1
Эмчлэх
Сандарсан ээж нар хүүхдээ бага зэрэг ханиах, хамар нь шуугьж эхлэхэд л шууд ямар нэгэн эм бэлдмэл өгөх гэж яардаг. Заримдаа эмч нарын бичсэн эм ээж нарт таалагдахгүй үед тэрээр найз, эмээ, ээжийнхээ зөвлөснөөр дур мэдэн эмийг өөрчилдөг. Хүүхдээ ханиад хүрсэн тохиолдолд гадаа гарахыг нь хориглож, олон давхар хувцас өмсгөж, бүх цонхоо хаах нь ч бий.
Харин аав нар энэ тал дээр хамаагүй тайван ханддаг гэнэ. Энэ нь тэд хүүхдийнхээ эрүүл мэндийн байдалд санаа зовохгүй байна гэсэн үг биш бөгөөд бага зэргийн хамрын ханиад төвөггүйгээр эдгэрэх боломжтой гэдгийг тэд мэднэ. Үүнээс гадна тэд хүүхдээ өвдсөн үед нь хүчээр унтуулах гэж хэвтүүлдэггүй. Тиймээс зарим тохиолдолд аавынхаа зөвлөгөөг дагаад үзээрэй.
2
Дархлаажуулалтын вакцин хийхгүй байх
Заримдаа ээж нар цахим сүлжээнээс төрөл бүрийн мэдээлэл уншсанаас болж хүүхдэдээ товлосон дархлаажуулалтыг хийхээс татгалздаг. Учир нь зарим хүүхдэд вакцин хийх үед хүндрэл гардаг. Харин аав нар дархлаажуулалтын тал дээр нэлээд хатуу байр суурьтай байдаг. Ихэнх аавууд эмч хийх хэрэгтэй л гэсэн бол заавал хийх хэрэгтэй гэсэн дүрмийг баримтална. Тэд ээжүүдэд вакцин хийх нь хүүхдийн ирээдүйд тустай гэдгийг тайлбарлаж, ойлгуулж өгдөг байна.
3
Хооллох
Хүүхдээ сайн хооллохыг хүн бүр хүсдэг хэдий ч ээжүүд хоолыг нь хэтрүүлэн өгөх тохиолдол гардаг. Ингээд хүүхдийн жин бага зэрэг буухад эсвэл сүүлийн саруудад жин нэмээгүй бол ээж нар сандарч их хэмжээгээр хоол өгч эхэлдэг.
Харин аавууд зөвхөн хүүхдийн хүслийн дагуу хооллохыг эрмэлздэг бөгөөд хүүхдэдээ шахаж хоол өгдөггүй. Магадгүй хүүхэд тань өлсөөгүй зүгээр л танд тэврүүлэхийг хүссэн байж болно. Тиймээс хүүхдээ хооллохдоо тодорхой цагийг баримталж байх хэрэгтэй.
4
Хүүхдээ төрөл бүрээр хөгжүүлэх
Ээж нар хүүхдээ төрөл бүрийн авьяастай болгохын тулд усанд сэлэлт, уран зураг, англи хэл гээд л өөрт нь таалагдсан бүхий сургалт дамжаанд явуулахыг оролддог. Үүнээс гадна найзынхаа зөвлөснөөр эрт сургуульд өгөх үе ч гарна. Гэхдээ энэ бүхнийг хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлэхийн тулд хийж байгаа бол сайн л байна. Зарим ээж нар найзууддаа гайхуулахын тулд хүүхдээ төрөл бүрийн дугуйлангаар шахах нь бий.
Аав нарын хувьд олон төрлийн сургалт, дамжаа, секцэнд хүүхдээ явуулахыг боддоггүй. Харин тэд тодорхой нэг, хоёр зүйлийг сонгож, тухайн зүйлдээ үргэлж явуулахыг хичээдэг бөгөөд энэ нь ч амжилтыг авчирдаг юм. Ингээд хэсэг хугацааны дараа таны хүүхэд амжилтыг гаргаж, манлайлж эхэлнэ.
5
Хамгаалагч
Хүүхдээ өмөөрч, хамгаалах нь ээжүүдэд илүү ажиглагддаг. Ээжүүд хүүхдэдээ хэт их анхаарал тавьж халуун байхад түүнийг өлгийдөж, зузаан хувцаслах эсвэл гүйх, үсрэх зэргийг нь хориглодог. Боломжтой л бол үргэлж хажуудаа байлгахыг хичээдэг.
Харин аав нар хүүхдүүдээ илүү чөлөөтэй байхыг эрмэлздэг. Хааяа нэг хөхрөх, унах, жижиг бэртэл авах нь энгийн үзэгдэл гэж тэд ойлгодог. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ арга нь хүүхдийг өөртөө итгэлтэй, бие даасан болоход тустай гэжээ.
6
Зөвхөн хүүхдэдээ анхаарал хандуулах
Заримдаа эмэгтэйчүүд өөрийн бүх цаг завыг хүүхдэдээ зарцуулж, өөрийгөө умартаж орхидог. Ээж нар ихэнхдээ хүүхдийнхээ дуртай хүүхэлдэйг үзэж, дуртай номыг нь уншиж, зөвхөн хүүхдэдээ таалагдах тоглоомыг худалдаж авдаг байна. Хүүхдийнхээ хүсэхгүй байгаа зүйлийг хийх нь ээж нарын хувьд байж боломгүй зүйл мэт санагддаг.
Харин аав нарын хувьд өөрт таалагдсан тоглоомоо худалдан авч хүүхэдтэйгээ хамт тоглох нь энгийн үзэгдэл. Мөн тэд өөрийнхөө дуртай хүүхдийн киног хүүхэдтэйгээ хамт үзэж, заримдаа тоглоомыг нь булаацалдаж тоглох нь ч бий. Хүүхдээрээ унагасан удирдлагаа авахуулах нь аав нарын хувьд байдаг л зүйл юм.
Та хүүхдийнхээ хайртай ээж аав нь болохоос биш зарц нь биш гэдгийг санаарай.