1
Хэмжээ
Савхин хүрэм нь өмсөхөд эвтэйхэн, биед яг таарсан байх ёстой тул худалдаж авахдаа дараах гурван шинжийг сайн ажиглаарай.
Өргөн - Мөрөндөө яг тааруулах. Шинээр авсан савхин хүрэм эхэндээ бага зэрэг хатуу, хөдөлгөөн хязгаарладаг боловч сүүлдээ сунан зөөлөрч, биед эвтэйхэн болдгийг санаарай.
Урт - Ташааны дунд хэсэгтэй зэрэгцэж очих ёстой. Бага зэрэг дээшээ байж болно, харин ташааг өнгөрч болохгүй. Мөн цув шиг урт загвартайг сонгох нь одоо үед тохиромжтой бус.
Ханцуйны урт - Бугуйг далдлахаар байх хэрэгтэй. Бас дотуураа өмссөн цамцны ханцуйг ил гаргаж болохгүй.
2
Өнгө
Орчин үеийн дизайнерууд төсөөллөө улам баяжуулж, хурц тод өнгөтэй хүрэмнүүдийг трэнд болгохыг хичээдэг болсон. Гэхдээ та азарган тахиа шиг харагдмааргүй байвал даруухан, классик өнгөтэйг илүүд үзээрэй.
Хэрэв таны хувцасны шүүгээнд тод өнгийн хувцаснууд голдуу байдаг бол адилхан хурц өнгөтэй хүрэм авах хэрэгтэй гэсэн үг биш. Классик загвартай бор өнгийн хүрэм нь алагласан өнгөнүүдийг тэнцвэртэй болгож чаддаг. Ялангуяа цэнхэр жийнс, тод өнгөтэй цамц, футболкатай сайхан зохицдог.
Харин хар савхин хүрэм нь албан ёсны, чөлөөт гээд бүхий л нөхцөл байдалд тохиромжтой.
3
Загвар
Юуны өмнө савхин хүрэм нь таны биеийн галбирыг огт өөр болгож чадна гэдгийг санах хэрэгтэй. Ингээд танд хамгийн алдартай загваруудыг нь танилцуулъя.
Энгэрийн ухлаадастай, бүсэлхий рүү нарийсдаг загварыг "бомбер" хүрэм гэдэг. Өргөн мөртэй залуусын хувьд төгс хүрэм гэж болно. Тиймээс хэрэв та өөрийн биедээ сэтгэл хангалуун байдаг бол бомберыг тэргүүний сонголтоо болгоорой.
Энэ жил трэнд болох төлөвтэй нэгэн загвар бол "biker" хүрэм юм. Тийм ч урт биш, бүсэлхий л хүрдэг. Ихэвчлэн энгэрийн цахилгаан нь ташуу байрлалтай, янз бүрийн метал оруулга, гоёл чимэглэлийн зүйл ихтэй байдаг. Ийм загварын хүрэм нь биеийн галбирыг тодотгодог тул туранхай, мөр багатай залуус татгалзах нь зүйтэй.
Хэдийгээр ховор боловч олон жилийн настай, элэгдэж хуучирсан классик хүрэм үнэхээр сайхан харагддаг. Ерөнхийдөө энгэрийн шулуун цахилгаантай хүрэм биеийн ямар ч хэлбэрт сайхан зохьдог универсаль загвар юм.
4
Материал
Савхин хүрэм сонгоход анхаарах ёстой хамгийн гол зүйл бол чанар. Сайн савхин хүрэм гоёмсог байдлаа алдахгүйгээр хэдэн ч жилийн турш тантай хамт байж чадна. Иймд хүрэмний материалд нь гол анхаарлаа хандуулаарай.
Гахайн арьсан савхи нь хямдхан ч амархан үрчийж, элэгдэж, өнгөө алддаг. Нэг улирал л өмсье гэвэл гахайн арьсан материалтайг сонгох нь зөв.
Хонины арьсан савхи нь бат бөх, эдэлгээ сайтай. Гялгар гадаргуугаа удаан хадгалдгийн зэрэгцээ дулаан алддаггүй, биед эвтэйхэн зөөлөн байдаг давуу талтай.
Тугалын арьсан савхи нь эдэлгээ сайтай бөгөөд ширүүн, хатуу гадаргуутай. Удаан хугацаагаар хадгалахад тохиромжтой. Зурагддаггүй, үрэлтэд тэсвэртэй.
Бухын арьсан савхи нь хамгийн үнэтэйд ордог. Маш хатуу бөгөөд бат бөх. Мэдээж эдэлгээ маш урттай.