1
Амьдрал дээрх “Бэтмэн” Даниэл Киш
Даниэл Киш нярай байхдаа нүдний хорт хавдар тусжээ. Улмаар нэг насных нь төрсөн өдөр нь ч болоогүй байхад Даниэлийн хоёр нүд сохорсон байна. Тэрбээр өсөж томроод хүрээлэн буй орчноо мэдрэхийн тулд, сарьсан багваахай шөнө нисэхдээ ашигладаг шиг, “Дуу чимээгээр орчноо баримжаалах” (echolocation) өөрийн системийг хөгжүүлж эхэлснээр бодит амьдрал дээрх жинхэнэ “Бэтмэн” болжээ.
Тэрбээр яваандаа гадна ертөнцийн бүх зүйл өөрийн гэсэн дуу чимээтэй болохыг ойлгожээ. Ингээд тагнайгаа ташиж дуу чимээ гаргаад, түүнээс үүссэн цуурайгаар дамжуулан байгаа газраа баримжаалж, улмаар тухайн газрынхаа 3D дүрсийг оюун санаандаа бүтээн хардаг аж. Энэ мэт цуурай гарган орчноо мэдрэх нь тархины харааны функцийг сайжруулж, түүгээр дамжуулан аливаа зүйлийн тухай гүнзгий ойлголтыг төрүүлдэг байна.
Мөн Киш өөрийгөө концертийн танхимаас гарах замыг хараатай хүнээс илүү хурдан олдог гэж хэлжээ. Учир нь тэрбээр гарцыг маш холоос сонсож мэдэрч чаддаг байна.
2
Бодит амьдрал дээрх " Мистер Фрийз"
Ихэнх баатруудын адил Вим Хоф өөрийн супер чадварыг нэгэн ослын дараа олж авчээ. Тэрээр 17 настайдаа өөрийн төрөлх Амстердам хотод хөлдүү сувгаар дамжин явж байхдаа хүйтнийг тэсвэрлэх онцгой чадвартайгаа олж мэдсэнээр дэлхийн 26 рекордыг эвджээ.
Тухайлбал, Вим Хоф богино өмдтэй Эверест рүү авирахаар оролдож байсан. Харамсалтай нь "Үхлийн бүс"-ийг нэвт гарч чадалгүй буцах шаардлагатай болжээ. Гэвч энэ нь хүйтнээс болоогүй, хөл нь гэмтсэнээс болсон байна. Мөн Хоф цасан дээр хөл нүцгэн марафон гүйлт хийж, өөрийнхөө рекордыг 4 удаа эвдэж байжээ.
Судлаачид Хофын энэхүү гайхамшигт чадварыг тайлбарлахдаа Хоф амьсгалын болон бясалгалын аргаар тархиндаа үүссэн хүйтний стрессийг няцаадаг гэжээ. Тодруулбал, түүнийг хэт хүйтэн агаарт байх үед тархинаас нь опиоид болон каннабиноид ялгарч их биед нэвчсэнээр, дааралт болон өвдөлтийн дохиог дардаг байна.
3
Бодит амьдрал дээрх "Флаш"
Диэн Карназес (Dean Karnazes) амьдралынхаа турш зогсолтгүй гүйсэн ч чадна. Учир нь тэрбээр дэлхийн хамгийн тэсвэр тэвчээртэй тамирчдын нэг юм. Нэг удаа "Үхлийн бүс"-ээс Өмнөд туйл хүртэл бүтэн 3 өдөр тасралтгүйгээр 563 километр гүйж байжээ.
Энэхүү гайхамшигт чадварын нууц нь түүний бие хэзээ ч сүүний хүчлийн дутагдалд ордоггүйд байдаг. Өөрөөр хэлбэл, жирийн хүн гүйх үед түүний бие глюкозыг задалж, сүүний хүчил ялгаруулдаг. Харин хэтэрхий их гүйх үед хүний бие сүүний хүчил ялгаруулж чадахаа больж амьсгаадах, хүчил төрөгчийн дутагдалд орох, зүрхний цохилт хурдсах зэрэг эрсдлүүд үүсдэг байна. Гэтэл Карназэсийн хувьд хэзээ ч сүүний хүчлийн дутагдалд ордоггүй тул онолын хувьд насан туршдаа тасралтгүй гүйсэн ч чадах юм.
4
Бодит амьдрал дээрх "Spider-Man"
Францын аалзан хүн хэмээн нэрлэгдсэн Алаин Робэрт бол дэлхийн хамгийн сайн авирагчдын нэг юм. Тэрбээр тэнгэр баганадсан өндөр барилга дээр ямар ч олс, татлага, аюулгүйн хэрэгсэлгүй авирдгаараа алдартай. Дубай дахь Бурж Халифа, Тайваны “Тайпэ 101” зэрэг 160 гаруй тэнгэр баганадсан барилгад авирч байжээ.
Роберт 2018 оны 10-р сард Лондон дахь "Salesforce Tower"-т авирсныхаа дараа 202 метр өндөр цамхагт аюулгүйн тоноглолгүйгээр гарч, доор нь цугларсан олон хүний сэтгэл санааг үймүүлсэн гэсэн үндэслэлээр баривчлагджээ.
5
Бодит амьдрал дээрх "Профессор Экс"
Хатагтай Марилу Хэннэр /Marilu Henner/ туйлын гайхамшигтай ой санамжтай. Тэрбээр туулсан амьдралынхаа цаг, мөч бүрийг нэг бүрчлэн эргэн санах маш ховор чадвартай төрсөн нэгэн юм. Хэннэр энэхүү ховор чадвараа анх 6 настайдаа олж илрүүлжээ. Судлаачдын үзэж буйгаар энэ төрлийн хүмүүс, жирийн хүнээс илүү том тархины дэлбэнтэй байдаг тул ийнхүү гоц ой санамжтай болдог гэжээ.
Ямар ч шалтгаантай байсан хамаагүй, Хэннэр энэхүү чадварынхаа ачаар аливаа зүйлийг маш хялбар сурдаг ба хэзээ ч түлхүүрээ хаана тавьснаа мартах зэрэг эрсдэлд ордоггүй юм. Гэвч эдгээр давуу талаас гадна жирийн хүнийг бодвол сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдаг гэх мэт сөрөг талууд байдаг аж.
6
Бодит амьдрал дээрх "Эласти-гёрл"
Жавьер Ботэт /Javier Botet/ бол гайхалтай чадвартай Испанийн жүжигчин юм. Урт хөл, бөгтөр бие нь түүнийг хүн биш зүгээр л араг яс мэт харагдуулдаг. Үүний дээр Ботти хэт уян хатан чанарыг бий болгодог марфаны хам шинжээр өвчилжээ. Энэ нь түүнд аймшгийн кинонд харь гарагийн хүн, мангас, мумми, уямантай хүн зэрэг дүр бүтээх боломжийг олгосон байна.
Марфаны хам шинж нь маш ховор тохиолддог генийн эмгэг бөгөөд хэт өндөр, хэт зөөлөн, гиперфлатив зэрэг чанарыг үүсгэдэг байна. Энэхүү эмгэг нь зүрхний өвчин эсвэл хараагүй болох зэргээс үүдэж болно. Гэвч Жавьер Ботэт энэ эмгэгээ эергээр хүлээж авч Холливудын жүжигчин болоход ашиглаж чадсан юм.
7
Бодит амьдрал дээрх “Төмөр” хүн
Коннектикут-аас ирсэн нэгэн гэр бүл өөрсдийн өвөрмөц ясны бүтцээрээ генетик судлаачдын анхаарлыг татжээ. Тодруулбал, тэрхүү гэр бүл генийн мутацийн үр дүнд яс нь хэзээ ч хугардаггүй бат бөх болсон байна. Тийм ч учраас тус гэр бүлийн нэг ч гишүүн бэртэл авч байгаагүй аж.
Судлаачид тэдний удмын 20 хүнийг хамруулан судалгаа хийхэд, судалгаанд оролцогсдын тал нь туйлын бат бөх, том ястай байжээ. Харин судлаачид үүний нууцыг гэр бүлийн гишүүдийн ДНХ-г судлах замаар олж илрүүлж чадвал, ясны сийрэгжилтийг эмчлэх арга ухааныг олж мэднэ гэж найдаж байгаа юм.
8
Бодит амьдрал дээрх "Үл үзэгдэгч эмэгтэй"
Дэлхий дээрх хүн бүрийн хурууны хээ дахин давтагдашгүй, цор ганц гэдэг нь аль хэдийн нотлогдсон. Тиймдээ ч орчин үеийн технологи нь кибер аюулгүй байдлыг хангахдаа хурууны хээг ашиглах болсон билээ. Гэсэн хэдий ч "adermatoglyphia" гэх эмгэгтэй төрсөн хүмүүст ямар ч хурууны хээ байдаггүй аж.
Өнөөгийн байдлаар дэлхий дээр энэ төрлийн эмгэгтэй дөрвөн гэр бүл байдаг. Тэдгээрийн нэг болох Черил Маянард /Cheryl Maynard/ нь яг л үл үзэгдэгч нэгэн шиг байдаг гэнэ. Учир нь түүнд хурууны хээ байхгүй тул ажилд орох, бичиг баримт авах зэрэгт тун хүндрэлтэй байдаг аж.
9
Хурц хараатай Вероника Сеидэр
1972 онд Вероника Сеидэр /Veronica Seider/ өөрийгөө 1.6 километрийн хол зайд байгаа жижиг объектийг харж чаддаг гэж зарлажээ. Гэвч хэн ч түүнд итгэсэнгүй. Азаар нүдний харааг шалгах тийм ч хэцүү биш тул удалгүй гайхамшигтай хурц хараатай болох нь тогтоогджээ. Түүний нүдний хараа жирийн хүнийхээс 20 дахин илүү хурц тул "Гиннесийн ном"-нд бичигдсэн байна.
10
Юунаас ч айдаггүй эмэгтэй
SM гэгддэг нэгэн эмэгтэйн тархины тодорхой нэг хэсэг нь ажиллахаа больсноор огт айдас мэдрэхээ больжээ. Тэрбээр хүүхэд байхаасаа л аалз, могой зэрэг гадны цочроогч хүчин зүйлсээс айдаггүй байснаар уг эмгэг нь илэрсэн байна.
Нэгэн удаа түүн рүү халдагч дайрч хүзүүнд нь хутга тулгахад, тэрбээр огт айгаагүй аж. Энэ нь халдагчид сэжигтэй санагдан, түүнийг суллаж явуулсан тохиолдол гарч байжээ.
Гэвч SM-д бусад бүх супер баатруудын адил нэгэн сул тал байв. Тэрбээр айлгах туршилтанд орж байх үедээ жоохон ч айгаагүй боловч, туршилт дууссаны дараа гэнэт амьсгал нь давхцаж, биед нь огцом өөрчлөлт оржээ. Судлаачдын үзэж буйгаар түүний амьсгал давхцаж, боогдох үед тархи нь айдсын мэдрэмж ялгаруулж эхэлдэг аж. Тиймээс жирийн айлгах туршилтын үеэр айгаагүй атлаа, дараа нь газ тавих үед амьсгал нь боогдсоноор, айдсын шинж тэмдэг илэрсэн болохыг судлаачид тогтоожээ. Гэсэн ч түүнд бие махбодын хувьд айдсын шинж тэмдэг илэрсэн ч, сэтгэл зүйн хувьд ямар ч айдаст автаагүй байна.
ХЭРВЭЭ ТАНД ДЭЭРХ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ИЖИЛ ТӨСТЭЙ МЭДЭЭ УНШИНА УУ:
~Ер бусын чадвартай 11 хүн~