1
Тадеуш Зиткэйвич (Tadeusz Zytkiewicz) өөрийнхөө зургийг барьж байна
Тадеуш Зиткэйвич энэ зурган дээр өөрийнхөө мэс заслын дараах зургийг барьсан байгаа бөгөөд энэ зургийг "National Geographic" сэтгүүл 1987 оны шилдэг зургаар шалгаруулсан юм. Тус зурган дээр эмч Збигнев Релига Польшид анх удаа зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд, өвчтөн Тадеушийн дэргэд сууж байгаагаар гарчээ. Мэс засал бүтэн 23 цаг үргэлжилсэн байна. Тухайн үед боломжгүй гэгдэж байсан зүрх шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай гүйцэтгэсэн тэр агшныг буулгасанд энэ зургийн гол үнэ цэнэ оршиж байгаа юм.
2
Чернобылийн олонд танигдаагүй 3 баатар
Алексей Ананенко, Валерий Безалитов, Борис Баранов гэх энэ гурван эрхэм байгаагүй бол 1986 онд болсон Украин дахь Чернобылийн дэлбэрэлтийн үеэр мянга мянган хүн амь үрэгдэх байжээ.
Учир нь сүйрлээс хойш арав хоногийн дараа үйлдвэрийн ус хөргөлтийн систем доголдож, усны санд асар их цацраг идэвхт бодисын реактор үүссэн байна. Үүний уршгаар үүсэх дэлбэрэлтийн хохирол нь асар их бөгөөд дэлбэрэлт нь Европ, Ази, Африкийн нутаг дэвсгэрийг тэр чигт нь хамрах аюултай байжээ. Харин энэ зурган дээрх Алексей, Валерий, Борис нар хамгаалалтын хэрэгсэл өмсөн, сайн дураараа усны гүн рүү орж, реакторын дэргэдэх шингэнийг шавхсанаар тэрхүү аймшигт аюулыг гэтэлгэсэн байна. Мөн хамгийн бахархмаар нь үйл ажиллагааныхаа эцэст гурван залуу гурвуулаа эсэн мэнд гарчээ.
3
"Cher Ami"
Энэ тагтаа Дэлхийн I дайны үед 200 гаруй цэргийн амь насыг аврах учиртай чухал захидал зөөх үүрэг хүлээжээ. Тэр захиагаа хүргэх гэж яваад хэд хэдэн удаа бууны суманд өртөж, нэг хөл болон нүдгүй болсон байна. Цэргүүд сүүлд нь тагтаанд модон хөл хийж өгөөд, "Cher Ami" буюу “Хүндэт нөхөр” хэмээн нэрлэсэн байна.
4
Хаалттай хаалганы цаана
Үүнийг дарсан зурагчин Донна Феррато (Donna Ferrato) чинээлэг хүмүүсийн зургийг дарах төслийнхөө хүрээнд жүжигчин Элизабет болон Бэнтт нарын гэрт зочилжээ. 1982 оны тэр шөнө, хотын захад байрлах хосуудын гэрт очиж, зургийг дарах үед хосууд гэнэт муудалцаж эхэлжээ. Ингээд Элизабетийг нөхөр нь цохих агшинд, Донна гэрэл зураг дарж амжсан байна.
Хэдийгээр Донна гэрэл зургийг олонд цацахыг хүссэн ч, сэтгүүлийн редакторууд зөвшөөрөөгүй аж. Гэсэн ч гэрэл зурагчин заавал ямар нэг зүйл хийх ёстой гэж үзсэн бөгөөд 1991 онд “Дайсантайгаа цуг амьдрагч” номоо хэвлүүлжээ. Түүний энэхүү ном нь гэр бүлийн хүчирхийлэл болон түүний үр дагаврын тухай өгүүлдэг байна. Энэ нь тухайн нийгмийн хамгийн маргаантай асуудлыг хөндөж чадсан бүтээл болон үр өгөөжөө өгч, 1994 онд Конгрессийн зүгээс Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулийг баталжээ.
5
“Намайг хүлээгээрэй, аав аа”
Клауде Далдлофф (Claude Detloff)-ийн дарсан энэ зураг нь Канадын Ванкуверт гүнгийн бууны цэргүүд Дэлхийн II дайнд орохоор жагсан явж байгааг харуулжээ. Энэ зурагт дайнаас болж хагацаж байгаа эцэг, эх, хүүхдүүдийн царай, биеийн хэл зэргээр тухайн үеийн сэтгэл хөдлөлийг мөнхөд буулган үлдээсэн нь энэ аж. Азаар зураг дээрх хүүгийн эцэг 1945 оны аравдугаар сард дайнаас эсэн мэнд эргэн иржээ.
6
Цагдаагийн газрын дэргэд
Америкийн “Жэксоны өдөр тутмын мэдээ” сонины гэрэл зурагчин Фред Блаквэллийн(Fred Blackwell) дарсан энэхүү зурган дээр доромжлол, уур хилэн тод илэрчээ.
АНУ-ын Жексон хот дахь Вуулвортын дэлгүүрт социологийн багш Жон Салтер болон түүний оюутнууд болох Жоан Трумпаур, Аннэ Мооди нарын эсэргүүцэгчид суусан байна.(Зүүнээс баруун тийш чиглэлд) Тэд бүгд Миссисиппийн иргэний эрхийн хөдөлгөөний цөм болсон хар арьстнуудын коллежоос ирсэн байв. Тэр гурвын дээрээс арьс өнгөөр ялгаварлагч цагаан арьст цэргүүд сахар, гич, кетчуп зэргийг асгаж байна.
7
Багын найзууд
Жак Гурмелений (Jacques Gourmelen) авсан энэхүү гэрэл зураг нь Франц дахь Британичуудын шилдэг зургуудын нэг юм.
Энэ зурган дээр 1972 оны дөрөвдүгээр сарын 6-нд Сэйнт Брүк хотын нэгэн компанийн ажилчид ажил хаялт зарлаж, энэ хөдөлгөөнд цагдаа нар мөн оролцжээ. Зурган дээрх өөд өөдөөсөө харсан хүмүүс бол ажилчин Гай Бурмикс болон цагдаа Жан Ивон Антигнак нар юм. Гэтэл тэр хоёр бие биенээ таньдаг байсан төдийгүй багын найзууд байв.
Гэрэл зурагчин дараа нь хэлэхдээ “Би Гай Бурмиксийг найз дээрээ очоод, заамдахыг харсан. Тэрээр “намайг цохь л доо” хэмээн их л хорсол, хилэнтэйгээр уйлж байсан" гэжээ.
8
Ах дүү хоёр
Энэхүү хөгжилтэй бөгөөд илүү амьд, итгэл үнэмшилтэй харагдаж буй зураг бол 1975 оны наймдугаар сарын 20-ны өдөр Калифорнийн Үндэсний паркад ах дүү Майкл болон Сеон Маккуилкен (Sean McQuilken) нарын даруулсан зураг юм. Зургийг тэдний эгч Мэри, ах дүү хоёрыг цахилгаанд цохиулахаас ердөө хэдхэн секундийн өмнө авчээ. Азаар ах дүү гурав гурвуулаа амьд гарч чадсан бөгөөд хожим нэг дүү нь “Эхлээд бид Мэригийн зургийг дарж, дараа нь Мэри бидний зургийг дарж, маш хөгжилтэй байсан. Гэтэл гэнэт миний ухаан балартаад, сэрэхэд би хүмүүсийн хамт газар уначихсан байсан. Сеон ч бас өвдөг дээрээ сөхөрчихсөн, түүний араас утаа манарч байсан” хэмээн ярьсан байна.
9
Румын улсын Алба Лулиа хотод өргөн чөлөө барихын тулд орон сууцыг нүүлгэн шилжүүлж байна
Засгийн газраас өгсөн зааварчилгааны дагуу 1987 оны эхээр Румын улсын Алба Лулиа хотын дэд бүтцийг шинэчилж, өргөн чөлөө барих ажил эхэлсэн байна. Тиймээс тус газар дахь барилгыг хоёр хувааж, хооронд нь 55 метрийн зайтай байрлуулахаар болжээ. Энэхүү барилга нь 7600 тонн жинтэй ба дотор нь 80 гаруй өрх амьдардаг аж. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа бүтэн 6 цаг үргэлжилсний эцэст дуусаж, барилгын 2 тал 33 градусын өнцгөөр салсан байна.
Хамгийн хачирхалтай нь энэ үеэр барилгын доторх айлууд гэртээ байсан бөгөөд бүр нэгэн эмэгтэйн тагтан дээрээ тавьсан стакантай ус хүртэл асгараагүй гэдэг. Түүнчлэн нүүлгэн шилжүүлэлтийн дараа орон сууцны ус, цахилгаан, газ зэрэг нь бүгд хэвийн ажиллагаатай байжээ.
10
Дэн буудлын менежер усан сан руу хүчил цацаж байна
Гэрэл зурагчин Хорас Корт (Horace Cort) 1960 оны Америк дахь Иргэний эрхийн хөдөлгөөний үеийн эгзэгтэй агшнуудыг чадварлаг буулгасан, алдартай зурагчин юм. Энэхүү зурагт 1964 оны зургадугаар сарын 18-ны өдөр, "Монсон мотор" зочид буудлын усан санд байсан өнгөт арьст болон цагаан арьст холилдсон хэсэг хүмүүс рүү буудлын менежер хүчил цацаж байгаа дүр зургийг буулгажээ.
Энэ үйл явдлаас 7 хоногийн өмнө арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч Мартин Лютер Кинг тус зочид буудалд хорогдож байгаад баривчлагдсан байна. Толгойлогч нь баривчлагдсан энэ үйл явдалд, арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид тайван замаар эсэргүүцэл үзүүлж, зөвхөн цагаан арьстнуудын ордог усан санд орсон нь энэ байжээ. Харин зочид буудлын менежер тэдэн рүү хүчил цацсанаар, хүмүүс айн, зугтсан байна.
11
Хүүхэд зарна
Хүмүүс гэрэл зураг мянган үгнээс ч илүүг илэрхийлдэг гэж ярьдаг. Тэгвэл энэ зураг яг л энэ тодорхойлолтод тохирох зураг юм.
Дайны үед ард иргэдийн амьдрал хоол хүнс, ажлын байрны хомстол зэргээс болж маш хүнд байдаг. Энэ байдал дайн дууссаны дараа ч үргэлжлэх нь бий. Тиймээс Дэлхийн II дайны хөлд нэрвэгдсэн нэгэн эмэгтэй 1948 онд гэрийнхээ гадаа хүүхдүүдээ зарна гэсэн пайз өлгөсөн байжээ. Лючилл Чалифо (Lucille Chalifoux) гэх энэ эмэгтэй тухайн үед тав дахь хүүхдээ гэдсэндээ тээж байсан аж. Түүний нөхөр ажлаасаа халагдаж, тэднийг гэрээс нь албадан нүүлгэхээр болоод байсан тул ийнхүү 4 хүүхдээ зарахаас аргагүйд хүрчээ. Эцэст нь тэд хүүхдүүдээ бүгдийг нь зарж чадсан байна.
12
Зөвлөлтийн цэргүүд герман бүсгүйгээр тохуурхаж байна
Зурган дээр ЗХУ-ын цэргүүд Зүүн Германы төв Лейпзиг хотод, олон нийтийн өмнө герман бүсгүйгээр тохуурхаж байгаа дүрс буужээ. Харамсалтай нь, энэ бол ердөө нэг тохиолдол биш, харин дайны үеэр болон дайны дараах үед энэ мэт үзэгдэл нийгэмд хавтгайрсан байсан аж.
Зарим түүхчдийн хувьд иймэрхүү хүчирхийллийн үйлдэл нь дайны ялалтын нэг тодорхойлогч хүчин зүйл гэж үздэг. Тиймдээ ч зөвхөн Зөвлөлтүүд биш, дайнд ялсан бусад улс орнууд тухайн эзэлсэн орондоо асар их хүчирхийлэл үйлддэг байжээ. Харин Зөвлөлтийн цэргүүдийн хувьд ойролцоогоор 2 сая герман эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэсэн тооцоо байдаг байна.