1
Арьс, нүд шарлана
"Шар" өвчин буюу арьс, нүдний цагаанд шар пигмент ихсэх нь элэгний үйл ажиллагаа муудах үед үүсдэг хамгийн түгээмэл эмгэг юм. Тодруулбал цөсөнд байдаг "билирубин" гэх шараас улбар шар өнгийн пигментийн ялгарал хэт ихсэх үед дээрх шинж тэмдэг гардаг. Эрүүл элэг нь "билирубин"-ий хэмжээг тогтвортой байлгадаг.
2
Ихээр ядарч цуцна
Элэгнээс үүдсэн ядаргаа нь жирийн ядралтай адилгүй. Учир нь бие махбодь болон сэтгэл санаа хоёулаа энергиэр дутагдаж, тамир тэнхээ барагддаг. Аливаа зүйлийг хийх ямар ч сонирхолгүй болно. Зарим үед өглөө орноос босох нь эрүү шүүлт мэт санагдах нь бий.
3
Гэдэс шингэнээр дүүрэх
Голцуу элэгний хатуурал зэрэг эмгэгээс болж хэвлийн хөндийд шингэн хурах шинж илэрдэг. Ингэсэн үед тухгүй мэдрэмж төрж, зарим үед өвдөх бөгөөд гэдэс цанхайн дүүрч, хүндэрсэн тохиолдолд жирэмсэн мэт харагддаг. Шингэн мөн биеийн хөл, шагай хэсэгт хуралдаж хавагнуулна.
4
Хоолны дуршил буурч, жин хасна
Байнга цатгалан мэт мэдрэмж төрж юм идэх хүсэлгүй болдог. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хурах хам шинжтэй зэрэг илрэх магадлалтай.
5
Судас бүдүүрнэ
Арьсны өнгөн хэсэгт аалзны тор шиг жижиг судаснууд тодорч харагдаж байвал элэгний асуудал үүссэний шинж. Ихэвчлэн цээж, гар, хүзүү, нүүрэн дээр тодордог.
6
Зарим газар хөхрөлт үүснэ
Элэг өвчилсөн үед бие дэх уурагны ялгарал зогсох юм уу удааширдаг. Үүнээс шалтгаалж муу цус хуралдсанаар арьсан дээр хөхрөлт үүсдэг байна.
7
Шээс бараан өнгөтэй гарна
Шээсний өнгө ерийн байдлаас илүү бараан, тухайлбал гүн улбар шаргал, бор өнгөтэй гарна. Цөсний билирубиний хэмжээг элэг зохицуулж чадахаа больсноос энэ шинж тэмдэг илэрдэг.
8
Арьс загатнана
Элэгний хорт бодис шүүх чадвар муудсанаас биеийн нэг цэг ихээр загатнадаг. Ялангуяа шөнийн цагаар загатнаа бүр ихсэнэ.