1
“Helios” нислэгийн компанийн “Flight 522”
Уг нислэг 2005 оны 8 дугаар сард явагдаж байсан бөгөөд Кипр улсын нэгэн хотоос Грекийн Афин хот руу зорчигч, нислэгийн багийн нийтдээ 121 хүн зорчиж байж. Агаарын хөдөлгөөн удирдах төв уг агаарын хөлөгтэй холбоо гэнэт тасарсан байна. Холбоо тасарсны дараа цэргийн 2 сөнөөгч онгоцоор уг агаарын хөлгийг эрэн сурвалжилсан бөгөөд сөнөөгч онгоцны нисэгчид осолдсон онгоцны хоёр нисэгч онгоцныхоо удирдлага дээр даваад шидэгдсэн байдалтай, мөн онгоцны нэг үйлчлэгч гартаа хүчилтөрөгчийн сав барьсан чигээр онгоцны нисэгчдийн кабин руу нэвтэрч удирдлагыг авах гэж байгаа байдалтайгаар онгоцыг олсон ажээ. Уг онгоц Грекийн Грамматико тосгоны ойролцоо, уул мөргөж сүйрсэн байв.
Сүйрлийн шалтгааныг олох мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар уг онгоцны нисэгчдийн кабины агаарын даралт унажээ. Хэдийгээр нисэгчид даралтыг сэргээх гэж оролдсон боловч амжилтгүй болж, улмаар нисэгчид ухаан алдсан байсныг тогтоосон байна.
Энэ явдлаас хойш онгоцны нисэгчдийн кабиныг цоожлох нь аюулгүй эсэх талаар том асуулт болсон юм. 2001 оны 9 сарын 11-ний халдлагаас хойш онгоцны кабиныг цоожлох нь ердийн, аюулгүй байдлын байх ёстой процедур болсон хэдий ч энэ нь онгоцны нисэгч болон багийн гишүүдийн хоорондох харилцааг хязгаарлах болсон байна. Хэрвээ онгоцны багийн гишүүд нисэгчийн бүхээгт саадгүй нэвтрэх боломжтой байсан бол уг осол тохиолдохгүй байсан байж болох юм.
2
“Flying Tiger Line Flight 739”
1962 оны 3 сард Вьетнамын дайны үеэр АНУ-ын Зэвсэгт хүчний “Flying Tiger Flight 739” онгоц 96 цэрэг, онгоцны багийн 11 гишүүдийн хамтаар Гуамаас Филиппин рүү явж байв. Гэвч Номхон далайн Марианы хонхор дээгүүр нисэж байхдаа уг онгоц алга болжээ. Далайд явж байсан “Standard Oil” компанийн тээвэрлэгч усан онгоцны багийнхан нисэх онгоцны гишүүд тэнгэрт хүчтэй дэлбэрэлт харсан гэж мэдүүлж байсан ажээ. Харин энэ явдал нь тус нисэх онгоц холбоо тасарснаас ойролцоогоор 1 цагийн дараа болж өнгөрсөн аж.
Олон тооны нисэх онгоц болон усан онгоцоор 8 өдрийн турш 200000 миль квадрат талбайд хайгуул хийсэн боловч осолдсон онгоцноос ямар ч ул мөр олоогүй юм.
Уг онгоцонд яг юу болсон талаар олон таамаг байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь АНУ-ын Засгийн газар уг онгоцыг санамсаргүйгээр буудаж сөнөөсөн гэдэг хувилбар юм. Тэд уг хэргээ нуухын тулд ослын шалтгааныг онгоцны хөдөлгүүр болон холбооны харилцааны доголдолтой холбодог байна.
3
“B-47 Stratojet”
1956 оны 3 дугаар сард Боинг “B-47 Stratojet” онгоц нь АНУ-ын Флорида дахь “MacDill” агаарын хүчний баазаас Морокко хүрэхээр Газар дундын тэнгис дээгүүр нисэх замдаа алга болсон байдаг. Хэдийгээр уг онгоц түлш цэнэглэлтийн эхний зогсолтоо ямар нэгэн асуудалгүй гүйцэтгэсэн боловч дахин түлш цэнэглэхээр доошлох үедээ түлш тээвэрлэгч хөлөгтэй ямар ч холбоогүй болсон аж.
Сураггүй алга болсны дараа нисэх онгоцыг хайхад зориулж өргөн хүрээтэй эрэл эхэлсэн боловч онгоцны ул мөрийг олоогүй бөгөөд улмаар тэднийг сураггүй алга болсон хэмээн зарлаж байжээ. Зэвсгээр тоноглогдоогүй уг онгоц тухайн үед өөртөө цөмийн бөмбөгний 2 сав материал тээвэрлэж явсан юм. Гэхдээ тээвэрлэж явсан цөмийн материал нь дэлбэрэх боломжгүй байсан ажээ.
4
“TWA Flight 800”
1996 оны 7 дугаар сард “Trans World” нислэгийн компанийн “Flight 800” онгоц нь Нью Йорк хотоос Парис руу шөнө ниссэн юм. Хөөрөөд төд удалгүй буюу 12 минутын дараа гэнэт дэлбэрч, Лонг-Айландаас 12.9 км-ийн зайтай, Атлантын далайд унаснаар онгоцонд зорчиж явсан 230 хүн бүгд тэр дороо нас баржээ. Тухайн үед АНУ-ын Засгийн газар ослыг онгоцны түлшний саванд агаар орсноос болж онгоц дэлбэрсэн гэдэг бол зарим хүмүүс онгоцыг пуужингаар сөнөөсөн гэж үздэг.
Шумбагчид 10 гаруй сарын турш ослын газар дээр ажиллаж 36.6 метрийн гүнээс 230 хүний цогцос болон онгоцны 95 хувийг гаргаж авсан байдаг. Эцэст нь шинжээчид дэлбэрэлтийн шалтгааныг түлшний сав дахь түлш мэдрэгчид нөлөөлсөн цахилгаан гүйдлийн богино холбоосноос болсон гэж үзсэн байна. Осолтой холбоотойгоор АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нь онгоцны ослын яг өмнөхөн онгоц руу нэг гэрэл шиг зүйл очихыг харсан гэх 258 хүнтэй ярилцсан байна. Тиймээс Холбооны мөрдөх товчоо онгоцыг террористууд эсвэл цэргийнхэн санаандгүйгээр буудаж унагасан үзсэн байна.
5
“EgyptAir”-ийн “Flight 990”
1999 оны 10 дугаар сард “EgyptAir”-ийн “Flight 990” нь Лос Анжелес хотоос Египетийн Каир хот руу нисэх замдаа Нью Йорк хотод түр зогссон бөгөөд “John F. Kennedy”-ийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас хөдлөөд 25 минут хүрэхгүй хугацааны дараа Атлантын далай дээр унасан байна. Хөлөгт явсан нийт 217 хүн бүгд амь үрэгдсэн бөгөөд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл онгоцны ослын шалтгааныг хоёрдугаар нисгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзсэн байна. Харин Египетийн холбогдох байгууллагууд шалтгааныг онгоцны механик хэсгүүдийн доголдлоос болсон гэж үздэг байна.
Осолдохынхоо өмнө уг онгоц 40 хэмийн өнцгөөр маш хурдацтай доошилсон бөгөөд үүнийхээ дараа эргэж өндрөө авсан байна. Улмаар дахиж өндрөө алдсан аж. Энэ үед онгоцны зүүн хөдөлгүүр эвдэрч, улмаар сүйрчээ. Онгоцонд Египетийн цэргийн нэлээд олон офицер зорчиж явсан бөгөөд үүнээс нь болж Египет улсын дайснууд уг онгоцыг сүйрүүлсэн гэж зарим хүмүүс үздэг байна.
Нисэгчийн бүхээгийн хар хайрцагны бичлэгээс үзэхэд нэг нисгэгч нь угаалгын өрөөнд байх үед энэ үед хоёрдугаар нисгэгч ганцаараа үлдсэн аж. Тухайн агшинд онгоцны автомат нислэгийн горим унтарснаар, унаж эхэлсэн байна. Нэгдүгээр нисгэгч буцаж ирээд хоёрдугаар нисгэгчээсээ юу болсон талаар асуухад тэрээр “Бурхандаа найдъя” гэж хариулж байгаа нь бичигджээ.
6
“Pan Am”-ийн “Flight 7”
“Pan Am”-ийн “Flight 7” онгоц нь тухайн үед хамгийн тансаг зэрэглэлийн бөгөөд хамгийн том нисэх онгоцны тоонд багтдаг байсан боловч 1957 оны 11 дүгээр сард Сан Франциско хотоос Хавай руу нисэх үедээ осолджээ. Тухайн үед онгоцонд 36 зорчигч болон багийн 8 гишүүн байсан юм.
Арван нэгдүгээр сарын 8-ны 16:04 цагийн үед онгоцны нисгэгч байрлалаа мэдээлээд төд удалгүй осолдсон байна. Ийнхүү долоо хоног эрэл хайгуул хийсний үр дүнд зарим хохирогчдын цогцсыг далайгаас гаргаж авчээ. Нэг сонирхолтой зүйл нь тэдгээр зорчигчдын цаг 17:25 цагийг зааж байсан аж. Ийнхүү сүүлчийн удаа холбоо барьснаас хойш сүйртлээ 81 минутын турш юу болсон нь тодорхойгүй үлдсэн юм.
Уг онгоц чухам ямар шалтгаанаас болж сүйрсэн талаар олон таамаглал байдгийн нэг нь энэ таагүй явдал зорчигчидтой холбоотой гэж үздэг юм. Онгоцонд зорчиж явсан хоёр хүний нэг нь маш их өртэй нөгөө нь сэтгэцийн өвчтэй нэгэн байсан аж.
Өөр нэг таамаг нь онгоцны хөдөлгүүр хэт хүчтэй байсан тул нислэгийн явцад дэлбэрсэн байж болзошгүй юм.
7
“Flight 19”
1945 оны арван хоёрдугаар сард зургаан онгоц Бермудийн гурвалжинд алга болсон байдаг. “Flight 19” нэр доорх “Avenger” төрлийн 5 бөмбөгдөгч онгоц Флоридагийн Форт Лодердейл дэх баазаасаа сургуулилтын нислэг хийжээ. Тухайн үед нисэгчид нь онгоцны луужин болон холбоонд нь асуудал гарсан талаар ярилцаж байсан нь түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Тухайн үед онгоцных нь түлш 10 литрээс бага болсон тул нисгэгчид усан дээр ослын буулт хийхээр шийдсэн байна. Онгоцнуудын холбоонд асуудал гарсан хэдий ч газар дээрх хяналтын төв онгоцны нисэгчдийн хоорондын яриаг сонсох боломжтой байсан юм.
Онгоцнууд алга болсноос хойш 5 хоногийн турш 700,000 км квадрат талбайг хамарсан эрчимтэй эрэл хайгуул хийсэн ч онгоцнуудаас ямар ч ул мөр олдоогүй байна. Эдгээр таван онгоцноос гадна алга болсон нэг онгоц 13 зорчигчдын хамт мөн сураггүй алга болсон юм. Өнөөдрийг хүртэл эдгээр зургаан онгоц болон зорчигчид нь олдоогүй бөгөөд Бермудийн гурвалжны тайлагдашгүй оньсого болон үлдсэн байна.
8
Амелия Эрхарт
Амелия Эрхарт түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэй нисгэгч юм. Тэрээр 1932 онд Атлантын далай дээгүүр ганцаараа ниссэн анхны эмэгтэй болж байв. Харамсалтай нь 1937 онд дэлхийг тойрон нисэж байхдаа алга болсон юм. Тэрээр хоёр хөдөлгүүрт “Lockheed Electra” онгоцтойгоо Номхон далай дээгүүр нисэх байхдаа олон улсын тэмдэглэгээний шугам буюу “International Date Line”-ын ойролцоо алга болжээ. Түүний нислэгээс үлдсэн цөөхөн баримт гэвэл зөвхөн шуугиан ихтэй радио холбооны яриа байдаг.
Түүний алга болсон шалтгааныг олон янзаар тайлбарладаг юм. Тухайлбал, түүнийг онгоцноосоо үсэрч далайд үхсэн, эсвэл эзэнгүй арал дээр бууж олон жил ганцаараа амьдарсан, мөн Японы Засгийн газарт олзлогдож алагдсан байх зэргээр олон тайлбар байдаг. Юутай ч түүний онгоцны ямар ч ул мөр олдоогүй байгаа бөгөөд Амелия Эрхартад яг юу тохиолдсон бэ гэдэг нь XX зууны тайлагдашгүй оньсого болон үлдсэн юм.
9
“D.B. Cooper”
Онгоцны нислэгийн үеэр тохиолдсон тайлагдашгүй оньсого нь зөвхөн алга болсон эсвэл осолдсон онгоцтой холбоотой байдаггүй. Хамгийн сонирхолтой үйл явдлын нэг нь онгоц хулгайлж зугтаагаад дараа нь ихээхэн хэмжээний мөнгөтэй онгоцноосоо үсрээд сураггүй болсон нэг хүнтэй холбоотой байдаг.
1971 оны 11 дүгээр сард нэгэн онгоц АНУ-ын Портландаас Ситл хот руу нисэж байсан бөгөөд 40 орчим насны өөрийгөө Ди.Би Күпэр хэмээх нэгэн эрэгтэй зорчигч онгоцны үйлчлэгчид өөрийнх нь цүнхэнд тэсрэх бөмбөг байгаа тухай бичсэн цаас өгсөн байна. Улмаар тэрээр нислэгийн багийн гишүүнд цүнх доторхоо харуулсан бөгөөд цүнхэнд нь хэд хэдэн цахилгааны утас, улаан наалддаг тууз болон батарей байсан байна. Дараа нь тэрээр 200,000 доллар болон дөрвөн шүхэр хамт өгөхийг шаардсан байна.
Тэрээр Ситлд өөрийн хүссэн зүйлсийг аваад онгоцны нисгэгчдийг үлдээж бүх зорчигчдыг буулгаад онгоцыг хулгайлж зугтсан байна. Ситл болон Рено хотын хооронд нисэж байхад Күпэр мөнгөө аваад онгоцноос үсрээд сураггүй алга болсон байна. Өнөөг хүртэл түүний ямар ч ул мөрийг илрүүлээгүй байдаг.
10
“MH370”
2014 оны 3 дугаар сарын 8-нд “Malaysia Airlines”-ийн “Flight 370” Куала Лампур хотоос Бээжин нисэх замдаа алга болсон юм. Онгоц нийтдээ 227 зорчигч болон 12 нислэгийн багийн гишүүдийн хамтаар алга болсон байдаг. Онгоцны холбооны харилцаа агаарын тээвэр зохицуулагчтай холбогдонгуутаа ямар ч анхааруулаагүйгээр шууд унтарсан байдаг. Тухайн үед онгоц мөн өөрийн явах ёстой чиглэлээ өөрчилж, баруун зүг рүү ниссэн байна.
Алга болсон онгоцны хар хайрцгийн дохио Австралийн Перт хотоос баруун хойшоо, 1930 км-ийн зайнд хэсэгхэн хугацаанд ирсэн байна. Гэсэн хэдий ч хар хайрцгийг одоог болтол олоогүй юм.
Онгоц алга болсон талаар олон таамаг байдаг. Тухайлбал, онгоцонд механикийн гэмтэл гарсан эсвэл хулгайлагдсан, мөн онгоцны нисгэгч амиа хорлосон гэх мэт таамгууд бий. 2015 оны 7 дугаар сард онгоцноос хэдхэн хэлтэрхий олдсон байдаг ч “Flight 370” онгоцных гэдгийг нь одоог хэрнэ тогтоогоогүй байна.
2018 оны 7 дугаар сард Малайзын Засгийн газраас гаргасан нэгэн тайланд онгоцонд механикийн доголдол үүссэн байх магадлал маш бага талаар дурдсан байдаг.