1
Өөрийнхөө чадварт тулгуурлаж ажил хайх
Ихэнхи хүмүүс ажил хайхдаа ажлын байрны толгойг харж, өөрийн зорилгод тулгуурласан ажлыг сонгодог. Харин Америкийн ажил олголтын мэргэжилтэн Скотт Доброски хэлэхдээ ажилд орохоосоо өмнө тухайн ажлын байрны үүргийн тодорхойлолтыг сайн харах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.
Ямар нэг албан тушаалын нэршил нь байгууллага бүрт өөр өөр байдаг. Та ямар чадвартай, ямар туршлагатай гэдгээ бодолцож үзээд ажлаа хайгаарай. Энэ аргаар ажил хайхад та өөрт тохирсон ажлыг олох болно.
2
Боломжтой бүхий л нөөцөө ашигла
Өөрийн сонирхож буй байгууллагын цахим хуудсанд нэвтэрч ажлын байр зарласан эсэхийг шалгаж байгаарай. Мөн ажлын байрны зард чиглэгдсэн сайтуудаар аялахаа ч мартаж болохгүй. Та нэгэн ажлын байрыг сонирхлоо гэхэд тухайн ажлын байртай ойролцоо ажлын байрыг танилцуулсан зард анхаарал хандуулаарай.
3
Хайлтаа илүү нарийн болго
Та өөрийн чадварт тулгуурласан ажлын байрыг сонгох хэрэгтэй. Тухайн сонирхож буй байгууллагынхаа цахим хуудсанд нэвтэрч шинээр зарласан ажлын байрны үүргийг уншиж, байгууллагын ажилчдын сэтгэгдлийг уншаарай. Энэ арга замаар та энэ байгууллагад ажиллахыг хүсэж байгаа эсэхээ шийдэж чадна.
Магадгүй таны сонирхож буй байгууллагын талаар найз нөхөд тань мэддэг байж болох юм. Тэгвэл та энэ байгууллагын талаар илүү их мэдээлэлтэй болно. Хэрвээ танил байхгүй бол тухайн байгууллагын зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд оролцох нь зүйтэй.
4
Сонирхолтой ажлын байрыг тэмдэглэж аваарай
Ихэнх байгууллагууд хангалттай хэмжээний анкет цугласан тохиолдолд ажлын ярилцлагад дуудаж эхэлдэг бөгөөд хэрэггүй гэж бодсон анкетуудаа хадгалалгүй шууд л устгадаг. Тиймээс та анкет болон "CV"-гээ илүү сонирхолтой, анхаарал татахуйц болгох дээр анхаарах хэрэгтэй.
5
Өөрийн "CV"-г үргэлж шинэчлэх
Хэдийгээр та нэг төрлийн ажилд анкет бөглөж байж болох ч байгууллагуудын шаардлага бүр нь өөр байдгийг санаарай. Тиймээс өөрийн анкет, "CV"-гээ байгууллага бүрт тохируулан өөрчлөх хэрэгтэй.
6
Анкет дээр байгаа зүйлээ "CV" дээр давтах хэрэггүй
Аливаа ажлын ярилцлага болон сонгон шалгаруулалтад зориулан анкетаас гадна өөр нэмэлт мэдээлэл өгч болно. Тухайлбал, яагаад энэ албан тушаалд тохирч байгаа зэргийг бичнэ. Эцэст нь амлалтаа хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өгүүлбэр бичих нь зүйтэй. Жишээлбэл, "Энэ талаар тантай илүү ярилцах боломжийг хүлээж байна" гэх мэт.
"CV" заавал бичих шаардлагагүй байсан ч бичсэн нь зүгээр. Энэ нь ажил олгогч таныг бусдаас онцлох боломжийг олгож байгаа юм.
7
Ярилцлагадаа бэлд
- Байгууллагын талаар ерөнхий мэдээллийг олж унших (Үйл ажиллагааны чиглэл).
- Ярилцлага дээр тулгарч болох хүндрэлтэй асуултанд хэрхэн хариулахаа бэлдэх.
- Хэрвээ ярилцлага авах хүнийхээ нэрийг мэдэж байвал түүний талаар мэдээллийг хайгаад үзээрэй.
Эдгээр нь шинэ ажилд орох гайхалтай боломжийг бүрдүүлдэг. Зарим тохиолдолд ажил олгогч танаас ярилцлагадаа хэрхэн бэлдсэн бэ гэж асуух бөгөөд уг асуултанд хариулж чаддаг байх нь таныг тус ажлын байранд тэнцэх боломжийг нэмэгдүүлдэг.
8
Асуулт асуу
Ярилцлагын хамгийн сүүлд ажил олгогч таныг өөрөөс нь асуулт асуух хүсэлт тавьдаг. Тиймээс ямар ч тохиолдолд асуулт асуух хэрэгтэй бөгөөд асуулт тавиагүй тохиолдолд та тухайн албан тушаалыг төдийлөн сонирхохгүй байна гэсэн бодлыг төрүүлэх магадлалтай. Жишээлбэл, байгууллагад албан тушаал ахих боломжтой эсэх, тулгардаг асуудлуудын талаар асууж болно.
9
Ярилцлагын дараа өөрийгөө дахин сануул
Ярилцлага дууссаны дараа ажил олгогчид танд зориулан цаг гаргасанд баярлалаа гэсэн зурвасыг илгээгээрэй. Үүнээс гадна тухайн албан тушаалыг маш ихээр сонирхож байгаагаа хэлэх нь зүйтэй. Зурвас илгээхийнхээ өмнө алдаа байгаа эсэхийг сайн нягталж байгаарай. Жижиг алдаа л гарахад та бусдаас доогуур үнэлэгдэх магадлалтай.
10
Саналыг шууд битгий хүлээж ав
Та ярилцлагад тэнцэж, таныг ажилд авахаар боллоо. Энэ тохиолдолд та шууд “За” гэж хариулах хэрэггүй бөгөөд хэзээ эцсийн хариу хэлэх хэрэгтэй вэ гэдгийг асуугаарай. Ингээд тухайн албан тушаал болон ажиллах нөхцөлийнхөө талаар сайн гэгч нь тунгааж, танд тохироно гэдэгтээ бүрэн итгэлтэй болсныхоо дараа хариугаа өгөөрэй.