Түүхийг өөрчилсөн хууран мэхлэлтүүд

Хүн хэр их худал хэлнэ, төдий чинээ хүмүүс үгэнд нь итгэдэг гэдэг. Энэ зальжин аргыг зарим хүн овжин ашиглаж, түүхэнд нэрээ мөнхөлж чаджээ. Чухам ямар үйл явдал дэлхий даяар дуулиан тарьж, улс хотоороо хууртагдаж хоцорсныг уншигчдадаа эргэн сануулъя.   

Түүхийг өөрчилсөн хууран мэхлэлтүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Black Sox"-ын луйвар

1919 оны бэйсболын дэлхийн аврага шалгаруулах тэмцээний шувтаргын шатанд үлдсэн "Black Sox" багийн гишүүд 100 мянган ам.долларын (одоогоор 1.4 сая доллар) хахууль авч санаатайгаар ялагджээ. Тэмцээний үеэр тэд ердийнхөөс муу тоглож байсныг бусад багийнхан анзаарснаар "Black Sox"-ынхныг сэжиглэж эхэлжээ. Тоглолтын дараа элдэв таамаг яриа гарч, хууль сахиулах байгууллагаар үнэнийг тогтоолгохоор болж, эцэстээ АНУ-ын дээд шүүх мөрдөн байцаалт явуулснаар есөн тоглогч луйвар хийсэн нь илэрчээ. Гэсэн хэдий ч тэдний мэдүүлгийн баримт учир битүүгээр алга болсон тул ямар нэгэн хүнд шийтгэл авалгүй харин тэд бэйсбол тоглох эрхээ насан туршдаа хасуулжээ. Энэ нь АНУ-ын спортын түүхэн дэх хамгийн том луйврын хэрэг болсон байна. 

"Black Sox"-ын луйвар

2 Кубын пуужингийн хэрэг

Хүйтэн дайны ид үед Зөвлөлт холбоот улс батлан хамгаалах салбарт хамтран ажиллах, зэвсэг нийлүүлэх нэрийдлээр Kуба улсад цөмийн зэвсэг нууцаар нэвтрүүлж байжээ. Харин 1962 оны аравдугаар сарын 14-ний өдөр пуужинг усан онгоцноос буулгаж байгаа зургийг АНУ-ын U-2 тагнуулын онгоцныхон авснаар тэдний нууцыг илчилсэн байна. Мөн оны аравдугаар сарын 22-нд Ерөнхийлөгч Жон Кеннеди  Америкийн эргээс 144-хөн км-ийн цаана ЗХУ цөмийн пуужин суурилуулсан талаар дэлхий дахинд мэдэгдэв.

Хэдийгээр оросууд энэ мэдэгдлийг няцааж пуужингуудаа мод, бут, шавраар нуух гэж оролдсон ч амжилт олоогүй юм. Удалгүй АНУ Перу улсыг бүсэлж, ЗХУ-ыг цөмийн пуужингаа эргүүлэн татахыг шаардсан юм. Удтал хэлэлцсэний эцэст цөмийн зэвсгээ оросууд эргүүлэн татахаар болжээ. 

Кубын пуужингийн хэрэг

3 АНУ Японы нууц дохиог хэрхэн тайлсан бэ?

Худал мэдээлэл байнга сөрөг үр дагавар авчирдаггүй аж. Жишээ нь, дэлхийн II дайны үед АНУ-ын тагнуулын албаныхан Японы цэргийн нууц кодыг тайлах явцад хүндрэл учирчээ. Ялангуяа Японы төлөвлөж байсан халдлагын байршлыг илэрхийлсэн "AF" гэсэн кодон дээр тэд анхаарч ажилласан байна. АНУ-ын цэргийн тагнуулын мэргэжилтнүүд "AF" гэдгийг өөрийн улсын цэргийн бааз байрладаг Мидуэйн арлуудын товчлол байж магадгүй гэж таамагласан байна. Учир нь Японы усан цэрэг Хавайн арлуудыг "A" гэж нэрлэдэг ба Мидуэй нь дараагийн халдлагын бай байх магадлал өндөр байсан юм. Америкчууд өөрсдийн онолыг туршиж үзэхээр шийдэж Мидуэйн арал дээр цэнгэг ус дутагдаж байна гэсэн мэдээлэл цацахад Японы тагнуулын албаны мэдээнд "AF ус дутагдаж байна" гэж бичигдсэн байна. Тэдний энэ үйлдэл нь таамаглалыг баталж АНУ Мидуэйн арал дээрх тулалдаанд хангалттай бэлтгэсний хүчинд Японы хүчийг бут цохисон юм. 

АНУ Японы нууц дохиог хэрхэн тайлсан бэ?

4 Хуурамч Анастасиа

1918 онд Большевик хувьсгалчид оросын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан II Николайг түүний гэргий, таван хүүхдийнх нь хамт Екатеринбург хотын байшингийн зооринд буудаж хөнөөсөн билээ. Гэхдээ хамгийн бага охин Анастасиаг нь зугтаасан гэдэг цуу яриаг хүмүүс тараажээ. Түүнээс болоод хэд хэдэн хуурамч Анастасиа гарч ирсний дунд Анна Андерсон хамгийн үнэмшилтэй нь байсан гэдэг. Амиа хорлох оролдлого нь амжилтгүй болсны дараа хэлгүй түүнийг Германы хил дээр ямар ч бичиг баримтгүй байхад нь олжээ. Эрх баригчид түүнийг сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсний дараа тэндхийн хүмүүс Анастасиатай төстэй болохыг нь гайхах болсон аж. Романовын асран хамгаалагч, хамаатан садан нь түүний жинхэнэ эсэхэд эргэлзэж байсан боловч мөн гэж батлах хүмүүс ч гарч ирсэн байна. Нэгэн дэмжигч нь түүнийг шүүх дээр жинхэнэ Анастасиа гэж батлах гэж оролдсон юм. Андерсоныг нас барсны дараа Романовынхны цогцосноос авсан ДНХ-ийн шинжилгээтэй тулгаснаар түүнийг хуурамч болохыг нь баталжээ. 

Хуурамч Анастасиа

5 Уотергейтийн хэрэг

1972 оны тавдугаар сард Вашингтон хотын Уотергейтийн барилга дахь Ардчилсан Үндэсний Хорооны төв байранд таван хүн нэвтэрч утаснуудад чагнах төхөөрөмж суулган чухал албан бичиг баримт хулгайлжээ. Нэг сарын дараа дээрх тагнуулууд дахин нэвтрэх гэж байгаад баривчлагдсан юм. Гэвч эрх баригчид тэднийг Ерөнхийлөгч Ричард Никсоны сонгуулийн кампанит ажилд оролцсон хүмүүс болохыг олж мэджээ. Хэдийгээр олон хүн Никсоныг сэжиглэж байсан ч тэрбээр энэ явдалд ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэж улиран сонгогдсон юм. Хэдий тийм боловч Никсоны худал үгс үнэнийг нууж чадсангүй. "Washington Post" сонин Холбооны мөрдөх товчооны нэрээ нууцалсан мэдээлэгчийн ачаар Ерөнхийлөгчийг Уотергейтийн хэрэгт холбоотой болохыг олж мэдсэн юм. Үүнээс болоод 1974 оны наймдугаар сарын 9-нд Никсон өөрийн хүсэлтээр огцорсон АНУ-ын анхны Ерөнхийлөгч болжээ. 

Уотергейтийн хэрэг

6 "Понзи луйвар"

Италийн цагаач Чарльз Понзи гэгч эр хүмүүст худлаа хэлснийхээ хүчинд чинээлэг нэгэн болжээ. Үнэн хэрэгтээ, түүний заль үнэхээр сайн байсан учраас энэ төрлийн луйврыг "Понзи луйвар" гэж нэрлэсэн аж. 1920 онд Понзи Нью-Йоркийн олон мянган иргэнийг шуудангийн маркны бизнест хөрөнгө оруулахыг ятгаж чаджээ. Тэрбээр хөрөнгө оруулагчдадаа 90 хоногийн дотор 50 хувийн ашиг өгнө гэж амласан байна. Шинэ хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөө өмнөх хөрөнгө оруулагчдаа ашиг хэмээн хувь хүртээх арга сэдсэн аж. Тэрээр өдөрт 250.000 доллар буюу өнөөгийн ханшаар гурван сая орчим доллар олдог байв. Гэхдээ түүний энэ луйвар нь илэрч тэрбээр 86 удаагийн луйврын хэргээр шоронд суусан юм.

"Понзи луйвар"

7 Ultra баг

Дэлхийн II дайны үед нацист Германы нууц мэдээлэл дамжуулдаг "Enigma" кодыг эвдэхэд мөн хүндрэл учирч байв. Германы шумбагч хөлөг онгоцнууд Хойд Америкаас Англи руу хоол хүнс, газрын тос, сэлбэг тээвэрлэж байсан хөлөг онгоцнуудыг олноор сөнөөж байсан учраас тэдний харилцдаг нууц кодыг тайлах ажилд холбоотнууд ханцуй шамлан оржээ. 1941 оны зургадугаар сард Британийн математикчид эцэст нь нууц кодыг тайлсан байна. Тэндээс Ultra баг нэртэй холбоотнуудын тагнуулчид худал мэдээлэл германчууд руу илгээж эхэлжээ. Ингэснээр Ultra багийн хүчин чармайлт дэлхийн II дайны үед холбоотнуудын ялалтад ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Ultra баг

8 Пентагоны баримт бичиг

Ерөнхийлөгч Линдон Б.Жонсоны 1971 он хүртэл өндөр нууцлалд байсан Вьетнамын дайны мэдээллийг цэргийн шинжээч задалж "New York times" сонинд хэвлүүлжээ. Пентагоны баримт бичиг нь 1945-1967 онд АНУ-ын Вьетнам дахь улс төр, цэргийн оролцоот үйл ажиллагааны тэмдэглэл байсан юм. Харри С Труман, Двайт Д.Эзенхауэр, Жон Ф.Кеннеди нарын нэгэн адил Ерөнхийлөгч Жонсон ч бас Вьетнамд хэрэгжүүлж байсан АНУ-ын бодлогыг нууж байсан нь илчлэгдсэн юм. Тэр баримт дээр Труман Вьетнамын коммунист удирдагчдын эсрэг Францын дайнд тусламж үзүүлсэн талаар болон Жонсон олон жилийн туршид Вьетнам руу дайрахаар төлөвлөж байсныг дурдсан байжээ. Америкчууд энэ шинэ мэдээллүүдийг ашиглан Вьетнамын дайны эсрэг цуглаанаа улам өргөжүүлсэн юм.

Пентагоны баримт бичиг

9 Нацистын ухуулга

Адольф Гитлер ард түмнээ хуурсан юм. Еврейчүүд бол нийгмийн бүх ангиудын дайсан хэмээн тэр олон хүнд итгүүлснээс та үүнийг харж болно. Тэрээр хүмүүсийг  дарамтлах, айлган сүрдүүлэх замаар худал хуурмагаа хүмүүст тулгасан байна. Дэлхийн I дайны дараа түүнд дэлхийг эзлэх мөрөөдлөө гүйцэлдүүлэх боломж олгосон юм. Версалийн гэрээний дагуу германчууд их хэмжээний өрөнд унаснаар мөнгөн тэмдэгтийн ханш унаж инфляц асар өндөр түвшинд хүрсэн байна. Харамсалтай нь Гитлер, түүний нацистуудын худал ярианаас болж 17.6 сая хүн амиа алдсан гашуун түүхийн баримтуудыг АНУ-ын Холокостын музейгээс харж болно.

Нацистын ухуулга

10 Ф.Т Барнумын циркийн үнэн төрх

Хэдийгээр Финис Тэйлор Барнум "Дэлхийн хамгийн агуу шоу" нэртэй циркийг үүсгэн байгуулж олон сая хүнийг зугаацуулсан гавьяатай ч бусдыг хууран мэхэлж, луйварддаг байсан нь хожим илэрчээ. Тухайлбал, тэрээр өмнө нь боол байсан Жоус Хэт хэмээх өнгөт арьстай эмэгтэйг ажиллуулах нэрийдлээр "боолчилсон" юм. Хэдийгээр Барнумын цирк байрлаж асан Нью-Йорк хотод тухайн үед боолчлол хориотой байсан ч тэрээр хуулийн цоорхой ашиглан хөөрхий эмэгтэйг эрхшээлдээ оруулан "Жорж Вашингтоны 161 настай асрагч" хэмээн олон нийтэд итгүүлж чаджээ. Нас барсных нь дараа ч Барнум энэ хөөрхий эмэгтэйн урт насалсны нууцыг "нээх" зорилгоор олон нийтийн өмнө задлан шинжилгээ хүртэл хийж байжээ. 

Ф.Т Барнумын циркийн үнэн төрх

11 Чернобылийн хор хөнөөлийг нуусан

1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд болсон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс (ЗХУ) нь одоогийн Украин дахь Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс (Хирошима хотод хаясан атомын бөмбөгөөс 400 дахин хүчтэй) болж хэдэн сая иргэн цацраг идэвхт бодист хордсон билээ. ЗХУ-ын эрх баригчид осол болсноос бүтэн өдрийн дараа ойр хавийн хотуудыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Мөн иргэдэд учирч болох хор хөнөөлийн талаар тэд тун бага мэдээлэл тараасан байна. ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачёв 18 хоногийн дараа л ЗХУ болон бусад улс оронд дэлбэрэлт болсон аймшигт явдлын талаар мэдэгджээ. Аз болоход иргэд цацрагийн хордлогод бага өртсөн учраас амархан эмчилсэн байна. Гэхдээ алдагдсан цацрагийн хор хөнөөл өнөөдөр ч байсаар байгаа. АНУ-ын Цөмийн Зохицуулах Хорооны мэдээлж байгаагаар цацраг туяанд өдөөгдсөн бамбай булчирхайн хорт хавдартай хүмүүс олон байгаа ба Чернобыльд амьдарч байсан хүмүүст өнөөг хүртэл цацрагийн хордлогын шинж тэмдэг ажиглагдсаар байгаа гэжээ. 

Чернобылийн хор хөнөөлийг нуусан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()