэхжүүлж, гишүүдийнхээ тоог улам нэмэгдүүлсээр байна.