16 настай Швед охин Нобелийн шагналд нэр дэвшлээ

2019-03-19, 17:01
4,517

2018 оны 8-р сард Шведийн нэгэн сургуулийн сурагч Грета Тюнберг (Greta Thunberg) хэмээх охин Стокхольм хот дахь парламентын ордны гадна ганцаарчилсан суулт хийж эхэлжээ. Тэрбээр Шведийн засгийн газрыг уур амьсгалын дулаарлын эсрэг тэмцэх Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл сургуульдаа явахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Сурагч охины тэрхүү эсэргүүцлийн арга хэмжээ маш хурдацтайгаар дэлхий дахинд тархаж, улмаар АНУ, Европ, Австралийн 400 гаруй сургуулийн сурагчид түүнтэй нэгдсэн юм. Харин Грета Тюнберг охиныг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. 

16 настай Швед охин Нобелийн шагналд нэр дэвшлээ

Сүүлийн үед дэлхийн уур амьсгалын хямрал нэр төдий байхаа больж түгшүүрийн харанга дэлдэх болсон билээ . Энэ оны хоёрдугаар сард Британий нийгмийн бодлогын институтийн (IPPR) гаргасан судалгаанаас харахад хүн төрөлхтөн хүрээлэн буй орчны гамшгийн эрин рүү нэгэнт орсон нь тодорхой болжээ. НҮБ-ын тооцоолсноор дараагийн 20 жилд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулбал цельсийн 1.5 хэмээр нэмэгдэх аж. Улмаар ган гачиг, хар салхи, үерийн учруулах аюул өмнөхөөсөө илүү хор хөнөөлтэй,хүчтэй болно гэсэн үг юм. Үүнээс сэргийлэхийн тулд дэлхий даяараа 2030 он гэхэд агаар мандалд ялгарах нүүрс төрөгчийн давхар ислийн хэмжээг одоо байгаагаас нь 45 хувиар багасгах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гэхдээ улс орнууд Парисын гэрээнд нэгдсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь гол асуудал болоод байна.

Грета Тюнберг нь анх 8 настай байхдаа дэлхийн дулаарлын тухай мэдэж авсан бөгөөд түүнээс хойш хэдэн жилийн турш судалгаа хийсэн болохоо "TED talk"-д тавьсан илтгэлийнхээ үеэр дурджээ. Түүнчлэн тэрбээр ийм чухал асуудалд яагаад маш цөөхөн хүн анхаарал хандуулдагт гайхаж явдгаа илэрхийлсэн байна.

Бага сургуулиа төгсөх үедээ Грета махнаас татгалзаж, онгоцоор нисэхээ больж, зөвхөн өөрт хэрэгтэй байгаа зүйлсээ худалдаж авдаг болжээ. 15 нас хүрснийхээ дараа Шведийн парламентын ордны гадна "Уур амьсгалын төлөө сургуулиа хаяж байна" гэсэн бичигтэй самбар бариад суулт зарласан байна. Жүжигчин мэргэжилтэй аав, дуурийн дуучин ээж хоёр нь эхэндээ охиныхоо үйл хэрэгт туслах хүсэлгүй байжээ. Гэхдээ охин бууж өгсөнгүй. Тэрбээр хараахан насанд хүрээгүй байгаа тул олонд дуу хоолойгоо хүргэх цорын ганц арга энэ болоод байна гэж сэтгүүлчдэд ярьж байжээ.

Грета охин уур амьсгалын чуулган, хэлэлцүүлэгт үе үе оролцдог. Хурал дээр хэлэх үгээ өөрөө бичдэг бөгөөд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс огт айдаггүй. 

Тэрбээр нэгэн хурал дээр "Дэлхийн удирдагчдаас хүн төрөлхтний ирээдүйг бодолцож үзээч гэж гуйхын тулд бид энд цуглаагүй. Тэд биднийг үргэлж л үл тоомсорлодог байсан, цаашдаа ч тэгнэ гэдэгт би итгэлтэй байна. Улс төрчид яг л хүүхэд шиг аашилдаг. Тиймээс хүүхдүүд бид хариуцлагыг гартаа авахад боломжгүй зүйл харагдахгүй байна...Томчууд үр хүүхдүүдийнхээ ирээдүйг найдвартай байлгахыг өөрсдийнхөө хүлээсэн үүрэг гэж боддог. Гэхдээ бидэнд та нарын найдвар хэрэггүй, харин та нарын сандрал хэрэгтэй" гэж хэлж байжээ.

Гретагийн эхлүүлсэн уур амьсгалын төлөөх арга хэмжээнд нэгдсэн сурагчид "Fridays for the Future" хэмээх дэлхий дахиныг хамарсан хөдөлгөөнийг зохион байгуулжээ. Хүрээлэн буй орчны асуудлыг эрх баригчдын сонорт хүргэхийг гол зорилгоо болгосон тэдгээр сурагчид нүүрс төрөгчийн давхар ислийн хэмжээг багасгах, газрын тос, нүүрсний хэрэглээг хязгаарлах, сонгуульд оролцох насыг 16 болгон багасгах хүсэлтэй байгаа юм. 

Грета Тюнберг хөдөлгөөнд нэгдсэн сурагчдыг баасан гараг бүр хичээлдээ явахын оронд хотынхоо олон нийтийн танхимд цуглаж хүрээлэн буй орчны төлөө дуу хоолойгоо нэгтгэж, хамтдаа зургаа авахуулж #FridaysForFuture, #ClimateStrike гэсэн хаштаг-тайгаар олон нийтийн сүлжээнд тавихыг уриалж байгаа ажээ.

Түүнийг зөвхөн сурагчдаас гадна Германы канцлер Ангела Меркель, Ирландын ерөнхий сайд Лео Варадкар, Парис, Милан, Сидней, Остин, Филадельфи, Портлэнд, Барселон, Монреаль гэсэн хотуудын захирагчид гэх мэт нөлөө бүхий бодлого тодорхойлогч нар дэмжиж түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлжээ.

2019 оны гуравдугаар сарын 15-нд болсон уур амьсгалын төлөөх даян дэлхийн сурагчдын хөдөлгөөнөөр дэлхийн 125 орны 2083 байршилд 1.5 сая гаруй хүн цуглаж дуу хоолойгоо нэгтгэжээ. 

"Би 11 настайдаа сэтгэцийн гүн хямралд орж, хоол идэж, юм ярихаа больсон. Тэр үед 10 килограмм жин хассан. Тэгээд би Аспергерийн синдромтой буюу хөнгөн хэлбэрийн аутизмтай гэж оношлогдсон. Тийм өвчтэй болсноор би зөвхөн шаардлагатай үедээ, хэрэгтэй гэж бодсон хүнтэйгээ л ярилцах болно гэсэн үг. Харин одоо бол тэгэх цаг мөн. Дэлхийн дулааралд та өөрийн гэрээ шатаж байгаа мэт л сандарч хандаарай" хэмээн Грета Тюнберг өгүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()