"Самбадром"-ын цэцэрлэгт гудамж нь 70 мянган хүний багтаамжтай. Бразилийн багт наадам нь уламжлалын дагуу албан ёсны арга хэмжээгээр эхлэх бөгөөд хотын дарга нь билэгдлийн түлхүүрийг багт наадмын хаанд дамжуулдаг. Багт наадмын хаан нь дөрөв хоногийн турш хотын эзэнд тооцогдохоос гадна энэ үеэр ямар ч хууль гаргаж, өөрчилж болдог гэнэ. Ням ба даваа гарагт самба бүжгийн зургаан сургууль үзүүлбэр үзүүлдэг бөгөөд сургууль бүрийн бүжигчдийн тоо нийтдээ 3-5 мянга байдаг.
Сургууль бүр шүүгчдийн тогтоож өгсөн минутад тааруулж бүжиглэдэг. Цагаа барихгүй бол онооноос нь хасдаг. Шүүгчид дууны сонголт, бүжгийн хөдөлгөөн, уран сайхны амьдруулалт, туг баригч эмэгтэйн тоглолт ба багийн зохицол зэргийг дүгнэн үнэлдэг. Оноог нийт 40 шүүгч шүүж гаргадаг. Энэ ёслолыг улс орон даяар телевизээр шууд дамжуулдаг бөгөөд багт наадмын ялалтыг хөл бөмбөгийн дэлхийн аваргын баяр шиг тэмдэглэнэ. Хоёр, гуравдугаар байр ч бас шагналтай. Оролцогчид баяр дуусангуут дараагийн баяртаа бэлтгэх ажилдаа ордог байна.
Сургууль тус бүр хувцас, тэрэг зэрэг чимэглэлд 40 тонн шахмал цаас, 80 мянган метр даавуу, 6000 литр будаг, хэдэн тонн хадаас, галын хор зэргийг зарцуулдаг. Өөр ч олон зүйл бий. Заримдаа энэ зардлыг хувь хүн ивээн тэтгэж, даадаг гэнэ. Ивээн тэтгэгч олдоогүй бол тэдэнд хоолноосоо хасах хэрэг гардаг. Багт наадам үзэх гэсэн жуулчид Бразилд их ирдэг учир "Самбадром" дээр бүтэн жилийн турш жижиг музей ажиллан багт наадмын тухай танилцуулга хийдэг. "Самбадром"-ыг үзэхэд 250 ам.доллар байдаг. Ширээ сандал нь 450 ам.доллар байх бол ВИП тагтын үнэ 1000 ам.доллараас эхэлдэг. Гэхдээ энэ баярын уур амьсгал баярын өдрүүдээр бус бүжгийн сургуулилалтын үед илүү их их мэдрэгддэг гэнэ.