1
Элис Китлер (Даашинз өмссөн хөх сахалт)
Шулмыг шүүсэн анхны шүүх ажиллагаа XIV зуунд хамаарна. Энэ хэрэг Ирландад болсон бөгөөд Элис Китлер гэгч эмэгтэй шүүхэд баригдан очжээ. Тэрбээр ер бусын азгүй нэгэн эсвэл аллагын хэргийн буруутан байсан байж ч болох юм. Учир нь Элисийн гурвын гурван нөхөр нас барж, тэдний эд хөрөнгө түүнд шилжсэнээр Китлер нутгийнхаа хамгийн баян эмэгтэй болсон байжээ. Дөрөв дэх нөхөр болох «Хөх сахалт» нь эрүүл мэнд нь илэрхий муудаж байгааг анзаарч эхнэрийнхээ авдар савыг онгичиж байгаад тун сэжигтэй эм, өвс ургамал олжээ. Энэ нь тэр эмэгтэйг хараал, жатга хийсэн гэж буруутгахад хангалттай байсан юм. Элисийн аз болоход ийм хэргийг шүүж яллаж байсан удаа байгаагүй бөгөөд шүүгчид яахаа мэдэхгүй ихэд сандарч байжээ. Гэвч Элис амархан бууж өгөлгүй, бүх л танил талаа ашиглан мултрахыг оролдсоноор эрх чөлөөтэй болж чадсан юм. Харин хамба лам Ричард Ледред хүүг нь тэрс үзэлтэн гэж буруутгаж, шоронд суулгана гэж айлган эмэгтэйд нөлөөлөхийг оролджээ.
Улмаар тэр хоёрын хооронд хэн нь хэнийгээ дийлэхээ үзэх халз тулаан болж улмаар Элис ялсан юм. Түүний дараа тэрбээр Англи явж, насан эцэслэх хүртлээ амар тайван амьдарсан ба хамба лам Ричард тэрс үзэлтэн гэгдэн албан тушаалаасаа хөөгджээ.
2
Салемийн шүүх
Массачусетс муж улсын Салем хотод XVII зууны сүүлчээр илбэ шид үйлдсэн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг мөрдөх болжээ. Тэр үед 175 хүн буруутгагдсанаас 19 нь цаазлуулж, 18 нь дүүжлүүлж, 1 нь няц даруулан үхсэн аж.
Сэмюэл Пэррис ламтны охин, ач охин нь найзынхаа хамтаар татаж унадаг өвчин тусаж хий юм хардаг болжээ. Өнөөгийн түүхчид тэдгээр охидыг жүжиглэж байсан гэж үздэг. Гэвч ламтан болон эргэн тойрных нь хүмүүс тэднийг татаж унах үед Бурхны бэлгэ тэмдгийг хардаг байснаас охидын үг бүр нь алтан зоос шиг үнэлэгдэх болжээ. Тэд хотын илбэ шидтэй холбогдсон иргэдийн нэрсийг хэлж өгдөг байжээ.
Удалгүй Пэррисийн шивэгчин, түүний хөрш 80 настай Сара Осборн (цаазлуулахаасаа өмнө нас барсан), нутгийн ядуу бүсгүй Сара Гуд нарыг баривчилжээ. Гурвуулаа тун аятайхан хүүхнүүд байсан ч удаан хугацаагаар сүмд очоогүйгээсээ болоод өөрсдийгөө өмгөөлж чадаагүй юм. Түүний дараа маш олон хүмүүсийг баривчилсан бөгөөд 1692 оны 9-р сараас тэднийг цаазаар авч, ихэнхийг нь дүүжилсэн гэдэг. Гэвч ганц л хүнийг маш хэрцгийгээр цаазалжээ. 80 настай Жюль Кори өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзжээ. Учир нь тухайн үед хэргээ хүлээсэн хүмүүсийн эд хөрөнгө сүмд очдог байсан бол эрүү шүүлтийнхээ үеэр үхвэл эд хөрөнгө нь гэр бүлд нь үлддэг байжээ. Түүнийг хэргийг хүлээлгэхийн тулд дээр нь банз тавьж, бул чулуу овоолж байсан бөгөөд Жюль хурдан үхэхийн тулд улам их чулуу тавиач гэж гуйж байсан гэдэг. Улмаар хоёр хоногийн дараа нас баржээ.
3
Анна Гёльди — Швейцарийн сүүлчийн шулам эмэгтэй
Нийгмийн доод давхаргаас гаралтай Аннагийн амьдрал тийм ч амар хялбар байсангүй. Тэрбээр бүх л амьдралынхаа турш баячуудын гэрт үйлчлэгчээр ажиллаж байжээ. 1781 оны 10-р сард Аннагийн амьдрал орвонгоороо эргэсэн юм. Эзэгтэйнх нь охины бие муудаж, татаж унан бөөлжих болсон бөгөөд охины эцэг Чуди бөөлжиснөөс нь зүү олжээ. Айж сандарсан эцэг үйлчлэгчээ охиных нь талханд үргэлж зүү шивж идүүлж байсан гэж буруутгасан юм. Эхэндээ Анна баривчлагдалгүй зугтаж чадсан ч сонинд Аннаг барихад тусалбал асар их шан харамж өгнө гэсэн зарлал гарчээ. Улмаар Анна ч баригдаж, эрүү шүүлтийг тэсэж чадалгүй өөрт нь хар нохойн дүртэй чөтгөр шүглэсэн увдист эм гэдгээ хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.
Аннаг 1782 оны 6-р сарын 13-нд хотын төв талбай дээр толгойг нь авч цаазалжээ. Гэвч энэ нь түүнийг увдис шид хэрэглэснийх нь төлөө бус хор өгсний төлөө цаазалсан хэрэг байжээ. Тэр нь ч хууль зөрчсөн хэрэг байсан аж. Учир нь тухайн үед хохирогч нь амьд үлдсэн тохиолдолд хордуулсан гэх шалтгаанаар хүнийг цаазлахыг урьтал болгодоггүй байсан юм. Түүнийг албан ёсоор хараал жатга хийсэн гэж ил тод буруутгалгүй, байцаалт мэдүүлгийн бүх баримтыг нямбай устгаж байсныг үл хайхран олон нийт уг явдлыг шулам ангуучлах явдал хэмээн хүлээн авч маш их эгдүүцэж байсан гэдэг. Аз болоход түүнээс хойш Швейцарт увдис шид хэрэглэсэн гэх шалтгаанаар нэг ч хүн цаазлагдаагүй юм. Аннаг 226 жил өнгөрсний дараа 2008 онд цагаатгажээ.
4
Хувилсан шулам болон увдист эмс
1428 оноос 1447 он хүртэлх үед Францын өмнөд нутагт 367–гоос цөөнгүй хүнийг шатааж, толгойг нь авчээ.Тэр үед шулам, чөтгөр эсвэл увдис шид хэрэглэдэг гэгддэг хүмүүсийг шууд л баривчилдаг байсан юм.
Энэ бүхэн нь маш эртний үйл явдал ба баримт, нотолгоо тун бага байдаг. Гэвч шүүхийн нарийн бичгийн дарга Иоганнес Фрюндийн тэмдэглэл дээр тулгуурлаж орчин үеийн судлаачид судалгаа хийжээ. Тэр үед доор дурдсан зүйлсээр бусдыг буруутгаж ялладаг байжээ. Эдгээр нь ард түмний харанхуй бүдүүлэг байдал, шүүхийнхний тэнэглэлийг илтгэдэг гэж хэлж болох юм.
- Нисэх чадвартай, үүнийгээ муу үйл хийхэд ашигладаг.
- Биеэ хувилах чадвартай, тэр дүрээрээ мал амьтныг алдаг.
- Өвсний ханд ашиглаж үл үзэгдэгч болдог.
- Бусдыг эмнэж домнох. Увдист эмс өвчтөнөөс өвчнийг нь аваад өөр эрүүл хүнд өгдөг гэлцдэг байжээ.
- Үр хүүхдээ хулгайлж иддэг.
- Хараал жатга хийдэг.
- Чөтгөртэй байнга уулзаж, ид шид сурдаг.
- Христийн шашинтны эсрэг хуйвалдаанд оролцдог. (Бараг бүх шүүгдэгч энэ зүйлээр буруутгагджээ)
Иоганнес Фрюндийн тэмдэглэлээс үзвэл хүн төрөлхтний хувь заяа аюул занал, айдас түгшүүрээр дүүрсэн байсан аж. Тэр үед хүмүүс шүүхэд үнэн голоосоо итгэж, шийтгүүлсэн хүмүүс бурхан болон хүмүүсийг харанхуйгаас хамгаалдаг гэж боддог байжээ. Сайн санаа ч там руу чиглүүлдэг байсан гэлцдэг.
5
Урбен Грандье ламтан
Танд бурхны зарц нарт түүдэг гал, дүүжлүүр, цаазын илд заналхийлдэггүй байсан байх гэж санагдаж мэднэ. Гэвч тийм биш юм. Урбен тухайн цагийнхаа хамгийн боловсролтой хүний нэг байжээ. Тэрбээр 1590 онд Францын баруун нутгийн Буэрт хэмээх газарт хааны нотариатчины гэрт төржээ. Тэрбээр Ришелье хамбын бодлогыг ил тод шүүмжилж, үйл хөдлөлийг нь шог яриандаа оруулж шоолон инээдэг байсан бөгөөд гэлэнмаа нар түүнийг хашаа давуулан цэцэг шидсэн ч гэж гомдол гаргадаг байжээ.
Ришелье хамба Урбенийг үзэн яддаг байсан тул ламтны эсрэг чөтгөртэй нөхөцсөн гэх хэрэг үүсгэж эрүүдэн шүүсэн ба хэргээ хүлээсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Үнэн хэрэгтээ тухайн үед хэргийг нь хүлээлгэх шаардлага байгаагүй аж. Учир нь түүний эсрэг өөрийнх нь гараар бичсэн чөтгөртэй хийсэн бичмэл гэрээ нотлох баримт болж байсан юм. Тэрбээр элгэн цаасан дээр Сатан, Люцифер, Астарот болон Левиафан зэрэг нэлээд хэдэн чөтгөр, шуламтай гэрээ хэлцэл байгуулсан байжээ. Тэд түүнд онгон охины хайр, хааны соёрхол болон өөр олон баяр жаргал бэлэглэж, хариуд нь Урбен тэдний төлөө зүтгэхээ андгайлжээ. Улмаар түүнд түүдэг галд шатаж үхэх алах ял оноосон юм. Хэрвээ нүглээ наманчилбал сүм хийдтэй эвлэрэх боломж олгоно гэсэн боловч цэцэг илгээсэн гэж буруутгаж байсан өнөөх гэлэнмаа нүднийх нь өмнө бүжиглэж эхэлсэн учир ламтан тэдэнтэй хуйвалдахыг хүсээгүй бололтой. Түүнийг 1634 оны 8-р сарын 1-нд амьдаар нь шатаасан гэдэг.