1
Марлон Брандо /Marlon Brando/
"Загалмайлсан эцэг" киногоороо олонд танигдсан жүжигчин Марлон Брандо бөмбөр тоглох дуртай байжээ. Марлон амьдралынхаа төгсгөлд шинэ төрлийн "конга" бөмбөр зохион бүтээж, патентжуулжээ. Тэрээр ингэхдээ бусад бөмбөр шиг дээд хэсгийг нь 6 эрэг шургаар тоноглохын оронд, доод талд нь ганцхан хөшүүрэг хийсэн байна. Брандо 2002 онд л гэхэд өөрийн бөмбөр тоноглох системээр дөрвөн патент авчээ.
Харамсалтай нь тэрээр 2004 онд, өөрийнх нь бүтээлүүд үйлдвэрээс гарахыг харах чин хүсэл нь биелэхийн өмнө нас барсан юм. Хожим 2011 онд бөмбөрчин Пончо Санчес Брандогийн бөмбөрүүдийн нэгийг авч тоглосон байдаг. Дараа нь Пончо сэтгэгдлээ хэлэхдээ “Энэ бөмбөр үнэхээр сайхан сонсогддог. Гэсэн ч энэ төрлийн бөмбөр үйлдвэрлэхийн тулд маш их хөрөнгө орох болно” хэмээн хэлж байжээ.
2
Майкл Жексон /Michael Jackson/
Попын хаан Майкл Жексон 1987 онд гаргасан "Smooth Criminal” дууныхаа клипний зураг авалтын үеэр, урагшаа эгц бөхийдөг хэсэг дээр унахгүйн тулд кабелын утас ашиглажээ. Ингэхдээ кабелын утсаар бэхэлгээ хийж, бүсэлхий хэсэгтээ холбосон байна. Мөн тэрээр гутлынхаа өсгийнд нүх гаргаж, тайзны шалтай холбосноор тухайн хөдөлгөөнөө уналгүй хийх систем зохион бүтээжээ.
Ингэснээр Жексон дэлхийн татах хүчийг “ялж” улмаар клипнийхээ зураг авалтыг амжилттай дуусгасан байна. Харин тайзан дээр амьдаар тоглох үедээ үүнийгээ ашиглах боломжгүй юм. Учир нь кабелын утсаа холбож, салгах зэрэг гар ажиллагаа ихтэй тул тус хөдөлгөөнөө тайзан дээр хийх боломжгүй байсан аж.
Жексон энэ аргаа 1993 онд Майкл Буш, Деннис Томпкинс нарын хамт патентжуулсан байна.
3
Флоренс Лоуренс/ Florence Lawrence/
Флоренс Лоуренс бол дэлхийн анхны кино од юм. Тэрээр 1906 онд кинонд тоглож эхэлсэн бөгөөд удалгүй "Biograph" студид захирал Д.В. Грифитийн /D.W. Griffith/ удирдлага дор ажиллаж эхэлжээ. Хэдийгээр тэдний бүтээсэн ихэнх кинонууд итгэмжлэгдээгүй ч, өөрийн гэсэн үзэгч, дэмжигчидтэй болсон бөгөөд Лоуренс “Biograph-ийн охин” гэх нэрээрээ олонд танигдсан юм.
Харин тэрээр 1914 онд өнөөгийн замын хөдөлгөөний салшгүй нэгэн хэсэг болсон автомашины баруун, зүүн тийш эргэх дохиог зохион бүтээжээ. Лоуренс “Би автомашины эргэх дохио зохион бүтээсэн. Та бүхэн үүнийг ашиглахын тулд дохионы товчлуурыг дээш нь эсвэл доош нь түлхэхэд л хангалттай. Харин тоормосоо гишгэх үед дохио автоматаар унтрах болно ” хэмээн хэлж байжээ.
Гэвч Лоуренс бол энэ төхөөрөмжийг бүтээсэн анхны хүн биш, тийм ч учраас патент авч чадаагүй байна. Харин түүний ээж Чарлоттэ Бридгвүүд /Charlotte Bridgwood/ 1917 онд автомашины салхины шил зохион бүтээж, патентжуулжээ.
4
Принц /Prince/
Принц хэмээх нэрээрээ олонд танигдсан ч, хогжим “Purple Rain” кинонд тоглож, цомог гаргаснаас хойш "Purple One" нэрээрээ алдаршсан дуучин, хөгжмийн зохиолч тэрээр гитарын өөр нэгэн хувилбар болох "кэетарыг" зохион бүтээжээ.
Гэвч тэрээр өөрийн зохиосон хөгжмийн зэмсгийг хэзээ ч тоглож байгаагүй юм. Харин хөгжимчин Томми Барбареллагаар /Tommy Barbarella/ тоглуулдаг байжээ. Принц тус хөгжмийнхөө патентийг 1994 онд Принц.Р.Нелсон гэх өөрийнхөө нэр дээр бүртгүүлжээ.
5
Хэди Ламар/Hedy Lamarr/
1940 оны есдүгээр сард Германы усан онгоц Английн тээврийн онгоцыг живүүлж, тус онгоцоор Канад руу нүүн шилжиж байсан 262 хүн нас барсан бөгөөд тэдний 87 нь хүүхдүүд байжээ. Тухайн үед Хэди Ламар Холливудын хамгийн алдартай оддын нэг байсан бөгөөд энэ хэрэгт ихэд эмзэглэж, хэрхэн шумбагч онгоц руу халдаж болох алсын удирдлагатай усан пуужин-торпедог зохион бүтээх талаар бодож эхэлжээ.
Хэдигийн нөхөр нь 1937 онд Австриас зугтаж ирсэн армийн дилер Фритз Мандлтай /Fritz Mandl/ гэх залуу байсан тул тэрээр бүтэлгүй гэрлэлтийнхээ үеэр нөхрөөсөө зэвсэглэл, радио давтамж, торпедо зэргийн талаар их юм сурсан байна.
Ингээд Хэди өөрийн найз, хөгжмийн зохиолч Жорж Антилетэй /George Antheil/ хамтран 88 өөр давтамжтай дууны хяналтын дохио бүхий торпедо зохион бүтээжээ. Тэд энэ бүтээлийнхээ патентийг 1942 онд авсан байна.
Хэдийгээр тэдний патент 1959 онд дуусгавар болсон ч, тэдний бүтээлийн арга барил нь цаашид өргөн-спектрийн систем хэмээн алдаршиж, өнөөгийн "wifi" сүлжээ болон өргөн ашиглагдаж байна. Ламар 2000 онд нас барснаасаа хойш жүжигчин, зохион бүтээгч хэмээн дуурсагдах болсон юм.
6
Жак Жонсон/ Jack Johnson /
Жак Жонсон бол 1908 онд буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ноёлож байх үед, хүнд жингийн боксын дэлхийн аварга болсон анхны хар арьст хүн юм.
Тэрээр 1912 онд өөрийн цагаан арьст найз бүсгүй Люсилл Камерон /Lucille Cameron/-той төрийн шугамаар, хууль бус зорилгоор гэрлэсэн хэмээн баривчлагджээ. Жонсон шүүхээс нэг жилийн хорих ял сонссон ч, найз бүсгүйтэйгээ хамт Европ руу зугтсан байна.
Гэхдээ Жонсон 1920 онд Америкт буцаж ирээд, Канзас мужид ялаа эдэлжээ. Тэрээр шоронд байх үедээ эрэг чангалах түлхүүр зохион бүтээсэн бөгөөд 1922 онд патентаа авсан байна.
7
Эдди Ван Хэйлен/ Eddie Van Halen /
Ван Хэйлен рок хамтлагийн гоцлол дуучин Эдди Ван Хэйлен гайхалтай дуучин төдийгүй, шинэ бүтээл үйлдвэрлэж, гурван ч патент авсан байна. Түүний 1984 онд гаргасан цомог нь амжилт авчирч, 1985 оноос ихэнх шинэ санаагаа гаргаж эхэлжээ. Мөн түүний зохиосон “хөгжмийн зэмсгийн туслах хэрэгсэл” нь гитарыг тухайн хөгжимчний бүсэлхийтэй холбосноор гарыг чөлөөтэй байлгах боломж олгодог аж. Тэрээр “Үүний тусламжтайгаар хөгжимчид урьд нь хэний ч сонсож байгаагүй, хөгжмийн шинэ техникийг зохиох боломж чөлөөтэй болж байгаа юм” гэж хэлж байжээ.