1
Эргэн тойрныхоо тухай ярилц
Энэ бол ямар ч нөхцөлд ашиглаж болох тохиромжтой арга юм. Та эхлээд орчин тойрноо сайтар ажиглаж, дараа нь ямар нэг тодорхой зүйл дээр төвлөрч түүнийгээ ярианы сэдэв болгох хэрэгтэй. Тухайлбал, “Сайн уу, наадах чинь үнэхээр гоё ном шүү. Чи энэ зохиолчийн өөр номыг уншиж байсан уу?” гэх мэтчилэн асуулт асууж болох юм.
2
Түүнд эерэг сэтгэгдэл төрүүл
Хүнтэй анх яриа өрнүүлэхдээ хаанахынх вэ гэдгийг нь сонирх. Харилцагч тань энэ асуултад хариулахдаа төрсөн нутаг, гэр бүл, эцэг эх гээд нандин бүхнээ бодох тул түүнд сайхан мэдрэмж төрөх болно. Танд ч өөрийгөө нээж, дотносоход дөхөм байх болно. Ялангуяа та түүнтэй нэг нутгийнх бол яриагаа улам гүнзгийрүүлэх хэрэгтэй.
Харин эсрэгээрээ та харилцагчийнхаа төрсөн газрынх нь талаар ямар ч төсөөлөлгүй байвал түүнээс нутгийнх нь хоол хүнс, соёл зэргийн талаар асууж, яриагаа цааш өрнүүлээрэй.
3
Хувийн чанартай асуултыг аажмаар асуу
Анх танилцсан хүнээсээ шууд л хэт хувийн чанартай зүйлс асуух нь бүдүүлэг бөгөөд таныг нөгөө хүн тань түрэмгий гэж ойлгоход хүрдэг. Харин анхны уулзалт дээр цаг агаар гэх мэт жижиг сэдвээр ярилцах нь илүү ухаалаг сонголт байх болно.
4
Жижиг зүйлс дээр хүртэл анхаарлаа хандуул
Технологийн хөгжлийг даган бий болсон нийгмийн сүлжээ нь хүмүүсийг хооронд нь холбох гол хүч болоод байгаа билээ. Тэгвэл тэдгээр сүлжээг ашиглаж ярилцахыг хүссэн хүнээсээ бусдын хайхрамжгүй ханддаг жижиг зүйлсийн талаар асууж, сайхан сэтгэгдэл төрүүлж болно.
Жишээ нь, "Өнөөдөр чамд ямар сайхан зүйл тохиолдсон бэ?" гэх мэт. Иймэрхүү энгийн хэрнээ эерэг утгатай асуулт нь та хоёрыг дотносоход нөлөөлөх болно.
5
Хошигнол ашигла
Инээдтэй яриа, хошигнолд дургүй хүн маш цөөн байдаг бөгөөд энэ нь хүн бүр инээж, аз жаргалтай байхыг хүсдэгтэй холбоотой. Хэрвээ та бусдыг хөгжөөж чаддаг хошин шогийн мэдрэмжтэй бол маш том давуу талтай гэсэн үг. Гэхдээ хошигнож байна гээд хэмжээнээс хэтрэх хэрэггүйг анхаараарай.
6
Зохиогдож буй үйл явдал, соёлын арга хэмжээ зэргийг ашигла
Сүүлийн үед гарсан шинэ кино, дуу хөгжим, бүжиг зэргийн талаар бусдаас асуух нь яриа эхлүүлэх сайн аргуудын нэг. Гэхдээ тэдгээр нь улс төрөөс ангид байх хэрэгтэйг анхаараарай.
7
Жижиг зүйл дээр тусламж хүс
Харилцагчаасаа тусламж хүсэх нь түүнд тухайн харилцаанд давамгайлж буй мэт эерэг сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ тусламж тань энгийн бөгөөд биелүүлэхэд хялбар байх ёстой. Энэ тохиолдолд тэр танд туслахаас татгалзахгүй юм.
Бонус: Нэгэнт эхлүүлсэн харилцаагаа хэрхэн цааш үргэлжлүүлэх вэ?
Хэн нэгэнтэй ухаалаг, хөгжилтэй, сонирхолтой яриа өрнүүлнэ гэдэг амар биш. Ямар ч харилцаанд та зүгээр л өөрийнхөөрөө бас үнэнээрээ байхад болно. Учир нь бид ихэвчлэн энгийн байдал болон чин сэтгэлийг дутуу үнэлдэг. Гэтэл бодит байдал дээр энэ нь харилцааг удаан үргэлжлүүлж, бат бөх байлгах эх үндэс нь байдаг гэдгийг бүү мартаарай.