Хүүхдийг төлөвшихөд тусалдаг 8 муу зуршил

Олон эцэг эхчүүд хүүхэд нь 2 нас хүрээд илүү дүрсгүй болж, буруу зүйлс хийж байгааг хараад хүмүүжилгүй болох вий гэж санаа зовдог. Гэвч энэ нь ихэнх тохиолдолд хүүхдийн насны онцлогоос шалтгаалсан хэвийн үзэгдэл байх нь бий. Тэгвэл дараах 8 үйлдэл нь хүүхэд бүрт илэрдэг бөгөөд та үүнд санаа зовохгүй байж болно.

Хүүхдийг төлөвшихөд тусалдаг 8 муу зуршил

1 Нэг асуултаа дахин дахин асуух

Бага насны хүүхдүүд нэг асуултаа өдөрт олон удаа давтан асуух тохиолдол элбэг байдаг. Энэ нь хамгийн тэвчээртэй эцэг эхийг хүртэл бухимдуулахад хүргэдэг билээ. Гэвч хүүхэд нэг асуултаа зүгээр ч нэг байнга асуугаад зогсохгүй, үргэлж хариулт шаардаж байдаг. Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ нэгэн хэвийн асуултаас залхаж, хариулахгүй байснаар хүүхэд ихээхэн сэтгэлээр унадаг байна.

Үүний учир нь юу вэ?

Хүүхдийн хувьд нэг асуултаа давтан асуух нь тухайн үг (хариулт) ямар тохиолдолд, хэрхэн хэрэглэгдэж байгаа мөн цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан утга санаа нь яаж өөрчлөгдөж байгааг ажиглах хамгийн тохиромжтой арга юм. Үүний хажуугаар тэд давхар үгийн дуудлагад анхаарч, ажиглаж байдаг.

Яах хэрэгтэй вэ?

Энэ үед эцэг эхчүүд давтан асуух нь хүүхдийн хувьд ярих чадварыг эзэмших сургуулилт байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс хүүхдээ байнга дэмжиж, асуулт бүрт нь хариулахыг эрмэлзээрэй. Харин асуултад нь хариулахгүй байснаар хүүхдийн тань төлөвшилтөд сөргөөр нөлөөлөх болно.

Нэг асуултаа дахин дахин асуух

2 Үргэлж “үгүй” гэж хэлэх

Таны хүүхэд маш төлөв даруу, дуулгавартай хэрнээ гэнэт өөрийнхөөрөө зүтгэдэг болчихсон уу?

Яагаад гэвэл?

Хүүхэд нярай үедээ өөрийгөө эцэг эхтэйгээ цаашлаад ертөнцийн бүх юмс үзэгдэлтэй нэгэн цул гэж ойлгодог. Харин хоёр наснаас хойш тусдаа, бие даасан хүн болохоо ухамсарлаж эхэлдэг байна. Үүний үр дүнд түүнд “би” төлөвшилт сууж, өөрийгөө илэрхийлэх сэдэл төрдөг аж. Яг энэ үеэс хүүхдийн “Үгүй” гэж хэлдэг үе эхэлдэг байна. Энэ үе нь ихэвчлэн 2 нас 5 сартайгаас 3 нас хүртэл үргэлжилдэг.

Энэ үед анхаарах зүйлс:

Эцэг эхчүүд хүүхдээ юм л бол “Үгүй” гэж зөрүүдлэх үед нь тэвчээртэй байж, түүнийг нь таслан зогсоох гэж оролдох хэрэггүй. Харин хүүхдэдээ өөрөө шийдвэр гаргах, бие даасан байх боломжийг нь олгох хэрэгтэй. Жишээ нь, цэцэрлэгтээ юу өмсөж явахаа хүүхэд тань өөрөө шийдэхийг зөвшөөр. Ингэснээр таны хүүхэд илүү өөртөө итгэлтэй болж төлөвшинө.

Үргэлж “үгүй” гэж хэлэх

3 Шөнийн цагаар сэрэх

Хүүхдийн тань унтах, сэрэх цаг нь тогтмол, хэвийн байснаа гэнэтхэн шөнийн 3 цагт сэрж, уйлдаг болчихсон уу? Цаашлаад энэ нь зуршил болчихвол бүр ч асуудал үүслээ л гэсэн үг.

Яагаад ингэдэг вэ?

Нойрны эмгэг нь ихэвчлэн сэтгэл хөдлөл болон өдрийн турш шинэ мэдээлэл авснаас бий болдог. Хэрвээ хүүхэд тань шөнө унтах дургүй болсон бол энэ нь магадгүй орой нь хүчтэй сэтгэл хөдлөлд автсанаас болсон байж болно. Мөн заримдаа хүүхэд шинэ ур чадвар эзэмших үедээ нойргүйддэг байна. Сэтгэл судлаачдын үздэгээр хүүхэд тэрхүү шинэ ур чадвараа улам гүнзгийрүүлэхийн тулд нойроо хасахад ч бэлэн байдаг аж.

Яах ёстой вэ?

Хүүхэд тань шөнө сэрэхэд бухимдаад хэрэггүй. Харин хамтдаа цагийг өнгөрөөж, магадгүй үлгэр ярьж өгч болох юм. Ингэснээр хүүхэд тань тайвширч, буцаад унтах болно.

Шөнийн цагаар сэрэх

4 Дуулгаваргүй болох

Та хүүхдээ өглөө эрт цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явах хэрэгтэй гэж бодъё. Гэтэл хүүхэд тань өглөө босчхоод шүдээ угаахгүй, өглөөний цайгаа ч уухгүй байх үе бий юу?

Яагаад ингэдэг вэ?

Сэтгэл зүйч Жон Готтманы хэлснээр хүүхдийн зөрүүд үйлдэл нь тоглох хүслээс үүдэлтэй аж.  Учир нь хүүхдийн хувьд тоглох нь дэлхий ертөнцтэй танилцах гол арга зам нь байдаг.

Яах ёстой вэ?

Юуны түрүүнд хүүхдэдээ тоглох цагийг нь гаргаж өгөхийн тулд, арай эрт сэрээж болно. Тухайлбал, өглөө цэцэрлэгт явахаас нь өмнө 15-20 минут тоглуулахад хангалттай байдаг.

Дуулгаваргүй болох

5 Шалтгаангүйгээр уйлах

Та хүүхдээ хүүхэлдэйн кино үзэхийг хориглосноос болж хүүхэд тань уйлж, хашхирч байна уу? Гэтэл энэ нь ердөө л эцэг эх нь өмнөх өдөр нь завгүй байхдаа хүүхдээ саатуулахын тулд өөрөө хүүхэлдэйн кино тавьж өгснөөс буруу зуршил руу хөтөлсөн байдаг.

Яагаад гэвэл:

Хүүхдүүдийн хувьд нэгэнт хийж үзсэн зүйлээ заавал дахин хийх ёстой мэт санадаг. Жишээ нь, өмнөх өдөр нь 3 цаг зурагт үзсэн бол, маргааш нь ч мөн үзэх ёстой гэж боддог байна. Гэтэл эцэг эхчүүдийн аль нэг өдөр нь өөрсдөө зурагт тавьж өгчхөөд, маргааш нь үзэхийг хориглох үед хүүхдүүд нөхцөл байдал яагаад өөрчлөгдөөд байгааг ойлгодоггүй байна.

Яах ёстой вэ?

Заримдаа өөрөө хийлгэчхээд, заримдаа хориглох зэргээр хүүхдийнхээ толгойг эргүүлэх хэрэггүй. Харин аливаа дүрэм журмыг эцэслэн тогтоож, түүнийгээ тогтвортой сахиулаад үзээрэй.

Шалтгаангүйгээр уйлах

6 Юм шидэх, онгичих

Таны хүүхэд харандаа, тоглоом зэргээ шал руу шидээд, буцааж авч өгтөл тань уйлдаг уу?

Яагаад гэвэл:

Нэгдүгээрт, хүүхдийн тархи бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг тул үйл хөдлөл нь байнга хувиран өөрчлөгддөг бөгөөд үүнийгээ хянаж чаддаггүй. Хоёрдугаарт, юм авч шидэх нь хүүхдэд өөрийн нүд, гар хоёрын хоорондох хэвийн үйл ажиллагааг хянаж, зохицуулж сурах дасгал болж өгдөг. Гуравдугаарт, хүүхэд аливаа эд зүйлийг авч шидээд, буцааж хүнээр авахуулахдаа аливаа зүйлсийн учир шалтгаан, үр дүнг танин мэдэж байдаг.

Яах ёстой вэ?

Ямар зүйлийг шидэж болдог, ямар зүйлийг шидэхэд аюултай болохыг тайлбарлаж, ойлгуулахыг оролдоорой. Гэвч ихэвчлэн 2-оос дээш насны хүүхэд үүнийг өөрөө аль хэдийн танин мэдсэн байх нь бий.

Юм шидэх, онгичих

7 Хоол идэхгүй байх

Хүүхэд тань хоолны дуршил сайтай байснаа гэнэт дуртай хоолоо хүртэл идэхээ больчихсон уу?

Яагаад гэвэл:

Хүүхдийн эмч нар үүний шалтгааныг ядаргаа, шүд ургах эсвэл зүгээр л тоглох хүслээс болдог хэмээн тайлбарлажээ. Гэвч зарим судалгаагаар шинэ бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг нь хүүхдийн хоолны дэглэмд нөлөөлж болохыг харуулсан байна. Хүүхэд ихэвчлэн өөрийн таньж мэдсэн, тогтсон зуршилдаа дуртай байдаг бөгөөд шинэ зүйл идэх нь тэднийг айлгадаг байна. Тиймээс та хүүхдээ заавал хоол идэхийг шаардсанаар нөхцөл байдлыг улам дордуулах болно.

Яах ёстой вэ?

Хэрвээ хүүхэд тань хоол идэхийг хүсэхгүй байвал хүчлэх хэрэггүй. Учир нь хүүхэд 2 настайгаасаа цатгалан эсвэл өлсөж байгаа эсэхээ мэддэг болдог. Тиймээс санаа зовох хэрэггүй. Хүүхэд тань өлсвөл тэд өөрсдөө хоолоо хүссэн хүсээгүй иднэ.

Хоол идэхгүй байх

8 Байнга зөрүүдэлж, уйлах

Хүүхдүүд эхлээд зүгээр л хүссэн зүйлээ авахын тулд уйлж байснаа сүүлдээ хяналтаа алддаг. Тэр тусмаа олон нийтийн газар ингэх нь бүр ч хэцүү билээ.

Яагаад ингэдэг вэ?

Байнгын уйлж, зөрүүдлэх шалтгааныг тогтоох хэцүү. Гэвч энэ нь ихэвчлэн ядаргаа, сэтгэл санааны хэт ачаалал, өлсгөлөн зэргээс үүдэж болдог. Заримдаа хүүхэд шинэ тоглоом худалдаж авч өгөхөөс татгалзсанаас болж, өдөржин уйлж, өөр зүйлд сатаарахгүй байх үе бий. Энэ нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоо гүйцэд боловсорч амжаагүй байдаг тул зарим тохиолдолд тэд өөрсдийгөө хянаж чадахаа больдогтой холбоотой юм.

Яах ёстой вэ?

Хүүхдээ дөнгөж уйлж эхлэхэд өөр зүйлд анхаарлыг нь хандуулахыг хичээгээрэй. Эсвэл бүр огт тоохгүй орхиод, өөрөө тайвшрахыг нь хүлээсэн ч болно.

Байнга зөрүүдэлж, уйлах

Бонус: Хүүхдийн хэт их сэтгэл хөдлөлийг хэрхэн дарах вэ?

Америкийн эрдэмтдийн баг судалгаа явуулж, ном чангаар уншиж өгөх нь хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Учир нь судалгааны явцад хүүхдэдээ чангаар ном уншиж өгдөг эцэг эхчүүдийн хүүхэд нь илүү тайван, тогтвортой ааштай байдаг нь ажиглагдсан байна. Үүнийг эрдэмтэд хүүхэд аливаа үлгэр, түүхийг сонсож эхлэх үед зан үйл, сэтгэл хөдлөлөө хянах чадвартай болдогтой холбоотой гэж тайлбарласан юм.

Бонус: Хүүхдийн хэт их сэтгэл хөдлөлийг хэрхэн дарах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()