Гоо бүсгүйн шарил олдсон газарт нэгэн үе барилга байшин, сүм хийд бүхий хот цэцэглэн хөгжиж байсан ч өдгөө элсэн манхнаас өөр юмгүй болжээ.
Археологчид маш нууцлаг энэ бүс нутгаас хэд хэдэн нууцыг илрүүлсэн ч судлаачид зөвхөн өнгөн хэсгийг нь л, бидний хэлдгээр “мөсөн уул”-ын оройг л олоод байна гэж үзэж байна. Тэгээд ч энэ газраас шинэ шинэ нууц олж нээхэд цаг хугацаа л хэрэгтэй гэж байгаа юм.
1980 онд Торгоны замын тухай киноны зураг авах үед тэрхүү "нойрсож буй Лулан" бүсгүйг олж илрүүлжээ. Улмаар археологчид үүндээ урамшин эрэл хайгуул хийсний дүнд тийм ч их гүний биш оршуулгуудаас занданшуулсан 200 гаруй шарил олж илрүүлсэн байна.
Судалгаанаас үзэхэд цогцосуудыг занданшуулах нэг их нарийн арга хэрэглээгүй ч хамгийн гайхалтай нь энэ шарилууд Хаадын хөндий дэх египетийн занданшуулсан шарилуудаас ч илүү сайн хадгалагдсан болох нь харагджээ.
Улмаар Лулан нь шаргал үстэй, өндөр хянган хамартай, зууван нүүртэй байгаагаас кавказ гаралтай болох нь тогтоогдсон байна. Бүсгүй нас барах үедээ 40 орчим настай, улаан хувцастай байсан нь хадгалагдаж үлдэж. Ийм залуудаа нас барснаас нь үзвэл тэрээр Торгоны замаар хаашаа ч юм явж байгаад түймрээс үүдсэн элс, тоосны хортой агаараар амьсгалж, уушиг нь гэмтсэний улмаас нас барсан бололтой гэж таамаглан тогтоожээ.
Түүний дэргэдээс 184 см өндөртэй, дайчин хүний шарил бас олджээ.
Яг Торгоны зам дагуу, энэ хоёрын эргэн тойронд хүүхэдтэй хоёр эмэгтэй, түүнлчэн европ гаралтай хэдэн зуун хүний шарил байсан аж.
Тэд хэн байв, яагаад эх орноосоо алс хол нас барав, яагаад түүний дэргэд нь ийм хүмүүсийг оршуулсан юм гэдэг түм түмэн асуулт судлаачдын өмнө гарч ирж байна.
Эргэн тойрны шарилууд дунд цэргүүд, ноёд, фермерүүд, гар урчууд байгаагаас үзвэл наад зах нь 1000 жилийн өмнө кавказууд буюу европ гаралтай хүмүүс Азид очсоныг гэрчилж байгаа бололтой.
Уйгурууд азийнхныг бодвол харьцангуй европ төрхтэй байдаг болохоор Лулан бүсгүй өөрийнхөө өвөг дээдэстэй хамт хятадын энэ нутагт нүүж очсон байж ч болох юм.
Харин 1993 онд Пенсильваны их сургуулийн профессор, италийн генийн эрдэмтэн хоёр үлдэгдлийг судалж үзээд тэд европ гаралтай болохоос биш уйгуртай ямар ч холбоогүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Магадгүй энэ хүмүүс Сибириэс Хятадад, тэр цагт ус ургамалтай сайхан байсан тэр газарт ирж, хятадын хан үндэстнээс авахуулаад умрын киргизүүд гээд олон газрын олон соёлын хүмүүстэй уусан нэгдсэн байж болох юм.
Хамгийн ахмад нь 1500 жилийн өмнө нас барсан өвгөнийх бол хамгийн бага настай нь нүдээ аньсан жижиг хүүхдийн шарил байна. Энэ аялагчдын ихэнх нь цэнхэр нүдтэй байгаагаас үзэхэд тэд европ гаралтай гэдгийг баталж байна.
Энэ нээлтийн ачаар нэн эртний түүхийн таамгууд урган гарсаар. Эртний 3000-4000 жилийн өмнө Европын болон Азийн соёл илүү чөлөөтэй, хоорондоо ойр, харилцан бие биенээ сайн мэддэг байж.
Эртний зарим домог, түүх, урлагийн эд зүйлс газар газарт адил, нийтлэг төрхтэй байгаагаас энэ нь бас андашгүй. Ганц жишээ гэхэд л энэ “өлзий утас” хээ хятадын урлагт ч, киргизүүдийн урлагт, монголд ч түгээмэл байдаг.
Шаргал үстэй цэргүүд, унтаж байгаа гоо бүсгүй Лулан Азид ирж, бас өөр соёлын төлөөлөгчид тэднийг буцааж аваачсан байж болох. Энэ бүхний нууцыг нойрсож буй гоо бүсгүй Лулан хадгалан хадгалсаар авсандаа орж л дээ.
Өнөөдөр Лулан хятадын Шинжаан Уйгурын автономит мужийн музейд занданшуулсан шарил хадгалахаар тусгайлан бүтээсэн шилэн хоргонд “нойрсож” байна.
Хэдийгээр тэртээ 3500 жилийн өмнө наснаас нөгцсөн ч гэлээ Луланийн цогцос маш сайн хадгалагдаж, гоо сайхныг нь хэвээр үлдээжээ.