Хиймэл транс тос
Хиймэл транс тостой бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Бид танд ямар ямар хор уршиг учруулдаг талаарх мэдээллийг хүргэе.
1
Зүрхний өвчин
Транс тосыг их хэмжээгээр хэрэглэвэл зүрхний титэм судасны өвчин, зүрхний шигдээс тусах эрсдэл нэмэгддэг. 1985-1995 оны хооронд транс тосны хэрэглээ эрс буурсан нь нийт титэм судасны өвчнөөр нас барагсдын төвшинг 23 хувиар бууруулсан байх магадлалтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, жил бүр зүрхний титэм судасны өвчний улмаас нас барж байсан 20,000 хүний 4,600 орчим нь аврагдсан гэсэн үг юм. Итгэмээргүй сонсогдож болох ч хүнсний зөв хэрэглээ гэх энгийн ойлголт жил бүр олон мянган хүний амийг авардаг.
2
Судасны өвчин ба хавдрын эрсдэл
Биед тустай өөх, тосыг ердөө дөрвөн долоо хоногийн хугацаанд транс тосоор орлуулбал биед сайн холестрины хэмжээ 21 хувиар буурч, судас тэлэх чадвар 29 хувиар багасдаг гэнэ. Энэ нь хэдийгээр судалгааны шатанд явж байгаа ч давхар хавдрын эрсдлийг дурдах нь зүйтэй юм.
3
Чихрийн шижин
Энэ талаарх судалгаа хангалтгүй, шууд хамаарлыг нь хараахан тогтоогоогүй байгаа ч 80,000 эмэгтэйг хамруулсан том судалгаанд транс тосны хэрэглээ өндөртэй эмэгтэйчүүд чихрийн шижин тусах магадлал 40 хувиар нэмэгдэж байв. Ийм хэмжээний дүгнэлтийг үгүйсгэх боломж бараг байхгүй.
4
Үрэвсэл
Маш удаан хугацааны турш судалж үзсэний эцэст транс тос нь үрэвслийг өдөөдөг болохыг олж тогтоожээ. Хүн бүр ямар нэг төрлийн үрэвслээр өвчилсөн байдаг. Үүнд транс тосны нөлөө их бөгөөд бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг ойлгох хэрэгтэй юм.
5
Таргалалт
Транс тос жин нэмэгдүүлдэг. Эрүүл хооллох гэж хоолны дэглэм барьж байгаа хэрнээ транс тос хэрэглэсээр л байвал та жин хасаж чадахгүй. Турахын тулд өдөр тутмын илчлэгийн хэмжээг тооцох нь чухал ч хоолны дэглэмээсээ транс тосыг хасах нь бүр илүү чухал юм. Ингэснээр биеийн галбирийг хадгалахаас гадна холестерины түвшинг бууруулахад тустай.
6
Ходоодны хүчил нэмэгдэх
Хиймэл транс тос нь ходоодны хүчлийг нэмэх хандлагатай байдаг тул таны биеийн байдлыг улам дордуулж мэднэ. Гэхдээ авокадо, хушга, оливын тос зэрэг байгалийн гаралтай транс тос хэрэглэх нь маш чухал. Ходоодны хүчил ихтэй хүмүүсийг хиймэл транс тос идэхийг хориглодог.
7
Транс тосыг хэрхэн таньж татгалзах вэ?
Орчин үед олон хүний өргөн хэрэглэдэг, санаанд ч оромгүй бүтээгдэхүүний найрлагад хиймэл транс тос орсон байдаг нь хэцүү. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарч хиймэл транс тосноос татгалзахад тань туслах зөвлөмжүүдийг хүргэж байна.
1. Зарим төрлийн хүнснээс татгалз
Хөлдөөсөн хүнс, шарсан хуурсан хоол, самрын тос, маргарин, донат, бургер, майонуз, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Тэрчлэн лаазалсан,хайрцагласан, бэлэн бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхийсэн нь дээр. Цөцгийн тос, маргарин хоёроос сонголт хийх үед мэдээж цөцгийн тосыг авах хэрэгтэй. Орчин үеийн маргарин их хэмжээний транс тос агуулдаг болсон. Цөцгийн тосыг сүүнээс гаргаж авдаг бол маргариныг цэвэр цөцгийн тосыг орлуулах маягаар дуурайлган хийдэг аж.
2. Бүтээгдэхүүний найрлагыг уншиж сур
Бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгадаг тул хүнс үйлдвэрлэгчид транс тосыг өргөнөөр хэрэглэдэг. Тэд голдуу далдуу модны хямд тос ашигладаг. Тиймээс худалдаж авах гэж буй бүтээгдэхүүнийхээ найрлагыг тогтмол уншиж сурах нь зөв юм. Үүнийг зуршил болгож чадвал бие махбод тань танд талархах болно. Таны хэрэглэж буй бүтээгдэхүүн байгалийн гаралтай тос агуулсан байвал сайн. Харин транс тос агуулсан байвал бүтээгдэхүүний 100 грамм тутамд 0.1 граммаас ихгүй буюу <0.1% гэсэн тэмдэглэгээтэй байх хэрэгтэйг санаарай.
3. Шинэхэн хүнс хэрэглэж, үдийн хоолоо өөрөө бэлтгэн авч явж байгаарай
Эрүүл хүнс хэрэглэж сурах нь тийм ч хэцүү зүйл биш. Чанартай хүнс сонгож, найдвартай аргаар хоолоо бэлтгэдэг ресторанд хооллож занших хэрэгтэй. Тэрчлэн хамгийн зөв сонголт бол хоолоо өөрөө бэлтгэх юм. Та чадвал өдрийн хоолоо гэртээ хийгээд ажилдаа авч явж байгаарай.
Та транс тосны тухай болон эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг тухай хэр мэдэх вэ? Бидэнтэй өөрсдийн бодлоо сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.