1
Бүгдтэй нь нөхөрлөх гэж хичээсний хэрэггүй
Та бидний хэн маань ч гэсэн ажиллах, сурах, мэдлэгээ дээшлүүлэх гэж шинэ байгууллага, дээд сургууль, курс дамжаанд ордог. Эелдэг хандах, тусалж дэмжих явдал мэдээж байлгүй яахав. Харин цаашид дотно нөхөрлөх найзууд удалгүй өөрөө гарч ирнэ.
Хамгийн гол нь оронгуутаа эсрэг хүйстэн хэн нэгэнд найр тавин сээтэгнэхгүй байх. Яагаад шинэ хамт олноос дотносох хүн хайх хэрэггүй вэ гэвэл энэ нь шинэ хамт олон, дарга удирдлагуудтай ойлгомжгүй байдал үүсгэж, бусад нөхдөд нь таагүй сэтгэгдэл төрүүлж мэдэх юм.
2
Харилцааг өөрөө эхлүүл
Аль ч хамт олон шинэ хүнд болгоомжтой хандаж эхэлдэг. Магадгүй та тэдний хамгийн их хүндэлж хайрладаг байсан хүний ажил албыг авч суудалд нь суусан ч байж болно. Ийм тохиолдолд шинэ хамт олон тань танд тоомсоргүй хандаж, ажил хэрэгт тань нэг анхаарал хандуулахгүй байгаа харагдана. Тэгвэл та хоолны газар ч юм уу, цахилгаан шатанд эхлээд эелдэг яриа өд. Эелдэг байж хүний анхааралд өрт, гэхдээ төвөг учруулж болохгүй.
3
Олон нийтийн сүлжээнд болгоомжтой бай
Шинэ хамт олныхоо хүмүүстэй олон нийтийн сүлжээнд яаран найзалж, холбоо тогтоохыг бүү урьтал болго. Тэдний дунд өөрийн тань хуучин “найз” байна уу, ямар нэг асуудлаар санал нийлэх юм уу, зөрчилдөх хүн байгаа эсэхийг сайтар ажигла. Таны шинэ хамт олны чинь дотор үзэл бодол өөр хүн байхад та засгийн газрыг шүүмжилсэн пост оруулах юм уу, коммент биччихвэл магадгүй энэ нь зөрчилдөөн үүсгэж болох. Харин таны аккаунтад хувийн явдал, нийтийн ярилцдаг сэдэв голдуу байдаг бол хамт ажиллагсдаа урьж найзлах хэрэгтэй. Олон нийтийн сүлжээ түргэн дотносч, бие биенээ мэдэхэд тань тусална.
4
Тусламж хүс
Дейл Карнегийн алтан дүрмийн нэг нь өөрийгөө хэрэгтэй хүн гэдгийг бусдад мэдүүлэх явдал гэнэ. Тэгэхээр шинэ хүн та өөрийнхөө мэргэжлийн чадварыг шинэ хамт олондоо харуулахын зэрэгцээ ажил хэргийн асуудлаар тэднээс тусламж хүсэх нь дотносоход чухал үүрэгтэй.
5
Санаачилга гаргахаа хойшлуулах
Шинэ ажилтнууд өөрсдийгөө аль болох түргэн илэрхийлж, янз бүрийн хүсэлт тавьж эхлэх хандлагатай байдаг. Энэ бас тийм ч сайн зүйл биш. Эхлээд хамт олон тань өмнө нь хэрхэн ажилладаг, юуг яаж хийдэг зэргийг сайтар ажиглаж байгаад дараа нь санаачилга гарга. Бизнесийн зөвлөх Стивен Кови "эхлээд сонсохыг хичээ, дараа нь сонордуулагч бай" гэж зөвлөсөн байдаг.
6
Хов жив цуглуул
Эвгүй мэт боловч шинэ хамт олныхоо, даргынхаа тухай, ажил хэргийн бүү хэл хувийн амьдралынх нь тухай мэдээллүүдийг анхаарч олж мэдэх нь зүйтэй. Тэд робот биш хүн л юм хойно ямар нэг хувийн асуудалд орно. Хамтрагчид, дарга удирдлагуудыгаа цаашид ойлгож, харьцаж, хамтран ажиллахад энэ хэрэг болно. Харин өөрөө элдэв хов жив түгээхэд оролцохгүй байх нь зөв.
7
Ажлаа хэрхэн гүйцэтгэж эхлэхийг удирдлагатайгаа хамт тодорхойл
Зарим компанид шинэ ажиллагсдыг ажилдаа түргэн дадлагажих, үр бүтээлтэй ажиллаж эхлэхэд нь туслах тусгай хөтөлбөр байдаг. Таны шинэ ажилд ийм зүйл байхгүй бол дарга чинь танд тусална. Түүнтэй хамт өөрийнхөө ажил үүрэг, чиглэл, юунаас эхлэх зэргээ тодорхойлоорой.
8
Хамт олондоо бүгдэд нь ижил ханд
Кейт Феррацци “Хэзээ ч бүү ганцаар хоолло” номондоо бүхий л хамтрагчидтайгаа холбоотой байж тэдэнтэй албан тушаалыг нь харгалзахгүйгээр ижил хандаж бай гэж зөвлөсөн байдаг.
Тэдний нэг нь хэзээ нэгэн цагт таны дарга ч болж болно. Эсвэл таныг албан тушаал ахих үед тэдний нэг нь таныг дэмжих ч юм бил үү. Цаг бүртгэгч таны нэг удаа хоцорсныг аргалж, хамгаалагч залуу амралттай үед чинь таны бичиг баримтыг ойртуулж өгөх ч юм бил үү.
9
Хамт олонтойгоо хоолло
Өдрийн хоол бол үндсэн ажлын зэрэгцээ хамт олонтойгоо нөхөрсөг харилцаа тогтоох хамгийн ашигтай цаг гэж Кейт Феррацци зөвлөсөн байдаг. Хоолны ширээний ард хүмүүс ил тод, нээлттэй ярьж хөөрдөг. Мөн та хамт ажиллагсдаас хэн нэгнийг нь гэртээ бэлдсэн хоолоор дайлж болно шүү дээ.
10
Хамтрагчаа дайл
Хүмүүс ажил дээрээ ямар нэг амттан, пицца, эсвэл гэртээ хийсэн хоолоо авчирч иддэг. Тэгвэл та түүнийгээ хамт ажилладаг хүмүүстэй хуваалцах юм бол шууд л оноо авна. Хамт ажилладаг хүнийхээ юу идэх дуртайг мэдэж аваад түүгээр нь хааяа дайлж байвал бүр ч сайн.
11
Харьцуулах хэрэггүй
"Ер нь чи яагаад энэ шинэ хамт олон дунд ороод ирсэн билээ. Өмнөх ажил чинь тийм л сайхан байсан юм бол" гэсэн асуулт ирж мэднэ. Тэгэхээр шинэ хамт олноо өмнөх хамт олон, дарга удирдлагатайгаа бүү харьцуулж ярь. Хуучин ажил дээрх арга барил гэх мэт нарийн ширийн зүйлсийг бүр ч ярьж болохгүй. Байгууллагын нууцыг задруулахаас гадна өөрийгөө энд таагүй байгааг мэтээр ойлгуулна.
12
Битгий онгир
Та өөрийгөө туршлагатай гэж боддог байлаа ч өөрийгөө өндөрт бүү тавь. Хэн нэгнийг, ялангуяа шинэ хүнийг ийм байхад хүмүүс дургүй байдаг. Тэгэхээр ямар нэг зүйлээр хамтрагчаасаа туслалцаа гуйж, эелдэг харьцах нь дасан зохицоход тань илүү тустай.
13
Сөрөг хандлагыг үл тоо
Хэн нэгэн өөрт тань таагүй хандаж байгаа бол бас ч яг өөрийн чинь буруу биш. Шинэ хүнийг хамт олон ямагт дорд үздэг тал бий.
Ийм тохиолдолд сэтгэлийн хаттай байж, сөрөг хандлагыг үл тоохыг сэтгэлзүйч Арианна Оуд зөвлөж байна. Өөрийг тань шүүмжилж, ажлыг тань шаардлага хангахгүй байна гэж байгаа бол үндэслэлтэйгээр, бичгээр илэрхийлэхийг санал болго. Мөн энэ тохиолдолд өөрийн сэтгэл мэдрэмжээ тогтвортой байлгах нь чухал. Хөндлөнгийн ийм хандлагад бухимдаж гутрахын оронд өөрийнхөө талаарх тэдний бодлыг өөрчлөхийг оролдох нь зөв.
14
Өөрт чинь хамаагүй зүйлд хошуу бүү дүр
Шинэ хамтрагчдаас чинь Дорж ажлаасаа байнга хоцорч, Оюун өдрийн хоолонд гараад цаг хагас илүүтэй алга болдог байлаа ч тэр талаар асуудал бүү гарга. Тэр хүмүүс хамт олныхоо дунд нэр хүндтэй, бас үнэхээр чадварлаг ажилладаг хүмүүс ч юм бил үү. Дорж байнга илүү цагаар ажиллаж, Оюун компанидаа олон түнш олж өгдөг байж мэднэ. Тэгэхээр яаран бүү дүгнэлт хийж шүүмжлэхийг бүү урьтал болго.
15
Уламжлалыг нь дага
Аль ч хамт олонд өөрсдийн гэсэн уламжлал тогтсон байдаг эсэхийг мэдээрэй. Тэд хамтдаа байнга заал авдаг байж мэднэ, саунд суудаг ч байж болно. Ер нь албан бус ийм арга хэмжээнээс нэг их татгалзах хэрэггүй. Ийм газар л хамт олон төлөвшиж, сайн харилцаа тогтдог.
Гэхдээ хар багын дотно найз чинь л тэнд байдаггүй юм бол согтууруулах ундаа хэрэглэж, хэт илэн далангүй, хувийн чанартай яриа өрнүүлэхийн хэрэггүй.