1
Болгар
Хар далайн эрэг дээр амаръя гэвэл байгалийн үзэсгэлэнт газар элбэгтэй, дээр нь нутгийн иргэд бүгд шахуу оросоор ярьдаг, амралт сувилал их хөгжсөн орон болох Болгарыг зориорой. Хамгийн хямд зардалтайгаар аялж болох европын орон бол Болгар яах аргагүй мөн. Байр сууц, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тэнд Оросоос ч хямдхан байдаг.
Эртний хотууд, цайз бэхлэлтүүд, сайн дарс, далайн эрэг, нөхөрсөг иргэд гээд европын бүхий л сайхан зүйлсийг багтаасан орон бол Болгар гэдгийг битгий мартаарай.
2
Энэтхэг
Энэтхэг бол ёстой юм юм үзэж болох эрс тэс амьдралтай улс. Нэг талаас жуулчдын хараа, сэтгэл зүрхийг булаахуйц байгалийн үзэсгэлэн, амтат хоол, түүх соёлын дурсгалууд байхад нөгөө талд нь ядуусын хороолол дахь хүний наад захын хэрэглээгээр гачигдаж байгаа буурайчууд тааралдана. Гэхдээ нэг давуу тал нь нэр алдартай, гаднынхныг татдаг газруудаас холдох тусам өртөг хямдардаг. Хоол хүнс тээвэр гээд ер нь бүхий л үйлчилгээ хямд тусдаг.
Энэтхэгийг хоолны арвин соёлтой орон гэдгийг та бид мэднэ. Маш хямд үнээр амттай бөгөөд арвин хоол идэж болдгоороо энэ улсад аялах нь давуу талтай. Жишээлбэл, "тали" гэх махны цуглуулгатай уламжлалт хоолны үнэ дунджаар 100-аад рупи буюу 3000-4000 төгрөг байдаг. Байр сууцын хувьд та хинду шашны уламжлалт "ашрам" сүмүүдэд үнэгүй байрлаж итгэмээргүй хэмнэлт хийх боломжтой. Мөн Энэтхэгт дундаж зочид буудлын хоёр хүний өрөө ойролцоогоор шөнийн 200 рупи байдаг.
3
Гүрж
Гүржүүдийн зочломтгой зангийн талаар сонсоогүй хүн үгүй биз ээ. Та хаана ч очсон тэнд өөрийг тань удаан уулзаагүй төрөл садан, дотнын анд шигээ л угтаж авна. Мөн Гүрж улс байгалийн болон түүхийн дурсгалт газар олонтой, түүгээр аялахад тийм ч үнэтэй биш.
Та ганцаараа аялахыг хүсэж байгаа бол хөтөч таны хаана зогсох, үлдэх гээд бүхий л маршрутыг таны хүссэнээр өөрчилж өгнө. Хоол хүнсийг өөрөө бэлтгэвэл хамгийн хямд тусна. Эсвэл нутгийн талх, гамбир, хачапури, хуушуураар хооллоод явж болно. Долоо хоног ингэж явахад 250-300 лари буюу 30 мянган төгрөг л болно.
4
Мальт
Хавар цагт Мальт явбал тун зүгээр. Мальт нь Италийн арвин соёл дээр Английн эрхэмсэг чанарыг нэмчихсэн юм шиг орон гэхэд болно. Түүнээс гадна жуулчдыг татдаг хамгийн гол зүйл нь гоёмсог цавчим хад асга, том агуй, номин цэнхэр нуур цөөрөм бүхий тансаг сайхан байгаль юм. Ийм болохоор тэнд хуурай газраар ч, усаар ч аялж болно.
Мальтын бас нэг сайхан зүйл бол өдөр шөнөгүй болж байдаг концерт, жүжиг, урлагийн наадам бөгөөд тэдгээрийн үнэ нь дунджаар 15-20 евро. Музей нь 5-10 еврогийн үнэтэй. Бас ийм үнээр тухтай газар үдийн зоог барихад элбэг хүрэлцэнэ.
5
Лаос
Лаост өвлийн цагт амрахад хамгийн тохиромжтой. Учир нь тэнд өвөл нь халуун ч биш, хүйтэн ч биш, яг тохирсон тааламжтай цаг агаартай байдаг болохоор байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж зугаалахад зүгээр.
Лаос нь хэл соёл, барилга, түүхийн дурсгалт газруудаараа Тайланд улстай тун төстэй. Харин хоол нь арай хурц амттай мөртлөө илүү хямд байдаг. Нутгийн уламжлалт шөл, шорлог, зуушнаас бүрдсэн цогц зоогийг ердөө 5-10 доллараар идэж болно. Зочид буудал нь 30-50 доллар бол айлын түрээсэлдэг сууц бол 10-15 доллар л байдаг. Хот хоорондын автобусны тасалбар 1-5 доллар. Ер нь Лаост үнийн олон хувилбар бий.