Уран барималч А.Очирболд дэлхийд “данс”-тай болсон манай цөөн уран бүтээлчдийн нэг билээ. Түүний урласан монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москва хотноо заларсан бол орчин үеийн урлагийн “Ухамсар” бүтээл нь АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна талбайд сүндэрлэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг хамтран гаргаж буй түүний гэргий Э.Халиунаагийн хувьд анхны үзэсгэлэн нь бөгөөд 20 шахам жил завсарласны эцэст ийнхүү өрөг урлагийн цоо шинэхэн бүтээлээ олонд дэлгэж буй нь энэ юм.
Хөх болон саарал торон материал бүхий хамхуулуудаас бүтсэн уран бүтээлийн гол санаа түүнийх аж. Э.Халиунaa бүтээлийнхээ тухайд “Халдваргүй гэсэн болгон халдваргүй байдаггүй. Бид бүгд халдвартай. Бид бүхий л мэдрэхүйгээрээ халдварладаг, бас бусдад тараадаг. Бид бол халдвартай бас халдваргүй юм. Өөрөөр хэлбэл, муу зүйлийг сайхан болгож, сайхан юмыг муухай болгож харагдуулдаг нийгэмд бид амьдарч байна. Дээрээс харагдах хамхуулууд цахим ертөнцөд байгаа мэдээллүүдийг илэрхийлж буй. Сайн муу, үнэн зөв нь мэдэгдэхгүй, итгэхэд ч бэрх асар их мэдээлэл бидний дээр байна. Аливаа бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй гэсэн санааг энэ бүтээлдээ тусгасан” гэлээ.
Тэгвэл А.Очирболд барималчийн нэг бүтээл энэ үзэсгэлэнд тавигдсан нь төмөр тэрэг. Нийгмийн сэдэвт энэ бүтээлээ тэрээр жилийн өмнө урласан аж. Хогийн цэг дээрээс цуглуулсан төмрийн хаягдлуудыг эвлүүлэн бүтээсэн энэ тэргэн дотроо дүүрэн хуушуур хийчихээд, өнгөрсөн зун “Шангрила”-гийн үүдэнд “Хуушуур үнэгүй аваарай” хэмээн хашгирч явсан гэж байгаа. Энэ нь үйлдлийн урлагт хамаарагддаг бөгөөд хүмүүсийн араншинг шинжсэн энэхүү бүтээлээрээ аливаа бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүйг нотлохыг тэр хүсчээ.
Та бүхнийг “Халдваргүй” үзэсгэлэнд хүрэлцэн ирж, Монголын нэн шинэ орчин үеийн урлагийн бүтээлтэй танилцахыг урьж байна. Үзэсгэлэн 2019 оны 4-р сарын 25-ныг хүртэл ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.